sonin.mn

Зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит улсын 2015 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-24-нд СТО-д болж шинэ аваргуудаа тодруулав.

Олимпийн наадмын өмнөх жилийн тун хариуцлагатай уг тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй найман жинд хот, орон нутгийн 31 байгууллагын 229 тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө. Улсын аварга болсон боксчид тив болон ДАШТ-д оролцох эрхтэй болох төдийгүй энэ тэмцээнүүдээс олимпийн эрх авах хатуу даалгавартай.

Энэ удаагийн УАШТ-ий хамгийн оргил тулаан эрэгтэйчүүдийн 64 кг жингийн аваргын төлөөх тоглолт байсан юм. ДАШТ-ий хошой хүрэл, Дэлхийн цомын АШТ-ий мөнгө, Лондонгийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзоригтой хийсэн тулаан ийнхүү олны анхаарлыг татсан. Гал гарсан эн тэнцүү ширүүн тулааны эцэст гавьяатыг, Б.Чинзориг 2:1-ээр ялснаар хоёр жил дараалан Монгол Улсын аваргын алтан медалийн эзэн боллоо.

Энэ удаагийн УАШТ-д нэг жинд эн тэнцүү ур чадвартай шинэ залуу тамирчид олноор гарч ирсэн нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож байсан юм. Ялангуяа эрэгтэйчүүдийн 49, 52, 60, 64, 69 кг-д, мөн эмэгтэйчүүдийн хөнгөн жингүүдэд эн тэнцүү олон залуу тамирчид бэлтгэгдэж байгаа нь харагдаж байв.

Д.Өлзий

Эх сурвалж: