sonin.mn
Гүрж улсын Батуми хотноо Дэлхийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн өчигдөр буюу лхагва гарагт эхэлсэн бөгөөд 8, 10, 12 насны ангилалд болж байна.
 
Энэ сарын 30-ны өдөр шилдгүүд тодорч тэмцээн өндөрлөнө. Энэ жилийн ДАШТ-д өсвөрийн дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга Е.Төгстөмөр, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Г.Амартүвшин нарын шилдэг 18 тамирчин өрсөлдөж байгаа юм.
 
ФИДЕ буюу Олон улсын шатрын холбоо 1951 оноос эхлэн залуучуудын ДАШТ, 1979 оноос өсвөрийн шатарчдын ДАШТ-ийг анх зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Манай өсвөрийн шатарчид 1984 оноос дэлхийн аваргад оролцож эхэлсэн бөгөөд одоогоор дэлхийн аваргын зургаан медальтан төрөөд байна.
 
Тодруулбал, 2001 онд анхны медалийг Б.Мөнгөнтуул авчирч байсан бол Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар дэлхийн аварга цолыг хүртээд байгаа.  Мөн Б.Мөнгөлзул, Е.Төгстөмөр нар мөнгө, А.Энхтуул хүрэл медаль хүртэж байсан. Анхны медалийн эзэн их мастер Б.Мөнгөнтуул тус тэмцээнээс хос медаль /мөнгө, хүрэл/ хүртсэн цорын ганц шатарчин юм.
 
Дашрамд сонирхуулахад, 2015 оны 10 дугаар сард Грекийн Халкидики хотноо болсон өсвөрийн шатарчдын ДАШТ-д манай 26 шатарчин өрсөлдсөн. Тэднээс охидын 18 насанд Ү.Үүрийнтуяа, 10 насанд Б.Мөнгөнзул нар шагналт IV байрт орж байсан нь хамгийн өндөр амжилт байв. Энэ тэмцээнд нийт 91 орны 1596 өсвөрийн шатарчид өрсөлдсөн юм.
 
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг