sonin.mn
“Рио-2016” зуны олимпод сурвалжлагчаар ажилласан Ч.Ганбаттай ярилцлаа. Тэр Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн. Тиймийн учир бидний ярилцлага олимпод барилдсан бөхчүүд хэрхэн барилдсаныг гол болгов.
 
-Олимпийн сурвалжлагч нэр авсанд чинь баяр хүргэе. Хэд дэх олимпоо сурвалжлаад ирэв дээ?
 
-Гурав дахь олимпийг сурвалжиллаа. Урьд нь Лондон болон Сочи дахь цагаан олимпод зураг авлаа.
 
-“Рио-2016” зуны олимпийн онцлогийг хэлээч гэвэл...?
 
-Бразил орон манайхаас бүтэн 12 цагийн зөрүүтэй нь гол онцлог юм. Аргагүй л дээ. Бөмбөрцгийн эсрэг талд байгаа орон. Цагийн зөрүү их мэдрэгдэж байналээ.. Хоёр хоног нойр хүрэхгүй байсны 3-4 хоноод дасах янзтай. Жирийн бидэнд тэгж мэдрэгдсэн юм чинь тамирчдад бүр илүү нөлөөтэй байсан байх. Тэднийдээ хүйтэн улирал нь гэх ч +18-20 градусын дулаан монголчуудад юуны хүйтэн байхав.
 
-Лондонгийн олимпоос өөр нь гэвэл?
 
-Лондонг бодох юм бол гэдгийн урьд хэлэхэд хүмүүс нь найрсаг, сайхан л байна. Харин олимпийн ерөнхий зохион байгуулалт Лондонгийнхыг гүйцэхгүй мэт санагдсан шүү. Цаг агаар, хоол ундны хувьд бол өөлөх юмгүй л юм билээ.
 
-Манайх түүхэндээ олон тамирчинтай олимпод очлоо. Гагцхүү үр дүн, амжилтыг чамлалттай гэж олон түмэн үзэж байгаа. Тэгэхээс ч аргагүй том амлаж явцгаасан шүү дээ.
 
-Амласан гэж үү. Хэн амласан юм бэ?
 
-Тийм ээ. Том амлалттай явсан даа. Би хэлье. Олимпийн өмнөх цикл бүхэнд тамирчидтайгаа хамт байж, хүн бүрээр ялангуяа бөхийн төрөлд судлагаа хийсэн эрдэм шинжилгээний баг байна. Тэдний хйсэн судлагаанд манайхан олимпоос наад зах нь найман медаль авчирна гэж ярилцлага өгсөн. Бидний судлагаа бол маш үндэслэлтэй наймаас илүү медальтай ирэх боломж бий гэсэн ярилцлага манай сонинд гарсан шүү дээ.
 
-Нээрэн үү. Хэн тийм ярилц­лага өгсөн байх нь вэ?
 
-Доктор Л.Ням гэж заавал хэлүүлэх гээд байгаа юм уу?
 
-Өө, нээрээ бидэнтэй хамт Риод очсон хүн л дээ.
 
-Гэтэл тэр судлагааны дүн баримжаа алд дэлэм алдарлаа. Энэ юунаас болов?
 
-За Надиа ахаа. Энэ асуултад тэр хүнээс өөрөөс нь асуусан нь онох байх. Би даанч хэлэх юм алга.
 
-Чи бод л доо. Бээжин, Лондонгийн олимпод манайхан 20 гаруйхан тамирчинтай л явсан. 4-5 медальтай ирж байлаа. Бүр олимпийн хоёр ч аварга төрсөн. Гэтэл энэ олимпод 43 хүн яваад хоёр медальтай л ирлээ. Үүнийг амжилт гэж тооцох уу. Амжилт муу болсон гэвэл өөрөө дунд нь бужигнаж яваад ирсний хувьд нэгийг хэлэх ёстой.
 
-Заавал надаар дүгнүүлэх гээд байх юм. Би ерийн зурагчин хүн. Зургаа л авсан үүрэг минь ч тэр. Гэхдээ бодлоо хэлэхэд манайхан урьдын амжилтыг нь бодоод бас олон хүн ч явлаа. Овойж оцойсон амжилт гаргана гэж дэндүү их юм хүлээсэн байх. Тиймээс чамлаад ха­рам­саад байгаа биз. Бас цаг агаар нөлөөлсөн болов уу.
 
-Аль нэг наадмыг үзсэн хүн сониноо хэлдэг. Үнэлж дүгнэдэг, хувийн бодлоо хэлдэг л дээ.
 
-Би дасгалжуулагч биш, тамирчин ч биш. Тиймээс үүн дээр нь алдлаа, тэрний бэлтгэл ийм харагдлаа, сэтгэлзүйн хувьд тааруу байлаа гэж дүгнэхгүй л дээ. Гэхдээ манайхан даанч сулбагархан байлаа. Зураг авч байхад ч тэр манайхан гээд бахархалтай санагдах нь ховор. Ирээд зургаа үзэхэд ч манай тэрний барилдаан, хэний тоглолт гэх кадр цөөн байна. Ер нь олимп гэдэг чинь спорртын хамгийн дээд шалгуур. Тэнд ёстой л шалгарсан тамирчид ирдэг. Тэдний ур чадвар нь маш өндөр харагдаж байлаа шүү дээ.
 
-За одоо өөрт чинь ойр асуулт тавья. Өөрөө жирийн гэрэл зургийн сурвалжлагч биш Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч хүн. Тийм болохоор чөлөөт, жүдогийнхны амжилтыг дүгнэж хэлэх байхаа. Спорт сонирхогч бидэнд манай бөхчүүд олимпийн мөнгөн медаль авсан Д.Сумъяаг оролцуулалгүй хэлэхэд тун тааруу барилдсан шүү дээ. Ер нь Монголын чөлөөт, жүдогийн баг дэлхийд хүчтэй л гэдэг. Гэтэл сая олимпод огт өөр төвшин харуулав даа.
 
-Харьцангуй тэгж харагдаж л байналээ. Зүгээр үзэгчийн үгээр хэлэхэд идэвх өндөр биш, барилдааны төгсгөлийг муу хийж байгаа байдал олон тамирчин дээр байна лээ. Тэр Японы бөхчүүдийн барилдаж байгааг хар. Олон мундаг тамирчид нь эх орноосоо тээж очсон итгэл найдвараа хадгалж л байна.
 
-Чөлөөт бөхийнхөн тун тааруу гэж болохоор барилдсан. Энэ талаар...?
 
-Би үзэгчийн үг л хэлнэ. Харин манай жүдогийнхны хувьд бол 2-3 медаль авчих болов уу гэсэн горьдлого байсан чадсангүй. Харин Д.Сумъяа маань бараг л аварга болох шахлаа. Баярламаар.
 
-Өөрийн чинь үг Д.Сумъяагийн мөнгөн медалийн ард нуугдаад үлдье гэсэн санааг агуулж байнаа даа. Манайхан сайлах, муулахдаа дэндүү туйлширдаг муу талтай санагддаг. Хүрэл медалийг мөнгөний дайтай, мөнгөн медалийг алтны дайтай гэж шат ахиулж хэлж байна. Тэр тийм байж болно гэж үзье. Харин шүүлт луйварт орж медалиа алдсан Г.Мандахнаранг өрөвдөхдөө дэндүү туйлширсан. Олимпийн алтан медалийг дуурайлган медаль хийгээд гардууллаа гэсэн. Энэ чинь арай буруу магтаал биш үү. Сэтгэлээ хуурсан хэрэг мэт санагдсан. Г.Мандахнаран тэр медалийг зүүх үү. Уг нь сайхан барилдсаныг үнэлж шагнах нь буруу бишээ.
 
-Тэр ч тийм байх шүү. Гэхдээ Г.Мандахнаран торгох хугацаа байхгүй гээд сэтгэлийн хөөрлөө эртдүүлсэн байх.
 
-Г.Мандахнаранг дасгалжуулагчид нь хөөдчихсөн шүү дээ. Барилдааны цаг дуусаагүй байхад тэд дэвжээн дээр гарч ирж орилолдоод тамирчнаа хөөрөгчихсөн нь том алдаа. Тэгээд бүр олимп байтугай аль ч тэмцээний түүхэнд байхгүй хачин эсэргүүцэл үзүүлж тамирчныхаа нүүрийг улайлгаж гүйцсэн. Ийм багш, дасгалжуулагчтай байсан нь Монголын нэрийг ч балласан нь үнэн.
 
-Тэр ч тийм юм болсон. Г.Мандахнаран маш сайн барилдсан. Харин дасгалжуулагчид нь булай муухайг үзүүлсэн гэж олон түмэн ярьж байхыг олонтаа сонслоо.
 
-Чөлөөтөд ч, жүдод ч тэр залгамж халааг зарим жинд таслачихаад байх шиг. Үүнтэй санал нийлэх үү?
 
-Тийм шүү. Ялангуяа хүнд жинд тамирчин ховордлоо. +100-д гэхэд Ж.Чулуунбат, Б.Тэмүүлэн нарыг хойшид хэчнээн тэмцээнд явуулах вэ. Н.Түвшинбаяр зодог тайлахад хэн орлох юм бэ. Эмэгтэй дээд жинд ч бэлдсэн бөх алга. Асар мундаг жинтэй залуучууд үндэсний бөхөд олон л байх юм. Тэд их спорт руу ордоггүй нь юуных бол...?
 
-Тэр мэдээж шүү дээ. Их спортын бөх гэдэг чинь байнгын бэлтгэл, хатуу дэг жаягтай, түүнээс цэрвэдэг биз. Хамгийн гол юм манай үндэсний бөх уламжлалт дэг жаяг юмаа огоорсон. Хүмүүжил муутай. Зөвхөн мөнгө хөөдөг болсон. Тэднийг захирдаг зандардаг газар ч алга. Янз бүрийн аргаар улсын цол авбал тэр бөх гараад өгнө. Аймаг, сумаараа, нутгийн зөвлөл нь бушуухан л Жийп аваад өгнө. Суурь мал өгч ч магад. Улсад түрүүлсэн бөх бол хэдэн орон сууц, хэдэн машинтай ч болж магадгүй.
 
-Нээрээ л тийм дээ.
 
-Чи бод л доо. Тэр улсын том цолтон өөр нэг цол горилогчид наад зах нь 200-300 сая төгрөгийн авлига аваад унаж өгч байна. Үүнийгээ бөхчүүд сайхан амьдрал гэж боддог болсон. Жилийн жилд ийм унаж өгснөө үнэлсэн сураг дуулддаг. Тэгэхэд олимпод мөнгөн медаль аваад ирсэн тамирчин 60 сая төгрөгийн шагналтай байгаа. Ингэхээр даваад авдаг бага шагналын төлөө биш унаж өгөөд ихийг авах хүсэлтэй хүн дэндүү олон байна.
 
-Өмнөх олимпоос авсан зургаараа үзэсгэлэн гаргадаг. Энэ удаа бас гаргана гэж байгаа гэл үү?
 
-Тийм ээ. Ирэх сарын эхээр томоохон үзэсгэлэн гаргахаар зэхэж байна.
 
-Үзэсгэлэнгийн чинь онцлог юу байх бол...?
 
-Олимпийн сонин сайхныг л дэлгэнэ дээ. Онцлог нь зөвхөн өөрийн тамирчдын тухайд гэж голлохгүй. Уран бүтээл тал руугаа хандуулах бодолтой. Манайхан төдийлэн амжилт үзүүлээгүйтэй ч холбоотой гэж болно. Харин хөнгөн атлетик, хөлбмбөг, усан спорт зэрэг төрлийн шигшээ тоглолтоос авсан аятай­хан зургууд бий. Дэлхийн хамгийн хурдан хүн Усейн Болт, ялагдаж үзээгүй бөх Тедди, Японы алдарт аваргуудын гайхалтай агшныг үзүүлнэ дээ.
 
-Миний хувьд асуултаа дуусгалаа. Ярилцлагаа өндөрлөх үү?
 
-Би нэг гол зүйлийг мартах гэж байна. Хэд хэдэн олимпод очсноороо олон зурагчин найзуудтай болсон. Тэднээсээ асар ихийг сурлаа. Спор­тын зураг маш их чадвар бас техникийн сонголт сайн байхыг шаарддагийг ойлгож авлаа. Таваас зургаан олимп сурвалжилсан ОХУ-ын хоёр зурагчин ах болоод Япон зэрэг олон орны нөхөдтэй дотнослоо. Сая Бразилд очиход тэд маань надад бэлэг бэлдчихсэн угтаж авсан. Тэдний хүчээр урьд нь огт авч байгаагүй зарим төрөлд шинэ зураг цөөнгүй авлаа.
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин