sonin.mn

Японы спортын “Хочи” сонины газраас жил бүр шилдэг мэргэжлийн тамирчдыг шалгаруулдаг уламжлалтай. Тус сонин 2014 оны шилдэг тамирчнаар Мэргэжлийн сүмогийн дэвжээнд энэ жил анх удаагаа барилдаж, сэкивакэ хүртэл дэвшсэн түүхэн амжилт үзүүлсэн Ичиножёо А.Ичинноровыг тодрууллаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт Токиод болов.Ичиножёо “Үнэн гэж үү. Спортын бүх төрлийн тамирчдаас шалгарч байгаа юм уу. Үнэхээр баяртай байна” хэмээн ярьжээ.

“Хочи” сонины газраас “Энэ жилийн нэгдүгээр сард мэргэжлийн сүмод элсэн орж, 11 дүгээр  сард нь сэкивакэ цолтой болно гэдэг гайхалтай амжилт. Сүмо бөхийн нэр хүнд сэргэн мандахад үзүүлж буй нөлөө нь үгээр илэрхийлэхийн аргагүй их” хэмээн шагнал гардуулах болсон шалтгаанаа тайлбарлалаа. Залуу бөхийн амжилт арлын орны зар сурталчилгааны салбарын анхаарлыг ч татаж байна. Японы рамён хоолны “Ояцү” компани түүнийг телевизийн сурталчилгаандаа тоглуулахаар сонгожээ. Зураг авалт удахгүй эхлэх бөгөөд сурталчилгааг ирэх оны хоёрдугаар сараас орон даяар цацах аж. Анхныхаа сурталчилгаандаа тоглохоор болсон Ичиножёо “Эндо дандаа зурагтаар сурталчилгаанд гарч байдаг болохоор би ч гэсэн ганц удаа гарах юмсан гэж боддог байлаа. Хурдхан зураг авалт эхлээсэй” хэмээн ярьжээ.

Сонирхуулахад, тэрээр саяхан цолны найраа хийсэн бөгөөд уг ёслолд мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү тэргүүтэй 300 гаруй зочин оролцсон байна. Ичиножёо цолны найран дээрээ “Ирэх 2015 оны зорилго бол озэки цол авч, анхныхаа тэмцээнд түрүүлэх” гэжээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж:
montsame.mn