sonin.mn
Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, улсын заан Дэндэвийн Амгаатай ярилцлаа. 
 
-Наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Таны морьдын уяа эвлэг үү, заан аа?
 
-Морь хурдаан, хурдан. Морио уралдуулж байгаа. Бидний үеийнхэн залуудаа олон цугларсан газар байнга явж, барилддаг байлаа. Зодог тайлснаас хойш тийм үе өнгөрсөн ч хурдан адууныхаа буянаар олон түмнийхээ дунд баясч явна. Олон хүн цугларсан газар очихгүй бол нэг л эвгүй санагддаг. Тэднийхээ мэнд усыг мэдэж, ярилцаж, хөөрөг зөрүүлж суух сайхан байдаг юм.
 
-Та хэзээнээс бие  дааж хүлгийнхээ уяа сойлгыг тааруулдаг болсон бэ?
 
-1998 оноос бүсэндээ хусуур зүүхдээ 17 тооны алтан туурайт сойсон. Тэдний минь шандас, хийморь эзэн намайгаа олон баярлуулсан. Аймаг, сум болон жижиг наадамд уралдуулж 120-иод медаль зүүлгэлээ. Морьдынхоо уяа сойлгыг тааруулах ажлыг дээхнэ үед өөрөө хийдэг байсан бол одоо туслах уяачтай болсон. Ерөнхийд нь зааварлаж байна.
 
-Бөх хүн морь уяхад ямар санагдаж байна вэ?
 
-Би дасгалжуулагчаар ч ажиллаж байсан. УБИС-ийн багш дасгалжуулагчийн ангийг төгссөн болохоор надад хүн дасгалжуулах мэдлэг тодорхой  хэмжээгээр бий. Өөрөө барилдаж явсан болохоор хэн нэгэнд юм сургах арай дөхөм. Морь уях ч ерөнхийдөө хүнд юм заахтай төстэй.
 
Тамирчин хүн өвлийн улиралд суурь бэлтгэл заавал хийдэг шиг морийг ч өвлийн цагт сайн тэжээж, бага зэрэг ажил хийлгэвэл зун наадмаар сайн уралддаг. Би таван настайгаасаа хурдан морь унасан болохоор энэ талд өвгөдөөсөөө өвлөсөн юм бий. Гэвч бие томтой байсан болохоор төд удалгүй хасагдсан.
 
-Танайхыг тод манлай уяач Ц.Хэнмэдэх гуайнхтай худ ураг гэж сонссон. Түүнтэй гал болох бодол бий юү?
 
-Нутаг хол болохоор боломж гарахгүй юм. Тэгээд ч тийм бодол өвөрлөдөггүй. 
 
-“Бөх, морь хоёр нэг саванд багтдаггүй” гэдэг. Таны бодол үүнтэй нийлэх үү?
 
-Морь уяж эхлэхээсээ өмнө энэ үгийг нэг их ухаж ойлгодоггүй байлаа. Харин гар бие оролцоод ирснээр сайн мэдэрсэн. Яах аргагүй зав чөлөө гардаггүй юм байна. Бөхчүүд бэлтгэл сайн хийж, сайхан амрах ёстой.
 
Гэтэл морь уядаг бөх өөрийнхөө бэлтгэл, амралтыг хугасалж, хүлгийнхээ уяа сойлгыг тааруулах гээд зөрчилдөөн үүснэ. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл “Байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэдэг болно. Тиймээс аль нэгийг нь санасандаа хүртэл гүйцэтгэх хэрэгтэй.
 
-Та сайхан эмээл, хазаараар гоёно биз?
 
-Гоёно оо. Энэ чинь эр хүний чимэг л дээ. Ааваасаа өвлөсөн эмээлээ тохдог. Өөрөө ч  нэг сайхан эмээл төхөөрчихсөн. Энэ хоёрыгоо ээлжилж мориндоо тохоод л наадмын талбайгаар галгиулдаг. Морь уяж байгаа хүн сайхан эмээл, хазаар хэрэглэх ёстой. Энэ баярхах биш ёс заншлаа бодож, монгол наадмаа хүндэтгэж буйн хэлбэр. Мөн жороо морь унах сайхан. Буурлуудынхаа буяныг эдлээд л явж байна даа.
 
-Таны нэг  хөөрөг мөнгө хатуу үед хоёр өрөө байрны үнэд дөхсөн гэж дуулсан?
 
-Цалин цагаан мөнгөөр хийсэн хөөрөг, гаанс барих дуртай. Наадам, Цагаан сараар биднийг ийм эдлэл хэрэглэж байгааг гадныхан харчихаад зураг аваад, сонирхоод сүйд болдог. Тэгэхээр нь би “Манай улсын дархчууд ийм л сайхан авьяастай даа” гэдэг. Өөрийн чинь ярьсан хөөрөг Халхын 10 цагааны нэг.
 
-Улсын баяр наадамд хоёрхон удаа зодоглоод начин цол хүртсэн тань шиг бөх цөөн байх даа? 
 
-Мэдэхгүй юм. Би бусдыг бодвол бөхийн спортод нэлээд оройтож хөл тавьсан. Спорт хөөдөг ид насандаа тээвэрт жолоо мушгиж байсан юм. Ажил үүргээ биелүүлж, ганц ч бэлтгэл хийлгүйгээр 1974 оны улсын баяр наадамд хүч үзээд дөрвийн даваанд улсын арслан Ө.Эрдэнэ-Очирт өвдөг шороодож нутаг буцсан.
 
Харин дараа жил нь 23 настайдаа улсын арслан У.Мижиддоржоор тав давж, начин цолны болзол хангасан. 1972, 1973 онд сумынхаа наадамд түрүүлсэн ч аймагтаа ганц ч гарч үзээгүй байсан үе.
 
Радиогоор улсын цолтой бөхчүүдийн нэрийг сонсоод тэдний зодог, шуудагнаас барих юмсан гэсэн бодолд автдаг байлаа. Хүч үзмээр санагдсандаа тэгж их яарсан хэрэг л дээ. Тухайн үед үеийнхээ залуучуудтай хаа таарсан газраа ноцолддог байсан нь миний гол бэлтгэл байлаа. 
 
-Улсын заан цол хүртсэн үеэ эргэн дурсангүй юү?
 
-1981 оны УАШТ-ээс заан цол хүртсэн. Тэр жил Ардын хувьсгалын 60 жилийн ой тохиож байлаа. Зун нь дархан аварга Х.Баянмөнх нарын олон бөхтэй бэлтгэлд гарч, бэлтгэлээ сайн ч хангасан юм. УАШТ-ээс заан цол хүртсэн байсан болохоор улсын баяр наадмаар амжилтаа ахиулах, цолоо ядаж батлах зорилготой байв. Гэвч Ч.Гочоосүрэн намайг зургаагийн даваанд өвдөг шороодуулж, улсын заан цол хүртсэн юм. Харин би дараа жил нь заан цолоо баталсан.
 
-Дараа жил нь М.Мөнгөн арсланд унасан. Уг нь тэр жил таныг нэлээд юм дуулгах байсан гэж бөхчүүд ярьдаг?
 
-Хамгийн олон таарсан бөх гэвэл М.Мөнгөн. Түүнтэй бэлтгэл сургуулилт  байнга л хийдэг байсан. Тэр жилийн бидний барилдаан нэлээн удааширч барьц сонгохоор болов. Барьц сонгуулахдаа тойруулж барьдаггүй баруун, зүүн л золгодог байсан юм. Миний талаар золгож, шахаж татаад яг мэх хийх гэтэл М.Мөнгөн барьцаа тавьчихсан.
 
Тэгэхээр нь би хүн барьцаа тавьж байхад дайралтай биш гэж бодоод мөн барьцаа задалсан. Дараа нь өмнөх барьцаа авч, нөгөө мэхээ хийх гэтэл “Мэх мэхэндээ” гэгчээр би хариу мэхэнд нь орж, унасан. Гэтэл миний засуулаар ажиллаж байсан манай нутгийн ах Пүрэвсүрэн “Түүний барьц задарч л байг. Чи шийдсэн мэхээ хийгээд л давахгүй яасан юм” гээд загнасан.
 
Пүрэвсүрэн гуайн зөв л дөө. Би барьцгүй болсон хүнийг унагачихвал хүний мөсгүй болчих байх гээд л больчихсон юм. Дараа нь би М.Мөнгөнөөс “Чи яагаад барьцаа тавьчихсан юм бэ” гэхэд “Чамаас өөр хүн байсан бол би тавихгүй л дээ. Би чиний хүн чанарыг мэднэ. Тиймээс чамайг шалгасан юм.
 
Мөн надад ямар мэх бэлтгэснийг чинь нэг мэдэх гэсэн хэрэг” гэж билээ. Залуучуудын шударга өрсөлдөөнд тийм юм байлгүй яах вэ. Би үүнд нэг их харамсдаггүй. Миний хэмжээ заан цол байсан юм байлгүй. М.Мөнгөн улсын наадамд нэг үзүүрлэсэн болоод ч тэрүү надаас илүү туршлагатай нь тэр барилдаанаар нотлогдсон. Тэр жилийн наадамд Дархан аварга Х.Баянмөнх түрүүлсэн.
 
-Самбо бөхөөр хэр барилдаж байсан бэ?
 
-Би багадаа аймгийн АШТ-д орж байлаа. УАШТ-д ч хэд хэд хүч  үзсэн. Ер нь намайг авчирч, бөхийн спортод оруулсан хүн бол тухайн үед Соёлын яамны орлогчоор ажиллаж байсан П.Даваасамбуу гуай. Намайг нутгийнхаа театрт жүжиг үзээд гарч байхад таарч “Чи аль нутгийн залуу вэ. Барилддаг уу. Тийм бол миний өрөөнд ороод ир” гээд хэмжилт хийж үзээд явсан. Би ч нэг их юм бодоогүй. Гэтэл П.Даваасамбуу гуай Улаанбаатарт ирээд удаагүй байхдаа “Үнэн” сонинд “Дашинчилэн суманд давгүй бөх болох А гэдэг залуу байна” гэсэн нийтлэл бичсэн байсан.
 
Тэр үед “Үнэн” сонинд бичүүлнэ гэдэг асар их нэр хүндийн хэрэг байлаа. П.Даваасамбуу гуай дараа нь надтай холбогдож “Чи хотод ирж бөх болмоор байна уу” гэхэд нь “Тэгье” гэсэн. Тухайн үед хэн ч нутгаасаа хүссэн үедээ хотруу шилжиж болдоггүй байсан болохоор сумын удирдлага руу бичиг хүргүүлж байж намайг ирүүлсэн.
 
Би улсын шигшээ багийн тамирчин болж, ХААИС, УБИС-д суралцсан. Тэгж явахдаа самбо бөхийн ДАШТ 1979 онд Испанид болоход -100 кг-д оролцож шагналт байр эзэлж, 1980 оны Москвагийн олимпод жүдогоор хоёр барилдаад ялагдсан. Самбогоор улсдаа зургаа, жүдогоор дөрөв түрүүлж, улсын баяр наадамд 10 удаа шөвгөрсөн.
 
Үндэсний бөхийн тойргийн барилдаанд хамгийн олон барилдсан бөхөөр тодорч байлаа. Нэг түрүүлж, хоёр, гуравдугаар байрт тус бүр хоёр удаа шалгарсан. Хөдөө өссөн болоод ч тэр үү арай барьцтай гэж бодоод жүдо, самбог түрүүлж сонгосон. Чөлөөтөөр барилдах гэхээр нэг л болоогүй юм.
 
-Танай хүү А.Өнөболд сүмод барилдаж байгаа. Хүүгээ үндэсний бөхөөр барилдуулах бодолтой бай­сан уу?
 
-Уг нь тийм. Жүдогийн дугуйланд ч явуулдаг байсан юм. Хэдэн жилийн өмнө Хүй долоон худагт хурдан морины өвлийн уралдаан боллоо. Тэр уралдаанд би эхнэр, хүүгээ дагуулаад очиход Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэн, түүний хүү Д.Дагвадорж нартай таарч, яриа өрнүүлэв. Тэднийх манайхтай гэр бүлийн найз л даа.  
 
Тэгэхэд Д.Дагвадорж манай хүүгээс “Чи сүмогоор барилдах дуртай юу. Хүсэл байвал ёстой л барилдахаар шинж байна даа. Та нарыг зөвшөөрвөл би сүмогоор барилдуулна” гэдэг юм байна. Би ч “Хүү минь л шийдэг дээ. Миний хувьд дургүйцэх юм алга” гээд өнгөрсөн.
 
Гэтэл хэдхэн хоногийн дараа Д.Дагвадорж Японоос утас цохиж “Гурван хоногийн дараа хүүгээ явуулаарай. Би энд тосоод авчихъя” гэдэг юм байна. Тэгээд л хилийн дээс алхсан даа. Тэр үед хүү маань 16 настай байсан. Бэртэл гэмтэл авчихгүй бол ирээдүй их бий.
 
-Хүүгийнхээ нэрийг та өгсөн үү?
 
-Би хүүхдүүддээ нэр хайрлахдаа зарим хүн шиг Гандан орж, ламаас асуудаггүй. Бодож байгаад л бүгдийнх нь нэрийг өгсөн. Хүүгээ төрсний дараахан гэрийнхээ орон дээр хэвтэж байхдаа зүүрмэглэсэн юм. Яагаад ч юм “Өнөболд гэдэг нэр өгч байна” гэж зүүдэлсэн. Тэгээд л босч ирээд ээжид нь хэлж, ийм нэр хайрласан.
 
-Таныг “Гарьд магнай” кинонд дүр бүтээснийг үзэгчид, бөх сонирхогчид андахгүй. Кинонд тоглох болсон түүхээ хуучлахгүй юу?
 
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар агсан л “Чи энэ дүрд тогловол тохирох хүн” гээд сонгосон. Туслах дүр л дээ. Миний үүрэг нэг их байгаагүй. Харин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны бөх, олон түмэндээ “хулгар” хэмээн алдаршсан Нацагийн дүрд тоглосныг үзэгчид гайгүй мэддэг.
 
Мөн “Морин хуурын домог” киноны Хөхөө Намжилын дүрд тоглосон. Энэ гуравт тоглоход хамгийн хэцүү нь хулгар Нацагийн дүр байсан. Нэгдүгээрт гол дүр, нөгөөтэйгүүр их бяртай бөх байсан. Наад зах нь намрын хоёр тарган эр хонийг сугандаа хавчуулаад юу ч болоогүй юм шиг уулсын хормой ороогоод алхаж, хятадуудыг хуурдаг түүхтэй л дээ.
 
Найруулагч намайг түүн шиг алх гээд зураг авалт үргэлжлэв. Хурга биш, намрын тарган хоёр амьд хонийг сугандаа хавчуулаад алхах үнэхээр хэцүү байсан. Нэг нь дунджаар 70 кг байсан биз. Амьд амьтан авч явах улам тээртэй байдаг хойно сугандаа хийчихээд хэсэг явтал миний хоёр ч гутал зулгаараа задарсан.
 
Тэгэхээр нь сураар ногтолж байгаад тэр зураг авалтыг дуусгасан. Залуу ч байж. Зураг авалт эхлэхээс өмнө “Хоёрхон хонь сугадаад алхаж чадалгүй яадаг юм” гэсэн ч яг цаг дээрээ амар ажил биш байсан.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
Д.ЖАВХЛАН
Эх сурвалж: "Ардын Эрх" сонин