sonin.mn
“Амьдралын тойрог” булангийн маань сурвалжлах баг энэ удаа үндэсний сурын алтан шар зурхай дээр өнжлөө. Бид Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Бурхан халдун” группийн харваач, Монгол Улсын гарамгай мэргэн Ц.Хүдэрчулууныг уншигчдынхаа нэрийн өмнөөс урьсан юм.
 
Монгол тулгатны дэнж хотойтол нааддаг дэлгэр зуны их цэнгэл айсуй. Өнгөрсөн жил баян ходоод болсон хүүхэд энэ жилийн наадамд түрүүллээ хэмээн зүүдэлж сэрээд түүнийг нь хүн мэдчихсэн юм шиг ичингүйрдэг гэдэг. Аварга, арслан, заан гээд залуу бөхчүүдийн бэлтгэл ч түрүүчээсээ ханасан сурагтай. Энэ наадмаар хэн түрүүлж, ямар буян хурд шандсаа гайхуулах бол гэсэн таавар, битүүхэн горьдлого, хүлээлттэй. Зуны хамгийн тод өнгө нь энэ. Тэр гэхийн тэмдэггүй ийм л нэгэн зурвасхан үед бүх сэтгэл, хүчээ шавхан бэлтгэл хийгчдийн нэгэнд харваачид зүй ёсоор орно.
 
Тэд бэлтгэлдээ гараад удаж байгаа нь андашгүй. Төв цэнгэлдэхийн орчимд үе үе уухайн дуу хадна. Алсаас харахад цэцэг хуар шиг өнгө өнгийн дээлтэй хүмүүс содон. Ойртон очиж сонирхвол эрхий мэргэн харваачид нумаа эвшээлгэж сумаа тавьж байна. Харин тэдний царай энэ нь тэр, тэр нь энэ гэлтгүй бүгдээрээ адилхан нар салхинд борложээ. Гэхдээ энэ үед юун царай зүс манатай. Тэдний хувьд алдаж болохгүй алтан мөчүүд яг одоо урсаж байна. Хэн хөлс, хүчээ илүү гаргасан нь энэ наадмаар чихэнд чимэгтэй мэдээ дуулгана.
 
Харваач хүн хараа хурц, бяртай байхаас гадна бэлтгэлээ ханатал хийх ёстой. Хамгийн гол нь сэтгэл зүйгээ бэлдэх нь чухал.
 
ГУРВАН ҮЕИЙН МЭРГЭЧҮҮЛ
 
Ц.Хүдэрчулуун мэргэний аавыг наадамчид сайн мэднэ. Монгол Улсын гарамгай мэргэн, Хөдөлмөрийн баатар А.Цэвээн агсан олон сайхан мэргэчүүлийг төрүүлсэн ачтан. Өдгөө тэдний зарим нь энэ баавайг аав минь, өвөө минь хэмээн эрхэмлэн залбирч, зарим нь багш минь хэмээн хүндэтгэн авгайлдаг.
 
Аав, хүү хоёулаа үндэсний сурын спортод гарамгай амжилт үзүүлж, өндөр цолонд хүрнэ гэдэг ховорхон тохиох хувь тавилан. Аавынхаа сэрүүн тунгалагт нь буюу 2012 оны улсын наадмаар амжилтыг нь давтаж дөрвөн удаа түрүүлж гарамгай мэргэн болж баярлуулсан хувь ерөөлтэй хүү, нийтлэлийн маань баатар. “Энэ яваа насны маань хамгийн баяр, жаргалтай мөч тэр л байсан гэж боддог” хэмээн өмрөх гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун 10 настайгаасаа үндэсний сурын спортоор хичээллэжээ. Анхны багш бас энэ спортод дурлахад нөлөөлсөн хүн аав нь.
 
Харин одоо гарамгай мэргэний ач хүү Х.Хүчитчулуун ч энэ спортоор маш идэвхтэй хичээллэж, бэлтгэлээ шуурхай хийж буй юм байна. Аав Ц.Хүдэрчулуун нь “Би дөрвөн хүүтэй. Гурав дахь хүү минь сур харваж байгаа. Энэ жилээс амжилт үзүүлнэ байх гэсэн битүүхэн горьдлоготой” хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулав. Өсвөрийн харваач Х.Хүчитчулуун Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн долдугаар ангид сурдаг юм байна.
 
ЭЭЛЭЭ ХАЙРЛАСАН ЭРЭЭНИЙ ЗУРХАЙ
 
Дорнод аймгийн Баян-Уул сум эртнээсээ хоёр том зурхай, буриад сурын харваатай. Улсын 17 мэргэнтэй. Энэ суманд буриад сур харвадаг Баян-Уулын, мөн  Эрээний зурхай гэж бий. Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн баг гэж байдаг. Энэ нь Эрээн давааны өвөрт байдаг үзэсгэлэнтэй сайхан газар юм. Дээр үед тэнд  Эрээний тэрэгний үйлдвэр гэж байжээ. Саяхан 70 жилийн ойгоо тэмдэглэсэн тус үйлдвэрт Эх орны дайны үед модон бул, модон дугуйтай морин тэрэг үйлдвэрлэж байсан аж. Эндээс гаралтай мундаг харваач олон бий.
 
А.Цэвээн агсан 1948 онд цэргээс халагдаж ирээд Эрээний тэрэгний үйлдвэрт ажилд оржээ. Тэрээр 1955 он хүртэл энэ үйлдвэрт ажиллаж, мөөр, бул, арал цавчиж тэрэг хийдэг байж. Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун “Би зургаан настай байхдаа Эрээний зурхай дээр аавтайгаа хамт очиж байлаа. Манай аав Т.Дашням, Мөнх-Очир гэсэн харваачидтай буриад сур харваж байсан. Хоёр талдаа саравчтай талбай дээр орой болгон харвадаг байв. Харахад их сонирхолтой, барлаад л” хэмээн энэ удмынханд ээлээ хайрласан Эрээний зурхайгаа дурсав. Буриад суранд уухайлахыг барлана гэдэг.
 
Баян-Уул суманд сурын спорт өндөр төвшинд хөгжсөн, үүнийгээ дагаад аль ч аймгийн төвд байхгүй олон мэргэчүүлтэй. Нэрлэбэл, Т.Дашням, Ц.Пүрэв, Ц.Гэнин А.Цэвээн, Ж.Ганболд, П.Гарамдорж, Л.Рэнцэндорж, Д.Ренчинханд, Б.Өлзийдэлгэр, Х.Даваажаргал. Эндээс сонирхолтой нэг түүхэн баримт нь 1986 оны улсын наадамд түрүүлж байсан Л.Рэнцэндорж нь гарамгай мэргэн Ц.Хүдэрчулууны авга ах юм. Гэтэл 1987 оны улсын наадамд Ц.Хүдэрчулуун, дараа жил нь А.Цэвээн гуай түрүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, гурван жил дараалан улсын наадмын түрүүг нэг удмын харваачид авч байсан онцлогтой.
 
Үүнээс гадна Монгол Улсын хэмжээнд 100 гаруй мэргэн цолтой харваач бий. Үүний 10 хувь нь Баян-Уулаас төрсөн байх юм. Тэднээс Х.Даваажаргал мэргэн улсын наадамд тав, нийтлэлийн маань баатар болох аав, хүү хоёр тус бүр дөрвөн удаа түрүүлснийг дээр дурдсан.
 
ААВЫН ҮЛДЭЭСЭН ӨВ
 
Сурын холбоог 1959 онд улсын мэргэн, анагаах ухааны доктор, профессор Д.Балдандорж гуай анх үүсгэн байгуулж, үндэсний сурыг спортын төрөлд оруулжээ. Түүнээс хойш сур уламжлалаа даган хөгжсөөр ирсэн түүхтэй. Үндэсний сурын алтан үеийнхэн бол тэр үеийн харваачид байсан гэхэд болно. 1970-аад оны үед Дорнод аймгийн Баян-Уул сумын Ц.Пүрэв, Ц.Гэнин, А.Цэвээн мэргэн, Булган аймгийн Бүрэгхангайн “улаан” Осор, одоо “Бурхан халдун” группийн харваач Жамбаа гуай, Д.Балдандорж, Дэлгэржав, Дашцэрэн, Ядамсүрэн, Лонжид, Адилбиш, Гонгор баатар нарын улсын мэргэчүүл ид мандаж байсан цаг.
 
                                   Аав, хүү хоёулаа гарамгай мэргэн. Аав А.Цэвээн, хүү Ц.Хүдэрчулуун.
 
Тэр үеийн сайн харваачдын техникийг хүүхэд байхаасаа ойроос харж, заримыг нь  гайхаж биширдэг байлаа, Ц.Хүдэрчулуун. 1980 онд 15 настайгаасаа анх өсвөр үеийн улсын наадмын харваанд түрүүлж өөрийнхөө амжилтыг эхлүүлсэн. 1981 онд хоёр дахь удаагаа улсын баяр наадамд түрүүлж нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, Хүүхдийн төлөө фондын тэргүүн Цэдэнбал Филатовагаас ч шагнал гардаж авч байжээ. 
 
Түүний аав хатуу ширүүн хүн байгаагүй. Зэмлэхдээ хүртэл ганц, хоёрхон  үг хэлээд л орхино. Гэхдээ тэр нь орой руу орж, ой тойнд үлдэнэ гэдэг нь янзтай. Багийн, цуваа харваанд тааруухан харвахад “Миний хүү ч харваач болох болоогүй байна. Нударга чинь тогтох болоогүй байна” гэж түүхий байгааг нь хэлдэг. Мужааны ажил хийхдээ хазгай цавчвал “Хазгай цавчсан хүн худалч байдаг” гэж хошин үгээр шоолж, шоглон “шар малтана”.
 
Өөрөө бол яг нэг ормон дээрээ харуулдсан юм шиг хачин тэгшхэн цавчдаг байжээ. Мөн “Харваачдаа хүндэлж яв” хэмээн захиж “Сурын буянаар бид өдий зэрэгтэй сайхан амьдарлаа” гэж байнга ярьдаг. Ямар ч нөхцөлд сэтгэл өндөр, өвгөн болсон хойноо ч цоглог, 85-тайдаа машинаа өөрөө барьж, 87 хүртлээ нум  урласаар байжээ. А.Цэвээн агсны аав ч бас мужаан хийдэг бурхан бүтээдэг З.Аюуш гэдэг хүн байв. 
 
Ц.Хүдэрчулуун “Аав минь бидэнд биет болоод биет бус соёлын асар их өвөөс үе уламжлуулан үлдээсэн. Надад аавын минь нум сум, хэрэглэж байсан багажнууд бий. Өвөөгийн маань хэрэглэж байсан харуул ч өвлөгдөж ирсэн. Энэ бүгдийг хадгалж, нандигнаж явдаг. Аавын минь олон эд зүйл надаас гадна манай зээ дүү Ц.Энхчулуунд байгаа. Аав нум урлаж байсан өөрийн технологийг зээ хүүдээ өвлүүлэн үлдээсэн юм. Аавын минь хийсэн нум чанартай байлаа. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Аавын минь урласан нумаар олон хүн улсын мэргэн цолонд хүрлээ” гэв.
 
А.Цэвээн агсны урласан ганц нумаар Баян-Өлгий аймгийн Булган сумын 80 харваач 1993 оны үед дамнаж харваж байжээ. Энэ нум 80 харваач харвасны дараа ч хатуу чигээрээ байсан аж. Гэтэл одоо цагийн нумыг хоёр дамнаж харвахад л зөөлөрдөг юм байна. 1930-1940 оны үед сурын спортыг лам нарын тоглоом гэж хааж боож байснаас нэг хэсэг зогсонги байдалд орж, бүр нум урлаачгүй болох шахжээ.
 
Хэлмэгдүүлэлтийн сүүдэр цаашилж, 1970-аад оны үед Ц.Пүрэв мэргэний хийсэн нум үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Залгуулаад Ц.Гэнин, А.Цэвээн, Сүхбаатар гуай нум сум хийдэг болжээ. Одоо ч гэсэн Сүхбаатар гуай нумаа хийж байгаа гэнэ. Мөн нум урладаг 5-6 газар байгаа аж. Өнөөдрийн зах зээлийн ханшаар нэг нум 600 мянган төгрөгт хүрчээ.
 
ИЖИЙН СУРГААЛ
 
Түүний ээж Н.Балам агсан “Баян болох заяаных, бурхан болох санааных” гэж үр хүүхэддээ зааж сургадаг байжээ. Энэ нь аливаа зүйлд айхтар их улайрч, шунаж болохгүй гэсэн утгатай. Мөн юм болгон хуваарьтай. Тэр нь оногдвол чи улсын наадамд түрүүлнэ гэдэг байж. Хүү нь наадамд байр эзэлсэнгүй эсвэл хоёрдугаар байрт орсон доо жаахан тиймэрхүү, муухай царайлаад очих үе ч байсан биз.
 
Тамирчин хүн олон жилийн нөр их хөдөлмөрөөр амжилтад хүрдэг. Түүнийг ээж нь мэддэг учраас үр, ханьдаа уужим сэтгэлээр хандана. Хэдхэн минутын дотор л хүнийг тайвшруулж чадах үгийг хэлдэг нэгэн байжээ. Тиймээс ч тэр үү Ц.Хүдэрчулуун наадамд заавал түрүүлэх юмсан гэж улайрч дайраад байдаггүй. Харин бэлтгэлдээ их ач холбогдол өгнө.
 
Наадмаар байгаа онож түрүүлсэн ч, сум алдаж эс түрүүлсэн ч амьдралынхаа ихэнх цаг хугацааг зурхай дээрээ бэлтгэл хийж өнгөрүүлдэг. Бүтэн жил бэлтгэл хийгээд нэг л харваач түрүүлнэ. Иймээс ялж, ялагдахаас эхлээд сурах зүйл зөндөө бий. Сурын спортоор хичээллэхэд ер нь эв шаардана. Тэгээд хараа хурц, бяртай байх хэрэгтэй. Хамгийн гол нь сэтгэл зүйгээ хэн удирдаж чадсан нь өндөр оноо авч, амжилт үзүүлэх магадлалтай.
 
Түүнээс биш унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр “Би бэлтгэлгүйгээс ингэчихлээ”, “Нум сум таарсангүй”. “Салхи, нар таарсангүй” гээд алдсан харваачид олон үг ярихад туйлаас дургүй. Салхи баруун, зүүн, урдаас гарлаа ч байгаа онодог л байх хэрэгтэй. Энэ үед хараагаа зөв тохируулж, сандрахгүй байх нь чухал. Яарч сандарна гэдэг бэлтгэл ханаагүйн шинж байдаг аж. Тиймээс ч өвөл, зунгүй бэлтгэл хийдэг.
 
Зун наадмын өмнө 1-2 сар эрчимжүүлсэн бэлтгэлд гарна. Өвөл зааланд байнга бэлтгэл хийдэг юм байна. Хүйтний улиралд бэлтгэл хийх орчин өөрчлөгддөг ч ойрын зайд гаргадаг зарим төрлийн алдаагаа засч авдаг. Ямар ч дуу шуугиангүй тайван орчинд сургуулилт хийхэд анхаарал сайн төвлөрөхөөс гадна урд гар, хойд гарын алдаагүй болно.
 
Өөрөөр хэлбэл, хамаг алдаагаа засах ажлыг өвөл нь хийдэг. Тамирчин хүн яагаа ч үгүй эрт сэтгэл ханаж болохгүй. Үүнээс болж алдаа их гардаг аж. Бөхөд олон төрлийн мэх байдаг шиг сурын харваанд ч гэсэн олон алдаа байдаг. Залуу харваачид бэлтгэл сургуулилт бага хийснээс л санаанд оромгүй алдаа гаргачихаад байдаг гэнэ. Урд гар нь шувтрах, хойд гар нь хариулах ч юм уу, ер нь алдаа мундахгүй.
 
Харваа эхлээд сайхан жигдрээд явж байтал шинэ төрлийн алдаа гарах жишээний. Бүр өчүүхэн зүйл дээр ч алдаа гарч ирдэг. Иймээс л сурын харваа гэдэг маш нарийн спорт. Тухайлбал, улсын наадмаар санаандгүй алдаа их хийдэг. Их халуунд хүйтэн усаар нүүр, хүзүү, толгойгоо угааж шавшаад гүйнэ. Яг харвах болтол гар дээрээ зурсан тэмдэг нь байхгүй болчихсон байдаг.
 
Тэгээд нэг сум алдахад оноо навс доошоо унана. Улсын наадмын нэг сум гэдэг алтны үнэтэй. Харваачид овоо хараагаа орлуулж гаран дээрээ тэмдэг зурдаг юм. Энэ зураасыг мм-ийн зөрүүтэй шагайхад л их том алдаа гарах үндэс болно. Овоо хараатай, овоо хараагүй гэдгээрээ л өөр болохоос биш зарчмын хувьд буудлага, байт харваа, нум сум ялгаагүй. 
 
ХУГ, ХУГ НЬ ХУДАЛ БАЙХ...
 
Халх сурын харваа нь 75 метрээс хана, хасааны нийт 40 сум харвадаг бол буриад сурын харваанд 30, 45 метрээс нийт 64 сум харвана. Урианхай суранд 30, 40 метрээс нийт 30 сум харваж өрсөлддөг. Урианхай сурын харваанд харваач нумаа татаж байхад нь өрсөлдөгчөө сэтгэл санааны дайралтад оруулах зорилгоор алд алд гэсэн утгатайгаар хуг хуг гэж хэлдэг юм байна.
 
Энэ нь гарамгай мэргэнд таалагддаггүй гэнэ. Халх, буриад сурын харваанд харваачаа оноосой, дахиад оноод өгөөрэй гэж уухайлдаг. Монголчууд амны билгээс ашдын билэг хэмээн үзэж ерөөл тавьдаг ард түмэн. Үгэнд амь, сүнс бий гэсэн санаа учраас гарамгай мэргэний “онол”, гаргалгаа зөв ч байж мэднэ. Тэрээр “Урианхай, буриад, халх, аль нь ч байлаа цус нэгтэй л ард түмэн. Тиймээс ёс заншилд ч айхтар их зөрүү байхгүй болов уу.
 
Өөрөөр хэлбэл, би жинхэнэ уламжлалдаа ийм зүйл байгаагүй гэж боддог. Харин өрсөлдөгч нь онож байхад хайдаа гэдэг нь урианхайгаар уухайдаа гэсэн үг. Магнай гээд хамгийн эхнийхээ сумыг оно, хормой гэж байгаа нь оносон сумыг чинь хормойлъё гэсэн утгатай. Ийм сайхан уламжлалт үгнүүд ч байдаг. Үүнийг эд нар маань хэрэгжүүлж байгаа мөртлөө хажуугаар нь буруу юм бас хөгжүүлээд байна уу даа гэж боддог. Сүүлийн үед л ийм болчихлоо” гэлээ.
 
Халх сурын харваанд нас хамаагүй хамгийн өндөр цолтнууд нь эхний зурхайгаа ахалж босдог. Энэ утгаараа их сурын харваа бусдаасаа ялгаатай. Буриад сурын харваа болохоор ахмад настнаа хүндэтгэнэ. Урианхай сур мөн өндөр цолтнууд урд нь зогсдог аж.
 
Эмэгтэй харваачдын хувьд их дайчин, эрэмгий байж л шалгарч үлддэг. Харин урианхай сурд эмэгтэйчүүд огт харвадаггүй. Буриад, халх суранд хүүхнүүд харвадаг. Эртний энэ уламжлалаа одоо ч  хадгалсаар байгаа. “Тиймээс бүсгүйчүүд маань энэ ёс жаягаараа сур харваж байг гэж би боддог. Гэхдээ нэг зурхайд эрэгтэй, эмэгтэй хүмүүс холилдож харвах утгагүй.
 
Хөдөлмөр хамгаалал талаасаа аюултай. Эмэгтэйчүүд 65, эрчүүд нь 75 метрээс харвадаг. 2000 оноос өмнө буюу Д.Балдандорж гуайн үед эмэгтэй харваачид тусдаа харвадаг байсан нь их зөв. Одоо холилдож харвахад их түвэгтэй байдаг. Хүүхнүүд нь суманд оногдож, өртчих гээд хэцүү. Эрчүүдийн сумны хурд их” хэмээн Монгол Улсын гарамгай мэргэн, “Бурхан халдун” группийн дасгалжуулагч Ц.Хүдэрчулуун ярьж байна.
 
Сүүлийн үед харваачдын талаас илүү хувь нь шинэ залуу хүмүүс болцгоожээ. Ялангуяа, сүүлийн 2-3 жилд үндэсний сурын спорт гайхалтай хурдацтай хөгжиж байгаа юм. Улсын мэргэн Лонжид, Адилбиш, Дашцэрэн, А.Цэвээн, Ш.Даваахүү, Ц.Хүдэрчулуун гээд ардын хувьсгалын жилүүдэд улсын наадамд дөрвөн удаа түрүүлсэн зургаан харваач бий. Харин эмэгтэй харваачдаас Мөнхцэцэг мэргэн улсын наадамд зургаа, Х.Даваажаргал мэргэн тав түрүүлжээ.
 
Эрэмбэ, чансаагаар нь жагсаавал одоо Төв аймгийн Х.Оюунчимэг мэргэн улсын наадамд дөрөв дараалан түрүүлчихээд байна. Мөн “Хангарьд”-ын харваач Л.Отгонбаяр сүүлийн дөрвөн жилийн наадмын гуравт нь түрүүлсэн байгаа. Тэдний араас шил даран олон сайхан залуу харваачид төрж, олимп, дэлхийн аваргууд гарч ирнэ.
 
XIII зууны үеийн эвэр элэгтэй, шөрмөсөн артай овоо хараагүй нумаар нарийн харваж байгаа хүмүүс чинь овоо хараатай буугаар яаж буудаж, байт харваанд ямар амжилт үзүүлэх вэ гэдэг нь тодорхой. Энэ нь ч одоо батлагдаж шинэ аваргууд гарч ирж байна. Үндэсний сураас байт харваанд орсон харваачид байгаа. Тухайлбал, Б.Ёндон мэргэний дүү Б.Адьяасүрэн шигшээ багийн эхний нэг үү, хоёрт уу л гэж бичигдэж байна.
 
Мөн Говь-Алтай аймгийн харваач Энхжаргалын охин Өнөзаяа улсын чанартай тэмцээнд түрүүлсэн сураг байсан. Үндэсний овоо хараагүй хатуу нумаар нарийн харваж байгаа залуучууд байт харваагаар хичээллэхэд алдах зүйлгүй. Харин ч нударга нь сайн болж байгаа. Тиймээс байт харвааг үндэсний харваатай улам сайн холбож өгөх хэрэгтэй гэж тэрээр үздэг юм билээ.
 
ТӨР, ТҮМНИЙ ТҮШИГ
 
Тэмцээн уралдаан, бэлтгэлийн үеийн хамгийн сайн дэмжигч, туслагч нь тамирчдын ар гэр байдаг. Түүний гэр бүлийн хүнийг Г.Нармандах гэдэг. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат. Одоо Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн лабораторийн эрхлэгч. Хадам аав Л.Гомбодорж агсан Сүхбаатар аймгийн номын санд нягтлан, ээж М.Оюунчимэг Хөдөө аж ахуйн удирдах газарт эдийн засагч хийж байгаад тэтгэвэртээ гарчээ.
 
Сурын бэлтгэлдээ гарахад ямар л ажил төрөл байна тэр бүгд орхигдоно. Энэ бүхнийг хань ижил, ах, дүү нар ойлгож түшдэгт тэрээр байнга талархалтай ханддаг. Мөн айл гэрийн арын албаны ачааг үүрч явдаг гэргий нь өнгөрсөн жил отгон хүүг нь төрүүлж өгснийг хувь тавилангийн бэлэг хэмээн хөөрч баярлах юм.
 
Мөн тэрээр “Манай Баянзүрх дүүргийн баг “Бурхан халдун” группийн дэмжлэгээр л өдий зэрэгтэй, чамлахааргүй өндөр амжилт үзүүлж яваа. Өнгөрсөн жил манай шавь нараас улсын аваргаас хүрэл медаль авсан. Өвөл хамтран бэлтгэл хийдэг 111 дүгээр сургуулийн “Хавт Хасар” клубын өсвөрийн харваач Бямбацогт маань ийм амжилт үзүүллээ. Манай аавд хадаг барьж шавь орсон хүүхдүүд одоо манай багт миний дасгалжуулалтаар хичээллэж байгаа. Аавынхаа нэрийг өндөрт өргөхийн тулд тэднийгээ улам өндөр хэмжээнд харваач болоосой гэж хүсч, залбирч явдаг” гэв.
 
Тэдний багт 20-оод харваач, найман спортын мастер, улсын мэргэн нэг бий.  Буриад сурын 2012 оны улсын аварга Т.Баярбат, буриад сурын улсын баяр наадмын 2007 оны түрүү Б.Амарсайхан, уламжлалт харвааны 2014 оны үндэсний наадмын түрүү Ц.Энхчулуун гээд эдний галд цэцтэй харваачид бий. Бөмбөг намнах харваанд ч энэ баг өндөр амжилт үзүүлсээр ирсэн.
 
“Цагаан шонхор” холдингийн ерөнхийлөгч, Сурын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван жил бүр харваачдыг мялааж, хамгийн өндөр буюу 20 сая төгрөгийн шагналтай тэмцээнийг зохион байгуулдаг. 50 метрээс бөмбөг намнаж хамгийн олон оносон харваач энэ шагналыг авдаг юм. 2010, 2011 онд энэ шагналын анхны болон хоёр дахийг нь гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун авчээ. Гурав дахийг нь түүний шавь, Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Р.Амарболд, 2013 оны шагналыг мөн л “Бурхан Халдун” группийн харваач Ц.Энхчулуун авчээ. Харин өнгөрсөн оны шагналыг “Хангарьд”-ын гавьяат тамирчин Ш.Даваахүү авсан байна.
 
512 МЕТР ГАЗАР ХАРВАДАГ НУМ ХИЙХ МӨРӨӨДӨЛТЭЙ
 
Политехникийн дээд сургуулийг 1989 онд төгсөөд Ц.Хүдэрчулуун Нийтийн аж ахуйн үйлчилгээний хүрээлэнд таван жил зохион бүтээгч инженерээр ажиллахдаа нум хийх уламжлалт технологийг судалжээ. Одоо аавынхаа нум яаж наадаг байсныг нарийн судалж байгаа гэнэ. Тэрээр “Монгол нумны нарийн хийцэнд  бид байтугай аав хүртэл мэдэхгүй зүйл байсан юм билээ.
 
Тиймээс Чингисийн үеийн тэр мундаг 335 алд буюу 512 метр газар харваж байсан нумыг хийж чадахгүй байгаа юм. Миний нэг мөрөөдөл энэ нумыг дахин сэргээж хийх юм. Одоогоор монголчуудын хийсэн нумаас хамгийн хол харвасан нь аавын минь хийсэн нум. Үүнийг улам чанаржуулахын тулд судалгаа хийж байна” гэв.
 
Тэрээр хоёр япон шавьтай. Зарим жилийн наадмаар ирж харвадаг. Саката сан монгол харваачидтай холилдоод тоос шороонд бэлтгэлээ хийж байсан түүхтэй. Мягова сан морин дээрээс харвадаг. Одоо халх сураар хичээллэж байгаа. Жилд 7-14 хоногоор ирж бэлтгэл хийдэг юм байна.
 
Гарамгай мэргэн эцэг эхээс зургуулаа ч одоо тавуулаа үлджээ. Ц.Хүдэрчулуун “Би нэг ах, хоёр эгчтэй. Манай ах, дүү хоёр халх сураар сайн харвадаг байсан. Зах зээл ч болж энэ хоёр маань бизнес, амьдралаа бодсон доо. Миний хувьд энэ хоёроо төлөөлөөд бас түшээд явж байгаа. Тэд маань намайг дэмжихгүй бол би яаж энэ сураар хичээллэх вэ. Ах, дүү хоёрыгоо зөв сонголт хийсэн гэж боддог” хэмээн ажил амьдралынхаа зорилго, мөрөөдөл, түүхээс хуваалцлаа.
 
Г.ГАНЧИМЭГ,
Р.ОЮУН
Эх сурвалж: