sonin.mn
Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ анх удаа эмэгтэй тамирчдын дунд лигийн тэмцээнийг зохион байгуулж өчигдөр аваргаа тодрууллаа. Энэ сарын 21 -нд эхэлсэн “Эмэгтэйчүүдийн үндэсний лиг”-ийн тэмцээнд нийтдээ найман баг өрсөлдсөн байна.
 
Тэмцээний эхний өдрөөс л өнгөтэй байж өрсөлдөгчдөө онооны зөрүүтэй буулган авч байсан “Хад” багийн охид долоон тойргийн дараагаар долоон хожилтойгоор лигийн аварга багаар тодорч байна. 
 
Тэд эсрэг багийн хаалганд нийтдээ 22 гоол оруулж хоёрыг алдсан бөгөөд нэг тоглолтод дунджаар гурван гоол оруулж, байгаа гэсэн гайхалтай үзүүлэлтийг гаргаж чадлаа. Харин тэмцээний сүүлийн өдөр тэдэнтэй тоглосон “Монголын тэмүүлэл” баг дэд байрт орсон юм. 
 
МХБХ тэр дундаа ерөнхийлөгч А.Ганбаатарын хөгжлийн бодлогын хүрээнд багтсан эмэгтэй тамирчдыг дэмжиж ажиллах, уралдаан тэмцээнийг олонтаа
зохиох болсон энэхүү үйлс нь хөлбөмбөг сонирхогчид төдийгүй мэргэжлийн эрэгтэй тамирчид, багш дасгалжуулагчдын дунд талархууштай үйл явдал болж чадлаа. 
 
Энэхүү хөгжлийн бодлогын хөтөлбөрт багтсаны дагуу МХБХ-ны ерөнхийлөгчийн тушаалаар “Монголын тэмүүлэл” багийн дасгалжуулагч Ц.Ганболдыг гавьяаны одонгоор шагнасан байна.
 
М.Уугантамир
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин