sonin.mn
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо нутгийн зон олонтойгоо Хөдөлмөрийн баатар цолныхоо наадмыг хийлээ.
 
Нагоя башёд түрүүлж, 35 дахь түрүүгээ хүртсэн тэрбээр даваа гарагийн орой эх орондоо ирсэн юм. Түүнийг өнөөдөр Төв аймгийн удирдлагууд болон нутгийн зон олон нь ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан бөгөөд тэрбээр аймгийнхаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн очиж наадмаа эхлүүлжээ. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртсэн Хөдөлмөрийн баатар цолондоо хүндэтгэл илэрхийлж, нутаг ус, ард түмэндээ талархал илэрхийлж буй энэхүү наадамд зориулж их нас, даага насны морьдын уралдаан болон хүчит 128 бөх зодоглосон юм. Барилдаанд Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын түүхэнд аав хүү хоёр анх удаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг