sonin.mn
Ийм нэртэй нэгэн шинэ ном саяхан японд хэвлэгдэн гарчээ. Нэгэн үзүүрт сэтгэлээр ямарваа нэгэн юмны төлөө явна гэдэг тийм ч амар зүйл бус. 
 
Сумогийн алтан хараацайнуудын нэг болсон Кёкүтэнхо буюу Н.Цэвэгням Нагояагийн зуны башёо дуусгаад зодог тайллаа гэж мэдэгдэв. Тэрбээр анх 1992 онд Кёокшюүзан Батбаяртай хамт нэг дэвжээнд орж, 1996 онд Жүрёод, 1998 онд макүүчи дээд зиндаанд барилдсаар Каиогийн дээд зиндаанд 1444 удаа барилдсан рекордыг эвдэн 1470 удаа барилдаж түүхэн дээд рекорд тогтоосон билээ.
 
Тиймээс ч түүнийг япончууд Сумогийн домог хэмээн хүндэлж, өргөмжилсөөр ирсэн. Сумогийн хүнд бэрх бэлтгэлээс халширч, Монголын элчин лүү оргож очоод, нутаг руугаа буцаж байсан удаатай ч Ояагата нь Монголд ирж, янз бүрээр ятган японд эргэн аваачиж байсан гэдэг.
 
2012 оны зуны башёод 37 настайдаа түрүүлэн, эзэн хааны цомыг авч, тусгай шагналыг долоон удаа хүртэж, сумогийн түүхэнд хамгийн ахмад настай түрүү авсан бөх хэмээн тэмдэглэгдсэн юм. Түүнтэй товч ярилцасныг хүргэе.
 
Нүдэндээ нулимастайгаар барилдааныг дуусгасан.Яг тэр агшинд юу бодогдож байсан бэ?
 
-Эргээд бодоход 23 жил гаруй барилджээ. Энэ хамгийн сүүлчийн, дэвжээн дээр дахиад хэзээ ч гарахгүй гэж бодохоор л биеэ барьж дийлэхгүй байсан. Бас үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дуу, түрлэг, нэрийг минь бичсэн самбар бариад уухайлж байгаа хүмүүсийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, баяр бахдал төрж байсан.
 
Хакухо аврага түрүүлж, ялалтын параданд хамт явж байхад ямар санагдаж байв. Аврагатай юм ярьж амжив уу?
 
-Манай дэвжээ Аврагынхтай нэг гал болдог юм. Олон жил хамт бэлтгэл сургууль хийж, Аврагатай цуг их цагийг өнгөрүүлжээ. Өчигдөр Аврага шийдвэрлэх барилдаан байсан учир нүдээрээ хоёулаа дохилцоод өнгөрсөн. Аврагыг харахаар л цээжин дээр нэг юм тээглээд байсан. Аврага гарыг минь бариад л олон жил та хичээсэн шүү гээд нүдээрээ хэлэх шиг болсон. Зодог тайлж буй сүүлчийн өдөр Аврагатай хамт туг барьж, ялалтын параданд цуг суугаад явахад үнэхээр их сэтгэл хөдөлж, баярлан бахдах сэтгэл төрж байсан.
 
Зодог тайлсаны дараа таньд одоо юу бодогдож байна вэ?
 
-Өнөөдөр тувт сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөөд тун завгүй явна. Дөчин нас хүртлээ барилдаж болдог юм байна гэдгийг залуу үеийнхэндээ харууллаа гэж бодож байна. Их л олон юм бодогдож байна даа одоо.
 
-Цаашид та юу хийх вэ?
 
Одоо хоёр жил гаруй Оошима дэвжээнийхээ туслах багш хийнэ. Ирээдүйдээ дэвжээгээ өвлөн авч ояагата болно доо. Тэр хүртэл суралцах юм их байна.
 
Үс авхуулах ёслолоо товлов уу?
 
Ирэх жилийн таван сард хийхээр ярьж байна
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин