sonin.mn
Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран наймдугаар сарын 8, 9 - ний өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам – Хүрээ цам - 2015” наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болох юм.
 
Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдах бөгөөд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх тэмдгийг гардуулах юм. Энэхүү олгосон цол нь зөвхөн “Даншиг – Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн даваа бүрт түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал олгоно.
 
Үндэсний бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 7 – ны өдрийн 09-18 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спорт хорооны байранд бүртгэх юм. Аймаг, дүүргүүд барилдах бөхийнхөө мэдүүлгийг энэ сарын 6-ны өдөр багтааж нийслэлийн Биеийн тамир, спортын газарт ирүүлнэ. 
 
Хурдан морины уралдаанд Азарга, Их нас, Соёолон насны цэвэр цусны Монгол морь, Жороо морь уралдах бөгөөд бүртгэлийг энэ сарын 7-ны өдөр Хүй долоон худагт хийнэ. Үндэсний сурын харваанд оролцох харваачдыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын Сурын талбайд энэ сарын 7-ны өдөр бүртгэнэ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.