sonin.mn
Дэлхийн зулай Эверестийн оргилд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй, гавьяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа.
 
-Та дэлхийн зургаан ноён оргил дээр эх орныхоо Төрийн далбааг мандуулжээ. Долоо дахь оргилд гарах бэлтгэлээ хийж эхэлсэн гэсэн. Энэ нь яг ямар оргил юм бэ?
 
-Өнгөрсөн 25 жилийн хугацаанд зорьж тэмүүлж, тэмцэж ирлээ. Дэлхийн долоон ноён оргил дээр эх орныхоо Төрийн далбааг мандуулахсан хэмээн цээжиндээ багтамгүй мөрөөдөлтэй байсан.
 
2010 оноос эхлэн үүнийхээ төлөө зүтгэсэн.  Яг одоогоор зургаан ор­гил дээр гарсан ам­жилттай сууж байна.  Европ тивийн ноён оргил Эльбрус, Ази тивийн ноён оргил Эверест, Африкийн  Килиманжаро, Хойд Америкийн Денали, Өм­нөд Америкийн ноён оргил Аконкагуа, Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид дээр гарлаа. Одоо надад Антрактид тивийн Винсон Массиф гэх оргил үлдээд байна.  Энэ нь далайн төвшнөөс дээш 4897 метр өн­дөртэй цасан бүрхүүлтэй оргил юм.
 
-Энэ оргилд гарахад санхүүгийн асуудал тулгарч “facebook” найзуудаасаа тусламж хүссэн байсан.  Хэдий хэмжээний зардал гардаг юм бэ?
 
-Өмнөх зургаан оргилоос хамгийн өндөр өртөгтэй нь юм.  42 мянган ам.долларыг зөвхөн ууланд авирахын тулд төлөх ёстой.  Үүнээс гадна замын зардал гэж бий. Энэ их мөнгийг хувиасаа гаргах санхүүгийн эх үүсвэр надад алга.  Тэглээ гээд уулчны хүсэл мөрөөдөл болсон  сүүлийн нүүдлээ хийхгүй орхиж чадахгүй байна. Тиймээс надад ямар арга байна вэ гэж их бодсон. Тэгээд юун түрүүнд ард түмэндээ хандая гэж шийдсэн.  Одоогоор данс нээгээд хандив цуглуулаад явж байна.  Би өөрөө  тэнд гарах гээд дурлаад байгаадаа биш дэлхийн долоон ноён оргилд эх орныхоо нэрийг данслахад л бүх утга учир нь оршиж байна.
 
-Энэ удаагийн авиралт их хүнд юм шиг санагдлаа. Санхүүгийн асуудал бүтвэл хэзээ явах вэ?
 
-Авиралтын эх­лэх хугацаа ирэх арван­хоёрдугаар  сарын 15-наас эхэлнэ. Чилийн хамгийн урд талын хотод бэлэн байх юм.  Тэнд Антрактид руу явдаг захиалгат онгоц маань ирэх ёстой.  Гэхдээ 90 хоногийн өмнө мэдүүлгээ өгч, төлбөрийн 50 хувийн баталгаажилтаа хийж эрхээ авсан байх ёстой.  Тэгэхээр их бага хугацаа үлджээ. 
 
-Хаа сайгүй санхүүгийн асуудал хүнд байгаа.  Энэ жилдээ өнжиж болохгүй юу?
 
-Үүний төлөө би 25 жил зүтгэж байна. Тамирчин хүнд нэг жилийн хугацаа ч хэцүү байдаг. Бэлтгэлээс бэлтгэл оргилоос оргилын хооронд явж байна.  Харьж, эцэж цуцахаасаа өмнө би энэ долоон оргилыг гүйцээнэ  гээд өөртөө амласан байгаа. Чадах ч байх гэж найдаж өөртөө итгэж байна.  Тэгэхээр надад миний дотоод сэтгэлд одоо л гэсэн бодол буцалж байна даа. Дэлхийн уулчид  8000 метрээс өндөр 14 оргилд гарахыг тэмүүлдэг.   Нөгөө хэсэг нь дэлхийн долоон тивийн долоон оргилд гарахыг хичээдэг.  Би хоёр дахь хэсэгт нь багтаж эх орныхоо нэрийг долоон оргил дээр бичүүлэхийн төлөө л зүтгээд байгаа юм.  Би энэ амжилтад их ойрхон ирсэн ганцхан хүн нь байна.  Тиймээс хойш­луулахгүй байх аргагүй.
 
-Антрактид тивийн Винсон Массифд хэр олон уулчин авирсан байдаг вэ. Эхний зургаан оргилоос хамгийн хэцүү нь үү?
 
-Хамгийн хүнд нь гэхээс илүү өндөр өртөгтэй нь юм.  Долоон тивийн ноён оргилд зургаан ногоон, нэг цагаан тив багтдаг.  Тэр ганц цагаан тив нь үлдээд байгаа юм. Мөнхийн хүйтэн, цэвдэг, салхи шуурга ихтэй ч Эверестийн оргилыг гүйцэхгүй байх гэж бодож байна. -40 хэмтэй гэсэн.  Маш олон нислэг дамжиж тэр ууланд хүрч байгаа учраас санхүүгийн асуудал л хүнд байна даа.
 
-Бэлтгэлээ хэр хийж байна вэ?
 
-Би байнгын бэлт­гэлтэй байдаг.  Өнгөрсөн зунжингаа уулын хөтөч хийлээ. Энэ нь надад бэлтгэл болно. Тэгэхээр бэлтгэл тал дээр санаа зовохгүй байна.
 
-Та өмнө нь зургаан оргилд гарсан. Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэж байсан юм бэ.  Бас л хэцүү байсан уу?
 
-  Амар байгаагүй. Гэхдээ тэр бүхнийг даван туулсан.  Яг үнэндээ өдөр шөнөгүй мөнгө бодож толгойгоо өвтгөдөг байлаа.  Санхүүгийн асуудлаар уулзаж учраагүй хүн бараг байхгүй.  Зуны улиралд гадаадынханд хөтөч хийж олсон мөнгөөрөө тал зардлаа хийнэ.  Зээлээс зээл, өрнөөс өрний хооронд явсаар энэ зургаан оргилд гарсан.  Одоо ингээд зогсчихно гэвэл надад харамсалтай л байна. Гэхдээ энэ бүхэн ганцхан миний хөдөлмөр биш. Бүхий л ард түмнийхээ итгэл найдварыг тээж яваа гэж дотооддоо залбирч уулын оргил өөд алхдаг.
 
- Гарахад амархан оргил  байдаггүй гэдэг. Ертөнцийн зулай Эверестийн оргилд гарахад  танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
 
- 8848 метрт гарна гэдэг маш их тэсвэр тэвчээр шаардаж байлаа.  Онгоц 9-10 мянгад л нисдэг шүү дээ. Тэгээд бодохоор бас их эр зориг шаардаж байсан.  Бусдыг нь ч би амархан гэж хэлэхгүй. Бүх уул өөр өөрийн гэсэн цаг агаар, зан ааштай байдаг.  Тэр бүхнийг судалж даван туулах нь уулчин хүний ажил юм даа.
 
- Бүх уул өөрийн гэсэн зан ааштай байдаг гэлээ. Та ууланд  гарахын өмнө уулаа аргадах ч юм уу, сүсэглэдэг үү?
 
-Тийм ээ. Ер нь мон­­­голчууд их сүсэг биш­рэлтэй хүмүүс шүү дээ. Би хайрхандаа гарах гэж байгаагаа хэлээд дотроо зал­бирч аргаддаг. Тэгээд л түүний оргил өөд тэмүүлнэ дээ.
 
-Та дээр 14 оргил, долоон тивийн оргил гээд хоёр өөр зүйлийн тухай ярьсан.  Та бол долоод нь гарахыг зорьж байгаа юм байна. 14 оргил гэдэг нь ямар учиртай юм бэ?
 
- Энэ оргилууд бол  зарим уулчдын хувьд мө­рөө­дөл юм.  Бүгд 8000 метрээс дээш өндөртэй. Би арай л барахгүй байх аа.  Маш их цаг ху­гацаа, хөрөнгө мөнгө шаард­лагатай.  Нас, хүч, тэнхээ маань арай л хүрэхгүй байх.  Тэгэхээр дараагийн үедээ л үлдээе дээ. /инээв/
 
-Дараагийн үеийн тухай ярилаа. Танд шавь бий юу?
 
- Ууланд алхахдаа маш олон хүнд мэддэг чаддаг зүйлээ заадаг.  Тэр бүхэн намайг багшаа гэж боддог бол зөндөө л шавьтай байх.  Яг хадаг бариад ирсэн хүн бол байхгүй.  Гэхдээ одоохондоо надад гарын шавиа бэлтгэх цаг зав байдаггүй. Магадгүй “За одоо больё доо” гээд уулын спортоос зодог тайлах үедээ дурсамжаа бичиж, өөрийн үргэлжлэлийг бэлтгэх байх даа.
 
-Энэ долоон оргил бол таны 25 жилийн мөрөөдөл байсан юм байна.  Тэгэхээр тэдний дараагийн найм дахь оргил юу байх бол?
 
-Надад нэг зарчим байдаг.  Дараагийн авиралтынхаа тухай хэзээ ч давж ярьдаггүй. Одоо миний өмнө Антрак­тид тивийн Винсон Массиф байна. Энэ оргилдоо гарчихаад ирээд онгоцны буудал дээр уулзахдаа би дараагийн мө­рөөдлөө хуваалцаж болно.  Уул бүхэн “чихтэй”.  Хүмүүсийг сон­сож байдаг юм.  Тэгэхээр би бардамнаж ярих дургүй.
 
-Цагаан тивд өмнө нь үүргэвчтэй аяллын Ц.Ганхүү хүрч байсан гэдэг. Эмэгтэй хүн гарч байгаагүй байх аа?
 
-Тийм ээ.  2008 оны үед Монголоос ганцхан Ц.Ганхүү ах гарсан байдаг.  Харьцангуй тайван уул гэж бодож сүсэглэж байна.  Зохион байгуулж байгаа тал маань их найд­вартай, туршлагатай. Би өөрөө чамгүй туршлага хуримтлууллаа. Тэгэхээр гайгүй байх гэж бодож байна. Түүнээс амархан гэж хэлээгүй шүү.
 
-Та Монголынхоо ууланд хэр их авиралт хийдэг  вэ?
 
-Зуны гурван сараа ууланд л өнгөрүүлдэг дээ.  Алтай Таван богдын Хүйтний оргилд л гэхэд 40 удаагийн оролдлого хийж 38 удаа гарсан байдаг. Яг үнэндээ энэ оргил дээр хамгийн олон гарсан хүн би байх.
 
-Таныг амь эрссэн хэцүү аялалд дахин дахин явахад ойр тойрныхноос чинь дургүйцдэг уу?
 
-Манай гэр бүлийнхэн эхэндээ дургүйцдэг л байсан. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа амжилт хүсч, эрүүл энх сайн яваад ирээрэй гэж за­хидаг болсон шүү. Намайг ойл­гож дэмждэг гэр бүлийн­хэндээ баярлалаа гэж хэлье.
 
 
Гавьяат тамирчин Б.Гангаамаа долоо дахь ноён оргил болох Антрактид тивийн Винсон Массифийг зориход бэлэн болжээ.  Тэрээр бэлтгэлээ хийж байгаа бөгөөд гагцхүү санхүүгийн асуудал тулгараад байгаа юм.  Түүнд 42 мянган ам.доллар хэрэгтэй бөгөөд цахим хаягаараа дамжуулан ард түмнээсээ дэмжлэг хүсчээ. Та бүхэн туслахыг хүсвэл Б.Гангаамаагийн доорх дансанд хандана уу.
 
 
ХАНДИВЫН ДАНС:
 
Хаан  банк  Төгрөг: 509 063 3576              Худалдаа Хөгжлийн Банк  Төгрөг: 495 058 495         
 
Т.Батсайхан
 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин