sonin.mn
Монголын шатарчдаас долоо дахь, эмэгтэйчүүдээс гурав дахь Их мастер цолтон А.Энхтуул ирэх сарын эхээр АНЭУ-ын Абу-Даби хотноо байрлах Азийн шатрын холбооны төвийг зорих юм.
 
Түүнд тус холбооноос өндөр хангамжтай, албан тушаалын саналыг тавьсан байна. Тэрбээр бизнесийн удирдлагын чиглэлээр их сургууль төгссөн ч шатрынхаа төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ хэлж байв. Монгол хүн Азийн шатрын холбоо/АШХ/-нд урилгаар ажиллаж байгаа анхны тохиолдол болж байна.
 
Азийн шатрын холбооны мэргэжилтэн болоход олон шалгуур давдаг. Шатрын олон улсын цолтой байх бөгөөд эзэмшсэн мэргэжлээс гадна 2-3 гадаад хэлтэй байх ёстой. А.Энхтуулын хувьд англи, орос хэлээр чөлөөтэй ярина. Мөн Хятад хэлээр ойлголцоно. АШХ-ны мэргэжилтний албыг тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл гүйцэтгэх юм.
 
Их мастер А.Энхтуул энэ сарын 27-ны өдөр хоёр дахь удаагаа English School of Mongolia сургуулийн сурагч, багш, ажилчидтай зэрэг тоглолт хийхээр болжээ. Өнгөрсөн нэгдүгээр сүүлчээр А.Энхтуул өндөр чансаатай “Москва опен” тэмцээнд тав дахь удаагаа оролцож VIII байрт шалгарчээ.
 
Энэ удаа эмэгтэй залуу их мастеруудын ангилалд ОХУ, Польш, Гүрж, Казахстаны шилдэг тамирчидтай тойргоор тогложээ. Урьд нь уг тэмцээний эрэгтэйчүүдийн нээлттэй ангилалд тоглодог байв. Тэндээсээ АНУ-ыг зорьж Лас Вегас хотын шатрын клубын урилгаар 15 хүнтэй зэрэг тоглолт хийжээ.
 
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн шатрын олимпиад хоёр жилд тутамд зохион байгуулдаг том наадам. А.Энхтуул нь 2012, 2014 оны дэлхийн шатрын олимпиадад улсынхаа шигшээ багт оролцоогүй. Харин уг олимпиадад АШХ-ны урилгаар сэтгүүлчээр ажилласан нь холбоондоо ажиллах боломжийг илүү бататгаж өгчээ.
 
Тэрбээр 2008 онд Дэлхийн шатрын 38 дугаар олимпиад болсон Германы Дрезден хотноо улсынхаа шигшээ багт 14-хөн настай тоглож байсан билээ. Тухайн үед 11 өрөг тоглоход Их мастер Б.Мөнгөнтуул, Ц.Мөнхчулуун нар 7.0 оноо, Д.Янжинлхам 3.5 оноо авч 47 орноос 17-р байрт орж байв. Харин багийнхаа хамгийн залуу гишүүн А.Энхтуул таван хожил, хоёр тэнцээ, дөрвөн хожигдолтойгоор 6.0 оноогоор тэмцээнийг өндөрлүүлсэн юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг