sonin.mn
ЖЕНЕВ. /VOA/. Ирэх сард болох Риогийн Олимпын наадамд Оросын баг тамирчдыг хатуу болзолтойгоор оролцуулж болно гэж Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ шийдвэрлэжээ. Тус хорооны Удирдах зөвлөлийн өчигдөр болсон теле хуралдааны дараа уг мэдэгдлийг гаргасан байна.
 
Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан нь тогтоогдсон гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг буюу WADA мэдэгдсэнтэй холбогдуулан ОУОХ-ны Удирдах зөвлөл хуралдсан юм.
 
Дээрх мэдэгдэлд “Оросын тамирчид өөрийн оронд сэргээшийн шинжилгээнд хамрагдаад тэнцсэн байснаас үл хамааран олон улсын итгэмжлэгдсэн байгууллагын сэргээшийн шинжилгээг өгсөн байх ёстой” гэжээ.
 
Мөн уг мэдэгдэлд “сэргээш хэрэглэсэн нь тогтоогдоод эрхээ хасуулсан Оросы тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцохыг ОУОХ зөвшөөрөхгүй” гэсэн байна.
 
Хөнгөн атлетикаас бусад спортын 27 төрлийн бие даасан холбоодод “Рио-2016”-д Оросын тамирчдыг оролцуулах эсэхээ шийдвэрлэхийг зөвшөөрчээ. Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг Риогийн Олимпод оролцохыг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо хэдийн хориглоод байгаа билээ.
 
Бие даасан холбоодын тамирчдыг Риогийн Олимпод оролцохыг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэхэд 10 гаруй хоногийн хугацаа үлдээд байна. Риогийн Олимп ирэх сарын 5-нд эхэлнэ.
 
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах өчигдөр хэлэхдээ “олон улсын тэмцээнд оролцохдоо сэргээш болохоор хориотой эм тариа хэрэглээгүй Оросын тамирчдын хувь хүний эрхийг хамгаалахын тулд Оросын баг тамирчдыг нийтээр нь Риогийн Олимпод оролцохыг хориглох шийдвэр гаргаагүй” гэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг