sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. "Их дуулга" тэмцээний 17 удаагийн аварга, Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер бэртлийн улмаас энэ улирлын тоглолтыг дуусгаж чадахгүй болсноо мягмар гарагт мэдэгдлээ. Тэрбээр үлдээд буй 2016 оны тоглолтууд, тэдгээрийн дотор ирэх сард болох гэж буй Риогийн Олимпын наадмын теннисний тэмцээнийг өнжихөөр болсон байна.
 
Өдгөө 34 настай Федерер фэйсбүүк хуудсандаа “Риогийн Олимпын наадамд Швейцарийг төлөөлөн оролцох боломжгүй болсон, мөн үлдээд буй улирлын тоглолтуудоо хийж чадалгүй өнжихөөр болсноо дуулгахад туйлын харамсалтай байна” гэж бичжээ.
 
Тэрбээр мөн “би эмч нар болон багийнхантайгаа зөвлөлдсөний эцэст бүх хувилбарыг бодож үзээд 2016 оны улирлын тоглолтоо зогсооно гэсэн маш амаргүй шийдвэрийг гаргалаа. Энэ оны эхээр би өвдгөндөө гэмтэл авсан учир нөхөн сэргээх эмчилгээг маш сайн хийлгэх шаардлагатай байна” гэж дурдлаа.
 
Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээ тоглолтын үеэр Федерер унасны улмаас бэртэл авч, энэ оны хоёрдугаар сард зүүн өвдгөндөө мэс засал хийлгэсэн юм. Гэсэн хэдий ч тэрбээр дөрөвдүгээр сард болсон Монте-Карлогийн мастеруудын тэмцээнд оролцсон билээ.
 
Харин тавдугаар сард нурууны бэртлийн улмаас Францын нээлттэй тэмцээнээс нэрээ татахаас өөр аргагүйд хүрсэн юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг