sonin.mn
Монголын биатлоны холбооны урилгаар Олон улсын биатлоны холбоо /ОУБХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын биатлоны холбооны дэд ерөнхийлөгч Виктор Майгуров, ОХУ-ын биатлоны холбооны гүйцэтгэх захирал Сергей Костин нар Төв аймагт баригдах биатлоны спортын бэлтгэлийн төвийн орчин нөхцөлтэй танилцахаар иржээ.
 
Өчигдөр төлөөлөгчдийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзан талархал илэрхийлж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. Энэ үеэр Викто Майгуров манай оронд баригдахаар төлөвлөж буй газар нь орчны хувьд нэн тохиромжтойн дээр, Пёнчан-2018, Бээжин-2022 Олимпийн наадам нь Ази тив, Монгол улстай тун ойр болохын хувьд гадны тамирчид урьдчилж бэлтгэл хийх, цаашлаад Монголын биатлоны хөгжилд өндөр ач холбогдолтойг онцолсон юм.
 
Одоогоор ОУБХ-нд Украин, Беларусь зэрэг орнууд Ази тивд бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор хангаж өгөхийг хүссэн байна. Ийм үед манайд бэлтгэлийн төвтэй болох нь үнэхээр ач холбогдолтой.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг