sonin.mn
"Чингис Хаан-Улаанбаатарын цом 2016" боксын олон улсын тэмцээн 10 дугаар сарын 18-22-нд Спортын төв ордонд амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа.
 
Олон улсын сонирхогчдын боксын холбоо буюу AIBA-гийн албан ёсны хуваарьт багтсан тус тэмцээнээс манай баг тамирчдаас 6 боксчин алтан медальтан болов. Монголын боксын холбоо AIBA-гийн дэмжлэгийг авч чадсан уг тэмцээнийг сайн зохион байгуулсан бөгөөд тэмцээний ач холбогдол, нэр хүндийг өсгөхөд Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, нийслэлийн Засаг дарга Су.Батболд тодорхой дэмжлэг үзүүлсэн гэдгийг боксын спортынхон талархалаа илэрхийлж байв.
 
Улаанбаатарын тэмцээний талаар AIBA-гаас томилогдож ирсэн албаны төлөөлөгчид сэтгэгдэл өндөр байсан төдийгүй уламжлалт тэмцээн болгохыг тэд дэмжлээ. "Улаанбаатар цом" олон улсын тэмцээн бол 2000 оноос өмнө олон улсын боксчдод танигдсан, том тэмцээн байсан юм. Тэмцээнд Унгар, Сингапур, Узбекстан, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг зургаан улсын боксчид өрсөлдсөн бөгөөд “Токио-2020” олимпийн циклийг эхлүүлж байгаа тэмцээн гэдгээрээ онцлогтой байв.
 
Тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-д Х.Энхмандах (Монгол) тэргүүлж, Нордиржон Мирзахмедов (Узбекстан) хоёрт, Г.Ариунболд (Монгол), Гомбоев Батор (ОХУ) нар хүрэл медаль хүртжээ. Харин 52 кг-д А.Нурлан (Монгол) аваргалж, Аброржон Кодиров (Узбекстан), Мохамед Хамид (Сингапур), М.Гандулам (Монгол) нар удаалав.
 
Узбекстаны Абдулхая Шарахматов 56 кг-д тэргүүлж, О.Мөнхсайхан мөнгө, Э.Гансүх (Монгол), Чингиз Шарипов (ОХУ) нар тус тус хүрэл медаль хүртжээ. 60 кг-д. Э.Цэндбаатар алт, О.Батхүү мөнгө, Б.Мишээлт, Ханхаев Бимба Валериевич (ОХУ) хүрэл, 64 кг-д Б.Чинзориг алт, Г.Баярхүү мөнгө, Милан Фодор (Унгар), ДАШТ-ий мөнгөн медальт Элнур Авдулаймов (Узбекстан) нар тус тус хүрэл медальтан болов.
 
Харин 69 кг-д Ху Ричабилиге (БНХАУ), Фазлиддин Мелибоев (Узбекстан), Б.Мөн-Ирээдүй, О.Батзориг (хоёул Монгол) нар алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. 75 кг-д Израйл Мадримов (Узбекстан), Барабас Хегүй (Унгар), О.Олзбаатар (Монгол), Жилей Жан (БНХАУ) эхний байруудад шалгарлаа. Харин 81 кг Хан Жиюань (БНХАУ) алт, Ибрайм Телухан (Монгол) мөнгө, Х.Баярмөнх, Зухриддин Махкамов (Узбекстан) нар хүрэл медальтнаар тодорлоо.
Эмэгтэй боксчдыг жингийн дарааллаар танилцуулбал, 51 кг-д Турсуной Рахимова (Узбекстан ), Л.Алтанцэцэг, М.Нандинцэцэг Анита Боде (Унгар/ 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг, Д.Нандинсувд, Динозахон Одилжонова (Узбекстан), 60 кг-д Мафтуахон Мелиева (Узбекстан), Н.Оюун-Эрдэнэ, У.Шинэцэцэг, Н.Даваа, 69 кг-д  М.Мягмаржаргал, Шахноза Низамова (Узбекстан), О.Гэрэлгуа, Э.Эрдэнэтуяа нар жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
 
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг