sonin.mn

Ийм хэлц үг байдаг. Үнэн үг юмаа даа. Саявтар шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдлан бөхийн өргөөнд болсон. Яахав. Уг барилдаан болдгоороо л болсон. Харин нөгөө л улиг болон яригддаг шүүлтийн алдаа л харагдлаа.Тухайлбал ут барилдааны зургаагийн даваанд улсын заан Д.Баасандорж аймгийн арслан Ч.Ганзориг хоёрын барилдааны унаа, давааг шал буруу шийдлээ.

Тэгээд дахиж барилдуулав. Уг нь Ч.Ганзориг арслан мэх хийж хоёул унах үед Баасандорж зааны өвдөг түрүүлж газардсан. Тэгээд сүүлд нь Баасандорж заан түрүүлчихдэг юм. Нөгөө шороотой бөх. Барилдааныг телевизийн удаашруулсан бичлэгээр хэд хэд харуулахад бүр тодорхой байсан шүү дээ. Гэтэл цэц, засуулууд нүдэн балай, чихэн дүлий гэгчээр буруу шийдэх юм.

Засуулууд малгай барихаас өөр үүргээ мартаж цэцүүд нь сургаар шийдвэрээ гаргадаг нь хэвээр байна. Яахаараа Бөхийн өргөөнд нэг томоохон дэлгэц байрлуулчихаж болдоггүй юм бэ. Буянт-Ухаа спорт ордонд чөлөөт, жүдогийн томоохон тэмцээн хааяа болоход дэлгэцээр барилдааны явцыг давтан хараад л зөвийг олж байдаг. Сүмогийн бэлэн жишээ ч бий дээ.

Уржигдар болсон барилдаанд бас улсын өсөх идэр начин Э.Энхбат, аймгийн начин Дарханбат нарын барилдааныг бас л буруу шүүв. Яах ч аргагүй залуу бөх давж харагдсан шүү дээ. Улсын цолтнууд ч жудаг муутай унаж үзээгүй юм шиг маргаад зогсчихдог. Тэгэхээр нь засуулууд нь ерөнхий цэц хэмээх өндөр суудалд суугаад нэг өвгөн рүү гүйж очдог.

Тэр нь засуулуудын үгийг жаахан чагнаж байгаад сургаар шийд гаргадаг. Ийм л байна шүү дээ. Бөхийн өргөөнд тийм дэлгэц авчих хөрөнгө байдаггүй юм бол бөхөд гараа сунгадаг томоохон компаниудаас тусламж гуйгаач. Аваад өгнө дөө.

Баянгол дүүргийн VIII хорооны иргэн Н.Бат