sonin.mn
Өнгөрсөн пүрэв гарагт 5D фитнесс клубт сонирхолтой шоу болсон нь Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат, шатрын Их мастер А.Энхтуул нар хүчний дасгал хийхийн зэрэгцээ шатрын түргэн тоглолт байлаа.
 
Халз тоглолтын цаг нь талдаа 10 минут бөгөөд аварга, их мастер хоёр шатар тоглох явцдаа тодорхой тооны хүчний дасгалыг хийж өрсөлдсөн байна. Шоу тоглолтоор аваргын хувьд суниалтыг, харин А.Энхтуул гэдэсний таталтыг нэг оролтондоо заавал 12 удаа хийх журамтай байв. Биеийн хүчний спортыг оюуны спорттой хослуулсан тоглолтыг олон улсад CrossFit Chess хэмээн нэрлэдэг байна.
 
Энэ тоглолтын цаг дуусахад дөрвөн минут дутуу байхад хоёр тал тус бүр ноён, дөрвөн хүүтэй үлдэж тэнцүүхэн төгсгөлд хүрсэн бөгөөд тэд эвийн гэрээг байгуулснаар тэнцжээ.
 
Дашрамд сонирхуулахад, А.Сүхбат аварга 1984 онд Спорт сургалтын төвд бэлтгэл хийдэг байхдаа хүргэн дүү Б.Гантогтохын хамт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн багшид шавь орж, шатрын А-г заалгаж байжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг