sonin.mn
БУДАПЕШТ. /ТАSS/. Ойрын үед болох гэж буй Европын өсвөр болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээнүүдийн үеэр нэмэлт цагт сэлгээний дөрөвдэх тоглогчийг тоглолтод оруулж болно гэсэн дүрмийн заалтыг хэрэгжүүлэх шийдвэрийг Европын Хөлбөмбөгийн холбоо /УЕФА/ гаргалаа.
 
Даваа гарагт Унгар улсын Будапешт хотод болсон тус холбооны  Гүйцэтгэх хорооны хуралдаанаар уг заалтыг сайшаасан байна. Эл шийдвэр ирэх хоёр жилийн хугацаанд үйлчлэх бололтой. Тухайлбал, 19 хүртэлх насныхны дунд явагддаг Европын Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнүүд /2016, 2017 он/, түүнчлэн 21 хүртэлх насныхны дунд зохиогддог Европын Залуучуудын аварга шалгаруулах тэмцээний /2017 он/ үеэр дээрх дүрмийн заалтыг хэрэглэх ажээ.  
 
Дашрамд дурдахад, өмнө нь Швейцарийн Цюрих хотод болсон ФИФА-гийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Олимпын наадмын хөлбөмбөгийн тэмцээн, 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дунд болдог ДАШТ, Японд болох клубын ДАШТ-ний үеэр нэмэлт цагт сэлгээний дөрөвдэх тоглогчийг тоглолтод оруулж болно гэсэн дүрмийн заалтыг баталсан билээ. 
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг