sonin.mn
Хубилай хааны ордны тоглоом байсан шагайн харвааг хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэн авав. Бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж монголчууд эртнээс шагайг хүндэтгэж ирсэн билээ. Мөн шагайн харваа нь ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг гэж үздэг учраас 2001 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын төрөлд багтааж, албан ёсны дүрэмтэй болгосон юм. 
 
Манай улс уламжлалт шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгүүлэх хүсэлтээ өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан байна. Улмаар ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны есдүгээр хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцсэн ба Монгол Улсаас нэр дэвшүүлсэн шагайн харвааг “Хүн төрөлхтөний төлөөллийн жагсаалт”-д бүртгэн авлаа. 
 
Бүртгэн авсан батламжийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн баасан гаригт Засгийн газарт гардуулан өглөө. Энэхүү үйл ажиллагааны үеэр “Дэлхийд данстай Монгол өв” гэрэл зургийн үзэсгэлэн, “Шагайн харваа” соёлын биет бус өвийн тухай баримтат киног үзүүлж сонирхуулсан юм.
 
Х.Эрдэнэ
Эх сурвалж: