sonin.mn

Уулын спортын ОУХМ, Олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, 74 настай ахмад тамирчин Т.Гүррагчаа Эверестийн ноён оргил Жомолунгма-д ирэх 4-5-р сард авиралт хийхээр бэлтгэлээ базааж байгаа талаар “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.

Тус хуралд ахмад уулчин Т.Гүррагчаа, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч, армийн генерал Ж.Гүррагчаа, зохицуулагч Г.Нэргүй, Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан, МУҮХ-ны тэргүүлэгч гишүүн, спорт авиралтын багш Батжаргал, Ховд аймгийн Манхан сумын Засаг дарга С.Гантөмөр нар оролцлоо. Тэрбээр цаст Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргилын Мерапека, Лобуче хоёр оргил дээр 2001 онд гарч байжээ. Мөн Т.Гүррагчаа нь Казахстан, Киргиз хоёр улсын хилийн зааг дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрт өргөгдсөн Хан тэнгэр оргилд 1990 онд авирч гарсан туршлагатай уулчин юм.

Далайн түвшнээс дээш 8850 метр өндөрт орших Жомолунгма уулын оргилд 74 настай уулчин авирч гарсан түүх байхгүй бөгөөд Монголын ахмад уулчин уг оргилд гарна гэдэгтээ итгэл төгс байгаа гэв. Тэрбээр бэлтгэлээ эрчимтэй базааж байгаа аж. Энэхүү авиралтын төлбөр, замын зардал нь 110 сая орчим төгрөгт багтах бөгөөд ОБЕГ, Уулын спортын холбооноос санаачлан “Монголчууд Эверестийн оргил өөд хамтдаа” хандивын аян зохион байгуулж байгаа юм. Уг хандивын аяны хүрээнд залуу хойч үедээ уулын спортоор дамжуулан эх оронч үзлийг төлөвшүүлэх, бахархал тэмүүллийг бадраах, онцгой байдлын албаны аврагчдын ур чадварыг хөгжүүлэх, монгол хүний эр зориг, тэсвэр хатуужлыг дэлхий дахинд батлан таниулах зорилт агуулжээ.

Хандивын данс: төгрөгийн- ХААН банк 5862024004 ам.долларын – Төрийн банк 104200185438 Цахим хаяг: www.gurragchaa.com

Д.Өлзий 

Эх сурвалж: