sonin.mn
Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хаалттай хуралдаж, Тэд нийгэмд талцал үүсгээд байгаа хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн асуудлыг авч хэлэлцжээ.
 
Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэнийг нь зүүний магнайд гарч барилдуулахаа МҮБХ шийдэхгүй гэдгээ мэдэгдэн, баяр наадмын комисст шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавиад байсан юм.
 
ЗБХ-ны хуралдаанаас үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэж үзжээ. Энэ шийдвэр ёсоор Г.Өсөхбаяр зүүн жигүүрийн магнайд гарахаар болж байна.
 
Энэ талаар Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны дарга ХХАА-н дэд сайд Б.Батзоригоос тодруулахад “Бид хорооны хуралдаанаар бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зүйтэй гэж үзсэн. МҮБХ-нд бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх ёстой гэсэн шийдвэрээ хүргүүлнэ. Одоогийн байдлаар улсын их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл дуусаагүй байгаа учраас эцсийн шийдвэр гараагүй. Бөхийн бүртгэл дууссаны дараа МҮБХ дүрмийн дагуу өөрсдөө шийдэх эрхийг өгсөн” гэв.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг