sonin.mn
Жүдо бөхийн Олимпийн эрхийн оноо олгох ээлжит гранпри тэмцээн БНСУ-ын чежүд боллоо. Өнгөрсөн бямба гарагт өндөрлөсөн уг тэмцээнээс манай улсын тамирчид багийн нийт оноогоороо VIII байрт орсон байна. Тус тэмцээнд 70 орны 400 гаруй тамирчин оролцож, хурд хүч авахаалж самбаа, уран мэхийг уралдуулжээ.
 
Харин манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй долоон
 
жүдоч оролцож, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн төдийгүй хоёр тамирчин маань тусгай байрт орсон байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд барилдсан Олон Упсын хэмжээний мастер Ц.Цэрэннадмид хүрэл медалийн болзол хангасан юм.
 
Мөн эмэгтэйчүүдийн 78 кг-ийн жинд Олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд тавдугаар байрт, Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа долоодугаар байрт оржээ. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг алтан медаль хүртсэн билээ. Дээрх амжилтаараа манай улсын баг, тамирчид энэ удаагийн Чежүгийн гранпри тэмцээнээс VIII байрт жагслаа.
 
Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 400 гаруй тамирчинаас БНСУ-ын баг таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүн байр эзэлсэн байна. Харин Францын тамирчин гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж удаах байрт оржээ. Түүний араас Япон, ОХУ, Их Британийн багууд орсон аж.
 
Дашрамд дуулгахад, Зүүн Азид болдог цуврал тэмцээн өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Энэ сарын 20-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндаогийн олимпийн эрхийн оноо олгох гранпри тэмцээнд манай жүдочид амжилттай оролцож хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, шагналт VII байрт хоёр жүдоч орсноор багийн дүнгээр Японы дараа хоёрдугаар байрт жагссан билээ.
 
Тэгвэл Чэжүгийн гранпри тэмцээнд мөнгө, хүрэл тус бүр нэгийг хүртэж, багийн дүнгээр VIII байрт орсон бөгөөд жүдочдын оролцох энэ оны сүүлчийн тэмцээн ирэх сарын 2-нд болох Токиогийн “Их дуулга’’ юм.
 
Б.Бат
Эх сурвалж:"Өглөөний сонин"