sonin.mn
БРАЗИЛИА./Бразил болон Колумб улсын шигшээ багууд нисэх онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд туслах зорилгоор хандивын нөхөрсөг тоглолт хийхээр тохиролцсон байна.
 
11 дүгээр сарын 29-ны өдөр болсон ослын улмаас 71 хүн амиа алдсанаас 19 нь Бразилын "Шапекоэнсе" клубын хөлбөмбөгчид байсан билээ. Тус багийнхан Өмнөд Америкийн цомын төлөөх шувтаргын тоглолтод Колумбын "Атлетико Насьональ" клубтэй тоглохоор Колумб руу явж байв.
 
Бразилын Хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Дуглас Лунарди-гийн хэлснээр, Бразил-Колумбын нөхөрсөг тоглолт 2017 оны 1 дүгээр сарын сүүлчээр болох ажээ. Харин хаана болохыг "Шапекоэнсе" клубын удирдлага шийдэх юм. Тоглолт тус клубын 22 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн эсвэл 78 мянган үзэгчийн суудалтай “Маракана” цэнгэлдэх хүрээлэнгийн аль нэгэнд болох болов уу.   
 
Д.Лунарди хэлэхдээ, Бразилын Хөлбөмбөгийн холбоо 1,5 сая долларыг "Шапекоэнсе" клубт тусламж болгон өгсөн байна.
Түүнээс гадна Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо /КОНМЕБОЛ/ тус клубыг цомын аваргаар тодруулсан билээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг