sonin.mn
"Коби Брайнт танаа,
 
Би чамайг үзэн яддаг.
 
Намайг буруутгаж чадна гэж үү? Сэлтиксийн фэн хүний хувьд чиний эсрэг 20 жил зогслоо. 2008 оны Финалд манай Сэлтикс танай багийг хожиж, чиний зовлонд би жаргасан. Пол Пиерс чамайг бодвол тэр Аварга цолыг авах эрхтэй хүн нь байсан юм. Тэр үед чамд гурван бөгж байсан шүү дээ.
 
Гэвч гурав чиний хувьд хангалтгүй байлаа. Чи өшөөгөө авч, 2010 он гэхэд 5 дахь бөгжөө зүүж, далиманд нь миний зүрхийг сугалчихсан юм. Долоо дахь тоглолтонд Кендрик Перкинс тоглоогүй нь чиний хувьд аз гэдгийг мэддэг гэж найдаж байна. 
 
Players' Tribune-д бичсэн захидлыг чинь уншаад би шоконд оров. Зодог тайлах болсоноо зарлалаа гэж биш шүү - тэрийг бид бүгдээрээ л мэдэж байсан. Харин чиний захидал надад ямар мэдрэмж төрүүлсэнд гайхширсан юм. 
 
Сэтгэл дотроо би Дерек Жетер та хоёрыг нэг бүлэгт оруулж боддог байв. Та хоёр бол Бостон хотын фэнүүдийн үзэн яддаг тоглогчид, гэхдээ хүндлэхгүй байхын арга бас байхгүй тоглогчид. Та хоёр спортынхоо зөв замналаар нь явсан - сэтгэл зүрх, баяр бахдал, мэргэжлийн ур чадвараар тоглосон.
 
Агуу зүйлийн араас бусдаас илүү хөдөлмөрлөж хөөсөн, спортынхоо жинхэнэ сурагчид бол та хоёр. Та хоёр өөрсдийн үеийн шүтээнүүд болж чадсан. Сорилт бүрийг та хоёр угтан авч, даван гарсан. Бүхнээ зориулсан. Галын шугаманд амь биеэ золиосолсон. Хэрхэн хожихыг мэддэг байсан. Спорт, уран чадвар болон Бостон хоттой хийх тэмцэлээ та хоёр хүндэлдэг байсан.
 
12-р сарын 30-нд чи хамгийн сүүлийн удаа Бостон хотод тоглоно. Энэ бол Сэлтиксийн фэн бид нарын хувьд Сэлтикс, Лэйкэрс гэсэн агуу түүхт өрсөлдөөний магадгүй хамгийн ноёрхог тоглогчийн эсрэг багаа дэмжих сүүлчийн боломж юм. 
 
Чи явсанаар NBA-г ноёрхсон энэ агуу тэмцэл бас халин одно. Магадгүй хэзээ нэгэн цагт шинэ нүүр царайнууд энэхүү тэмцлийг сэргээх байх. Үгүй ч байж магад.
 
Тэгэхээр ирэх сард чамайг Гарденд ирэхэд манай хөгжөөн дэмжигчид там шиг уур амьсгалыг мэдрүүлнэ гэж найдаж байна. Аваргын цувралуудаас илүү чамайг дарамталж, бүүлнэ гэж найдаж байна. Чөлөөт шидэлт бүрээ алдаасай. Ногоон цус асгаруулсан, сүүлчийн удаа алдаж бүдрээсэй гэсэн 17,000 фэнүүдийн дунд тоглох ямар байдгийг чи хэзээ ч бүү мартаасай. 
 
ЛА-г бид дахиад нэг хожно гэж найдъя. Тэгээд Сэлтикс маань 4-р үеийн сүүлийн хагаст 20 оноогоор хожиж явах үед чамайг сэлгээнд суух мөчид гайхалтай нэг зүйл болох байх гэж бодож байна.
 
Гарден дахь хүн бүр бүүлэхээ болино. Бид бүгдээрээ босоод, чиний хэзээ ч мэдэрч байгаагүй тэр чанга, дүрэлзсэн алга ташилтыг хийж, хүндэтгэл үзүүлэх болно. Бид чиний нэрийг чангаар орилно. Бид нулимсаа арчина. Бид баяр, гуниг хосолсон үдэлтээ хийнэ.
 
Аливаа зүйлийг алдах хүртлээ хүн юутай байснаа мэддэггүй гэж ярьдаг. Тиймээс чамайг явахаас өмнө би чамд зүгээр нэг агуу сагсан бөмбөгчөөс илүү хүн байсанд чинь баярлалаа гэмээр байна. NBA-ийн бүхэл бүтэн үеийнхэний хувьд чи бол сагсан бөмбөг. 
 
Би энэ үгийг хэлж байгаадаа итгэхгүй байна... гэхдээ би чамайг үнэхээр их санах болно.
 
Чамд үргэлж хайртай (бас чамайг үргэлж үзэн ядна),
Чамайг хангалттай үнэлж чадаагүй Сэлтиксийн фэн #КобиТанаа #WWLG4L
 
- Жонатан Жейкобсон"
 
Эх сурвалж:  NBA TALK Mongolia page