sonin.mn
Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа өнгөрөгч сарын 26-ны өдөр Улаанбаатарын цагаар 09 цаг 57 минутад Антарктид тивийн Вилсон Массиф  /далайн төвшнөөс дээш 4897 метр/ ууланд гарчээ.
 
Ингэснээр тэрбээр дэлхийн хамгийн өндөр долоон оргилд авирсан анхны Монгол уулчин болж байна.
Гавьяат тамирчин маань өнгөрөгч бямба гарагт эх орондоо ирнэ гэж байсан ч нислэг хойшилсны улмаас өчигдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Тиймээс өнөөдөр тэрбээр хэвлэлийнхэнтэй уулзаж, энэхүү баярт мэдээгээ дуулгалаа. 
 
Тэрбээр анх 2011 онд Эверестэд гарсны дараа “Seven summit” буюу дэлхийн алдартай оргилуудад авирах хүсэлд автсан байна. Тухайн үед түүнд Антарктид тивийн ноён оргил Винсон Массиф ууланд авирах хүсэл төрж байсан ч давхар айдас төрж байсан гэнэ.
 
Энэхүү авиралтыг нөхцөлдүүлсэн нэг хүчин зүйл бол түүний өмнө нь авирч байсан оргилууд байжээ.  Ингээд өнгөрсөн сарын 22-нд авиралтаа эхлүүлсэн ба энэхүү оргилд хүрэхийн тулд нийт 4 хоног зарцуулсан байна. Түүний авиралтын хугацаанд Антарктидын уур амьсгал маш хуурай, хамгийн дулаан үетэй таарсан ч тэсгим хүйтэн байсан байна. Өөрөөр хэлбэл, оргил дээр удаан байх нөхцөлгүй байжээ. Тухайн үед их ядарсан байсан ч оргил дээр гарсан даруйдаа зургаа авч баталгаажуулж амжсан байна. Мөн ивээн тэтгэгч байгууллагуудынхаа далбааг баримтжуулахаас өөр бодол түүний толгойд орж ирээгүй гэж гавьяат тамирчин маань ярьлаа.
 
Түүний аяллын ивээн тэтгэгчээр Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялалын жуулчлалын яам, Монголын үндэсний олимпын хороо, “Миг даатгал” компани, “Монголиа экспедишнс” аялал жуулчлалын компани зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна.
 
Тэрбээр энэ аяллаа хойд хөршийн уулчидтай хамт хийжээ. Тодруулбал, ОХУ-ын “7 summits” клубын монгол орос нийлсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг авиралтыг хийсэн байна. Багийн бүрэлдэхүүнд Эверестэд долоон удаа, Винсон Массифт 15 дахь удаагаа авирсан “Seven summit” клубын Ерөнхийлөгч Алех Абрамов орж, багаа удирджээ. Тэрбээр оросуудтай хамт аялсандаа сэтгэл дүүрэн үлдсэн байна. Одоо түүний хувьд нийт авиралтуудаараа ном бичих төлөвлөгөөтэй байгаа аж.
 
 
Түүний өмнөх амжилтуудыг дурдвал,
-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
-2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
-2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4884 м) оргилуудад тус тус авирсан ба энэ удаагийн Винсон Массиф уул нь түүний "Долоон оргил”-ын сүүлийн авиралт байв.
Одоогийн байдлаар дэлхийн 61 улсын 416 уулчин дэлхийн хамгийн өндөр долоон оргилд гараад байна.
 
Б.Гаваа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг