sonin.mn
Монгол Улсын аюулгүй байдлыг хангах хүчний  байгууллагуудын дунд жил бүр уламжлал болсон  "Мэргэн буудагч-2016" тэмцээн Зэвсэгт хүчний 311 дугаар ангийн Хужирбулан дахь буудлагын талбайд 10 дахь удаагаа боллоо. 
 
Уламжлалт тэмцээнд Зэвсэгт хүчин, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газар, ХХЕГ, ОБЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар болон “Сүлд” телевиз зэрэг 29 байгууллагын 35 баг тамирчид гурван төрлийн буугаар өрсөлдлөө.
 
Тамирчид бас гранат шидэлт, туухай өргөлт, олс таталтаар ч  авхаалж самбаа, эр зориг, хурд хүчээ сорив. Тэмцээний тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн баг тамирчид, хоёрдугаар байрыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн баг тамирчид, гуравдугаар байрыг Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн тамирчид эзэлсэн байна. Шилдэг мэргэн буудагчийн " Винтов СВД" төрөлд Ахмадын багийн Д.Будсүрэн аваргалсан бол " Гар буу ПМ"-ийн эрэгтэйчүүдийн төрөлд  ЦНС-ийн дэд хурандаа Б.Энхзоргол, эмэгтэйчүүдээс Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах ахлагч Ч.Хишигсүрэн нар тэргүүлэв. Мөн " Автомат буу АКМ"-ийн эрэгтэйчүүдээс "Сүлд" телевизийн Э.Бат-Орших, эмэгтэйчүүдээс Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлах ахлагч Н.Баяржаргал нар аваргалжээ.
 
Энэхүү тэмцээнийг Цэргийн нэгдсэн сургуулийн Галын бэлтгэлийн тэнхимийн дарга асан С.Цэрэнсодномын нэрэмжит болгосон бөгөөд хүчний байгууллагынхны хүсэн хүлээдэг уралдаан болсныг тэмцээнийг зохион байгуулагчид онцолсон юм. Энэ тэмцээний нэр хүнд өсч,  жилээс жилд оролцогчдын тоо нэмсээр байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг