sonin.mn
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Танаа
Шаардлага
2016.8.24
 
Утга нь: МУГТ Г.Мандахнарангийн олимпиадад шударга бусаар шүүгдсэн зөрчлийг арилгах тухай
Монголын спортынхны эрх ашгийг дээдлэн хамгаалж, шударга ёсны төлөө үйл ажиллагаа явуулах нь Таны удирддаг байгууллагын нэгэн чухал үүрэг хариуцлага билээ. 
“Рио-2016” олимпийн наадамд Монголын баг тамирчдын хувьд будлиан булхайтай зүйл багагүй тохиолдсон. Үүний дотроос, чөлөөт бөхийн 65 кг-ын жинд Монгол улсын бөх Г.Мандахнаран Узбекистан улсын бөх И.Наврузов нарын барилдааныг онцолмоор байна. Манай бөх барилдааны төгсгөлд оноогоор тэнцүү байсан ч сүүлийн оноог авсан тул хожих байв. Цаг дуусахад 5 минут дутуу байхад, манай бөх 36 жил буюу 7 олимп дараалан тасарсан медалийн буухиаг сэргээн мандуулж буйдаа эрхгүй сэтгэл хөдөлж, гараа өргөн баясч байхад нь нэг оноогоор шууд торгон хожигдууллаа. Дүрэм ёсоор бол эхлээд сануулга өгдөг. Гэвч дүрэм сахиулах ёстой шүүгчид өөрсдөө дүрмээ бүдүүлгээр зөрчлөө. Үүнийг танхим дахь үзэгчид бүгд мэдрэн “Монгол! Монгол!” гэж уухайлан, эв санааны нэгдлээ илэрхийлж байсан. Дэлхий дахин “шудрага бус явдал боллоо” гэж дүгнэсэн.
 
Узбекистаны тамирчныг шүүгчид дүрэм зөрчин дэмжиж байгаа нь урьдаас тодорхой байсан. Шударга бусаар шүүж байгааг нь эсэргүүцэн Пуэрто-Рикогийн тамирчин Ф.Гомес цаг дуусаагүй байхад барилдааныг орхин явж байсан. Тус тамирчны талынхан зарга мэдүүлсэн тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (ДБНХ) хянаж үзээд, тэр барилдааныг шүүсэн гурван шүүгчийн эрхийг хасаад байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. И.Наврузов медалиа хураалгах ч боломж үүсч мэдэхээр байна.
МУГТ Г.Мандахнарангийн тухайд ч зарга мэдүүлж, зүй бусаар алдагдсан медалийг нь олгуулахыг хохирогчдын эрх ашгийг хамгаалдаг, монгол хүндээ туслахыг эрмэлздэг бид бүхэн шаардаж байна. Олон жил чөлөөт бөхийн төрөлд медаль авахыг хүлээсэн Монголын ард түмний сэтгэл рүү ус асган, доромжилж тохуурхсан шүүгчдийн бусармаг үйлдэл гэм зэмгүй өнгөрөх ёсгүй. 
Шаардлагын хариугаа бичгээр авахыг хүсч байна.
 
МАНДАХНАРАН МЕДАЛИА АВЧ, МОНГОЛЧУУДЫН ИТГЭЛ СЭТГЭЛД НАРАН МАНДАГ!
 
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг
“Монгол хүн монгол хүндээ тусалъя!” ТББ-ийн тэргүүн Ч.Мөнхбаяр