sonin.mn

/Упсын арслан Б.Жамъяндорж гуай 2001 онд сэтгүүлч П.Хашчулуунтай ийн хөөрөлджээ./

Уул нь энэ хүнийг Бямбын Жамъяндорж гэдэг юм. Одоо бол Б.Жамъяндорж гэхээсээ “Тэмээ өргөдөг" гэж дуудах нь нэгэнт нэр нь болсон. Өөрөө ч энэ нэрэндээ дассан бөгөөд аягүй бол хүн жинхэнэ нэрийг нь асуувал түгдэрч магадгүй болов уу.

Залуу цагтаа нас гүйцсэн бүдүун атыг ганцаараа өргөж үзсэн. Гэтэл хүмуус үнэмшихгүй болохоор нь хотын зах дээр очоод олон хүний нүдэн дээр /тэр үеийн сонин хэвлэлийнхэн ч байсан гэдэг/ дахиад л бүдүүн ат өргөж гайхуулж явсан ийм л хүний яриаг та бүхэндээ хүргэж байна.

-Ө.Эрдэнэ-Очир арслан та хоёр биенийхээ бяртайг гайхдаг. Гэтэл бусад бөхчүүд болохоор та хоёрын бяранд хүрдэггүй байснаа ярьдаг. Ингэхээр Эрдэнэ-Очир гуай та хоёрын чухам хэн нь илүү бяртай байснаас нэгэн үеийн Монголын хүчтэн тодрох нь ээ?

-Эрдэнэ-Очир арслан бид яах аргагүй нэг үеийн бөхчүүд. Бид хоёр аваа өгөөтэй явсан. Цаадахтай чинь ширүүн хурц барилдвал дийлэхгүй. Жижигхэн юмаар “Догшин морины толгойд хүрэх гэж байгаа юм шиг" илж барилдвал би хаядаг байсан юм.

Би өөрийгөө илүү гэж хэлж чадахгүй. Ямартай ч Эрдэнэ-Очирыг Түвдэндорж аваргаас илүү бяртай гэдгийг харин хэлье. Намайг болохоор Сосорбарам арслан, Дагвасүрэн арслан нар “Ээ, энэ тэмээ өргөдөг хэцүү шүү. Мангартуулж байж хаяхгүй бол” гэдэг юм билээ.

-Танд улсад түрүүлэх боломж байсан уу?

-Надад дөрвөн удаа улсад түрүүлэх боломж байсан. 1959 оны наадмаар би улсад түрүүлнэ гэж ирээд тавын даваанд уначихсан. Ер нь гайгүй барилдах үедээ хүүхдээ алдаад сэтгэл санаа жаахан тиймэрхүү байдалтай ирж байсан нь барилдахад нөлөөлсөн юм. Ах нь халхын наадамд цөөхөн ирсэн дээ.

-Наадмын бэлтгэлээ хэрхэн базаадаг байв?

-Хөдөө ямар бэлтгэлээ хийдэг юм. Би сургуульд нярав хийдэг байлаа. Наадам дөхөөд ирэхээр захирлаасаа долоо хоногийн чөлөө аваад 51 машин дээр суугаад давхиад ирнэ. Гэхдээ бэлтгэл дутуу байгаа маань их мэдрэгддэг юм. Гар бадайрна.

Гэлээ гээд яахав дээ, яс үзнэ шүү дээ. Одоо бодож байхад аав ээжээс заяасан байгалийн юмаараа барилдаж байсан байх. Би залуудаа болж өгвөл уучихдаг байлаа. Тэгсэн улсын заан болсны дараа "Би чинь улсын заан хүн ингэж явж болж байна уу, үгүй юу?” гэж бодогдох болсон.

Ингээд ууж иддэгээ тэвчиж бэлтгэл сургуулилтдаа анхаарах болсон доо. Үүний маань үр дүн гарч заан болсны дараа жилээ улсын арслан цол хүртсэн. “Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үг мөн ч үнэн шүү.

-Таны ид барилдаж явсан у.ар Бадамсэрээжид гуайн нөгөө алдартай “сээрэн дунгуй” гэдэг мэхэнд унаж байв уу?

-Тэр мэхэнд уналгүй яахав. Нэг удаагийн барилдаан дээр Бадамсэрээжид надад сээрэн дунгуйгаа хийгээд дайрлаа. Би ч нэг юм тэсээд байлаа. Тэгсэн мань хүн зүтгэсээр байгаад намайг заалны мухарт байсан сандал ширээ хоёр дээр үйртэл нь шиддэг байгаа. Мөн ч бузгай хийдэг байсан.

-Улсын заан У.Пүрвээ гуай та хоёрын улсын наадмын долоогийн даваанд будилсан нэг барилдаан байдаг. Тэрийгээ одоо тодорхойлж яриач?

-Уул нь тодорхой барилдаан. Би давж, Пүрвээ заан цолгүй үлдэхээр наадам л даа. Гэвч би маргаан гаргаагүй шууд л тахимаа өгсөн. Тэр чухам юу болсон гэхээр: Жаахан бороотой байсан юм.

Пүрвээ надад унаад бөгсөөрөө суучихсан. Би ч давлаа гэж бодоод тайвширчихсан зогсож байтал мань хүн суусан чигээрээ намайг өмсчихгүй юу. Нэг ёсондоо Пүрвээ хөлөө жийж газар сууж байгаад тайвширчихсан зогсож байсан намайг дээгүүрээ татаад шидчихсэн гэсэн үг.

Тэгээд мань хүн шууд босоод тугтойрчихсон. Тийм сэргэлэн хүн шүү дээ, цаадах чинь. Би яахав дээ, хөлийн цэцүүд шийднэ гэж бодоод зогсоод байдаг. Гэтэл бид хоёрын барилдааныг шүүж хянасан хүн нэг ч байхгүй, бүгдээрээ зодоон харах нь харж, зодоонд оролцох нь оролцож байсан байгаа юм чинь...

-Юун зодоон?

-Дүүгүүр Гомбосүрэн, хулгар Дамдиндорж нарын хэдэн бөх наадмын талбайн зүлэг рүү орж суугаад бөх харж байж л дээ. Тэгсэн хэдэн цагдаа ирээд нөгөө хэдийг хөөсөн юм биз дээ. “Энд сууж болохгүй, талбайгаас гар" гээд.

Тэгэхээр нь “дүүгүүр" Гомбосүрэн гэж шартай золиг чинь нэг цагдааг нь “үсэртэл нь хусаад” хаячихсныг “хулгар” Дамдиндорж гэж нохой гүйж очоод дэвсчихсэн байгаа юм.

Ингээд бөхчүүд цагдаа нар талцаад бөөн зодоон болохгүй юу. Энэ үед нь би яг барилдаж байгаад намайг шүүсэн хүн байхгүй хохирсон юм. Миний хамгийн их харамсаж явдаг барилдаан.

-Таныг тэмээ өргөсөн гэдэгт хүмүүс итгэхгүй, хотод олон хүний нүдэн дээр дахиж өргүүлсэн гэдэг байх аа?

-Булганы Сайхан суманд би тэмээ өргөсөн юм. Надад “тэмээ өргөдөг" гэсэн нэр хэдийд өгснийг би мэддэггүй. Нэг сонсохноо ийм нэртэй болчихсон байсан. 1957 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах барилдаан гэж том юм болж, би 59 даваагаар түрүүллээ.

Тэгсэн хүлээн авалт болжнамайг түрүүлсэн бөх гээд Цэдэнбал дарга Самбуу дарга хоёрын дунд зогсоочихлоо. Миний биеэ барьж байгаа гэдэг жигтэйхэн. Надаар г хэлүүлэх юм боллоо, тухайн үед би юу гэж хэлснээ санадаггүй юм /инээв/. Ямар ч байсан дуугарсан байх алга ташсан л юмдаг.

Тэр хүлээн авалт дээр би ганц хундагаюм ч ууж чадалгүй гарч ирсэн. Манай бөхчүүд яахав дээ, Бал даргаас холхон зогссон болохоор зүгээр байгаагүй байх. Ингэж хотод ирж түрүүлж барин сүрхий бөх болж явахдаа хотын зах дээр очиж дахин тэмээ өргөсөн юм. Одоо энэ Эрдэнэ-Очир, Мижиддорж арслан нар сайн мэднэ.

Баруун аймгийн тууварчдын зарах гэж байсан бүдүүн атыг өргөсөн. Тийрүүлэхгүйн тулд хэдэн бөхчүүдээр дөрвөн хөлөөс нь татуулж, би гэдсэн доогуур нь хоёр давхар хөвөнтэй хүрэм тохоод орж өргөн урагшаа алхах гэтэл болдоггүй юм билээ.

Ойр хавьд байсан хүмүүс алга ташаад сүйд болсон. Харин тэмээгээ буулгахдаа болгоомжтой тавихгүй бол дарж алмаар санагдсан. Манай Бадамсэрээжид арслан овтойгоороо намайг яг тонгойлгоод буулгахагшинд шувт татаад авдаг юм. Тэрнээс даруулах гэж байна лээ шүү.

-Таны үеийн хамгийн амтай, аатай бөх хэн байв?

-Биднээс ахмад юм даа. Чүлтэмсүрэн гуай их аатай хүн байсан шиг санагддаг. Сүүлийн үеийнхнззо Дэмүүл гэж болдоггүй амтай хүн байлаа. Бас л ална шүү дээ. Нэг удаа бидний хэдэн бөхчүүд Сонгинод амардаг юм. Тэгсэн Дэмүүл шөнө унтуулдаггүй.

Өглөө хар үүрээр босоод сур барьж байгаад биднийг ороолгоно. Тэгсэн нэг өдөр у.з Бадам уурлаад нөгөө Дэмүүлийг чинь дээш нь харуулж унагаад том гүзээн дээр нь мордчихоод хэд “гөвлөө” тэрнээс хойш гайгүй болсон.

Дэмүүл чинь улсын наадамд ирэхдээ сүртэй шүү дээ. Би тийм тийм хүнийг цолонд хүрэх санаатай ирлээ гээд нууж хаах юм байхгүй ярина. “Тэгвэл тэр хүмүүсээс чинь хүртэнэ дээ” гэхээр, тэгж ёстой болохгүй шүү гээд шалчийна /инээв/. Мөн ч гудиггүй сайхан эр байсан.

-Ер нь ам мэх гэж байдаг юм болов уу? Тухайлбал та ам мэхэнд унаж байсан уу?

-Ам мэх байдаг юм. 1958 оны наадмаар би зургаагийн даваанд Мижиддоржийг давж начин болоод байтал долоогийн даваанд Түвдэндорж аварга “нутгийн хүү ингэж сайхан барилдаж байхад би бууж өгөлгүй яахав" гээд намайг амаллаа.

Би ч залуу байж. Аварга үнэхээр надад унаж өгөх нь гэж бодоод юу ч төлөвлөлгүй очиж унасан даа. Ингээд заан болдог юм байжээ гэж бодохоос аваргыг худлаа ярьж байна гэж яаж бодох юм.

Дараа нь Түвдэндорж аваргаас “аваргаа та яав” гэсэн чинь “ах нь сэтгэл тэвчсэнгүй” гэж билээ. Ам мэх гэж тийм зүйл байдаг юм даа. Сүүлд сонсож байхад Банди арслан, Чүлтэмсүрэн арслан, Самданжигмэд арслан нар “ам” мэхээр хүн хаяхдаа сайн байсан гэнэ лээ.

-Танд ер нь хаяж чаддаггүй бөх байв уу?

-Говь-Алтайн улсын начин Чинбат, Төв аймгийн улсын начин Нагнайдорж хоёр миний “аранга”-ууд байсан юм. Миний үеийн хоёр сайхан начин. Одоо хоёулаа амьд сэрүүн байгаа. Би ер нь хойшоо их унадаг байсан.

-Оргилболд начинг таны шавь гэдэг. Анх ямар хүүхэд таны гар дээр ирж байв?

-Оргилдболд миний секцэнд явж байсан хүүхэд. Дөрөвдүгээр ангиасаа гэнэт өссөн дөө. Би бүр багаас мэднэ. Хүмүүс мэддэг юм уу, үгүй юм уу, манай Оргилдболд чинь маягтай сайхан дуулна. Үнэхээр сайхан дуулна.

Би бүр дуулахыг нь сонсоод баймаар байдаг юм. Ховорхон заяасан хүн. Энэ жилийн наадмаар би нэг юманд их баярлалаа. Юу гэхээр манай булган аймгаас хорин жилийн дараа улсын заан цолыг Ишдоржийн Доржсамбуу гэдэг хүү авлаа.

Хорин жилийн өмнө Амгаа авч байсан юм. Тэгэхээр заан гэдэг цол их өндөрт байдаг агуу цол юм банйа. МНТ-ны 750 жилийн ойд намайг барилдахаар очиход хоёр сайхан настай өвгөн таарч надад ингэж хэлж байсан юм.

"Булган аймгаас 25 жилийн дараа халхад дийлдэхгүй бөх гарна” гэж. Тэр их юм үзсэн хоёр буурал яавч голгүй юм ярихгүй. Одоо би ингээд бодоход 25 жилийн дараа үнэхээр нутгаас маань их аварга төрөх юм бол 10 хүрэхгүй жил л үлдээд байна.

-Энэ зун 80 жилийн ойд зодоглосон 1024 бөхөөс хамгийн ахмад нь улсын заан “өмсдөг” Дамдиндорж гуай байсан. Та ирээд зодоглочихож болоогүй юм уу?

-Энэ жилийн наадмыг зурагтаар үзэж суутал Дамдиндоржийг нэг сурвалжлагч 76 настай гэж байгаа юм. Гэтэл бас нэг сурвалжлагч 73 настай гэж дуулдсан. Яг үнэндээ би хоёр чацуу нэг оны цэргүүд байхгүй юу. Дамдиндорж надаас “Чи зааны даваанд надад бууж өгөөч" гэж гуйгаагүй ч би өөрөө бууж өгч байсан юм.

Тэр жилийн наадмаар би долоогийн даваанд ам авах болтол Дамдиндорж “Өвгөн нь Цэрэн аваргын аманд л хэрчүүлэх нь дээ’’ гэж байна. Энэ үг нь “надад тус болооч” гэж байгаа юм шиг санагдаад Дамдиндоржийгоо амлаж заан болгож байсан.

Надад үнэндээ “Чи бууж өгөөч” гэж хэлж байгаагүй. Хоёр гурван жилийн өмнө улсын заануудад зориулсан барилдааны үеэр Дамдиндорж маань “Муу Жамъяндоржтойгоо уулзах юмсан” гээд уйлж байна гэнэ лээ. Энэ жилийн наадмаар барилдаж байгааг нь сонсоод хамар шархирч байна лээ шүү /нүдэнд нь нулимс хурав/.

-Залуудаа бөхийн өөр төрлөөр барилдаж үзсэн үү?

-Нэг удаа Магсар багшаар удирдуулаад Түвдэндорж аварга, Эрдэнэ-Очир бид хэд чөлөөт бөхийн бэлтгэл хийж уулзалт тэмцээнд ордог юм. Тэгэхэд тэр үөийн Оросын нэрт бөх Айханов гэдэг 2 метр гаруй өндөр мундаг бөхтэй барилдаж үзсэн.

Түвдэндорж гуайгаас эхлээд бүгд ялагдсан. Хамгийн гайгүй барилдсан нь би байгаа юм, гэтэл мань хүн чинь цэвэр даруулсан шүү дээ. Бодвол арай удаан барилдсан гэж тэгсэн юм байлгүй.

-Үр хүүхдүүдээс тань удам залган барилдаж байгаа хүн байна уу?

-Барилдаж байгаа хүн алга. Охидуудын маань хүүхдүүдээс барилдахаар хүүхэд баигаа. Нас нь бага байна. Би ч ганц нэгийг нь хараад л байгаа. Одоохондоо гар бөмбөг тоглосон хүмүүс л байна. Би ч түүнд нь дуртай, тоглоод бай л гэдэг юм.

-Залуу байхад чинь танд хамгийн их хэлж сургадаг хүн хэн байв?

-Батсуурь гуай, Бадамсэрээжид хоёр бол надад барилдаан дээр ч тэр их хэлж сургадаг байсан. Одоо ч гэсэн Бадамсэрээжид маань миний төлөө гэсэн сэтгэлтэй байдаг. 40 жилийн ойгоор би Дамдин аваргын толгойг уургалаад дарахад Бадамсэрээжид “наад толгойг нь гаргаж ёстой болохгүй шүү" гэдгийг надад сайн сануулсан.

Би дотроо баараггүй юманд хийлээ гэж бодоод сайн дараад байлаа. Тэгсэн Дамдин “чих урагдпаа, тавьчих" гэж байна. Тэгэхээр нь би “Чи халхад тав түрүүлсэн хүн. Би ганц түрүүлмээр байна. Эсвэл чи надад уна" гэлээ, “үгүй” л гэж байна.

Дамдин дахиад “Би муужирч уналаа" гэдэг юм. Би ч гүрийгээд л байлаа. Тэгсэн гурав дахиа “муужирлаа” гэж байна. Тэгэхээр нь үнэхээр муужираад байгаа юм бодоод жаахан салхи авахуулах гээд ялимгүй өндийтөл ганцхан сэжиж дайрч хаячихаад явчихсан даа. Бадамсэрээжидийнхээ хэлснээр дараад байсан бол давж болох л байсан даа.

Эх сурвалж: "Бөх" сонин