sonin.mn

Энэ сарын 2-11-нд БНСУ-ын Мунгён хотноо зохион байгуулсан 6 дахь удаагийн Дэлхийн армийн спортын наадмыг манай тамирчид 3 алт, 4 мөнгө, 6 хүрэл нийт 13 медаль хүртлээ.

Тус наадамд 110 орны 8700 гаруй тамирчид 24 спортын төрлөөр өрсөлдсөн энэхүү наадамд манай улсаас бокс, буудлага, жүдо, чөлөөт бөх, дугуй, таеквондо, байт харваа, хөнгөн атлетик гэсэн төрөлд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцжээ. Байт харвааны  эмэгтэйчүүдийн багийн төрөлд Б.Урантунгалаг, Д.Мирослава, Н.Ариунбилэг нар мөнгөн медаль хүртсэн бол холимог төрөлд Б.Отгонболд, Д.Мирослава нар алтан медалийн эзэд боллоо. Бокс спортын эрэгтэйчүүдийн хөнгөн жинд М.Чухал-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

Жүдо бөхөөр эрэгтэйчүүдий 66 кг-д А.Батсуурь мөнгө 90 кг-д Х.Цогтгэрэл хүрэл медаль хүртэж эрэгтэй баг мөнгөн медалийн эзэд болов. Буудлага спортын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан урт бууны 50 метрийн дасгалд Ч.Нарантуяа алт, Г.Нандинзаяа хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэй багийн урт бууны 50 метрийн дасгалд О.Янжинлхам, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нар алтан /Наадмын рекорд тогтоосон/ медалийн эзэд болов. Байлдааны хурдан буудлагын 25 метрийн дасгалд О.Гүндэгмаа хүрэл хүртжээ.

Чөлөөт бөхийн 70 кг-д Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн тус тус хүрэл медаль хүртсэн бол 97 кг-д Д.Хүдэрбулга мөнгө медалийн эзэн болсноор энэ удаагийн Дэлхийн армийн спортын наадмыг Монголын баг тамирчид 13 медальтай 16 дугаар байрт шалгарлаа. Тус наадамд медалийн тоогоор ОХУ-ын баг тамирчид 59 алт, 43 мөнгө, 33 хүрэл нийт 135 медальтай тэргүүлж, Бразил, БНХАУ-ын баг тамирчид хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна.

Д.Өлзий

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг