sonin.mn

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл энэ сарын 2-нд хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Уг хурлын шийдвэрээр эрэгтэйчүүдийн шигшээ багаас ОУХМ Х.Энхдэлгэрийг сонирхогчдын боксын тэмцээнд тоглох эрхийг бүх насаар нь хассан байна. Мөн түүний дасгалжуулагчаар ажиллаж байсан "Алдар" спорт хорооны багш дасгалжуулагч А.Гантулгыг тэмцээнд оролцох эрхийг мөн хоёр жилээр хасчээ.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар түүнийг сонирхогчдын рингэнд хүч сорих боломжгүй гэж шийдсэн тул мэргэжлийн бокст тоглох санал тавьж, тусалж дэмжихээ илэрхийлсэн. Энэ хуралдааны үеэр эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглодог УХМ М.Нандинцэцэг, Э.Уянга, О.Сувд-Эрдэнэ нарыг дасгалжуулагч багш Б.Энхтайваны ур чадварыг голж, хэл ам таталдаг, бүдүүлэг харилцаа үүсгэсэн гэх үндэслэлээр шигшээ багаас хасах шийдвэр гаргажээ.

Гэвч шигшээ багаас хөөгдсөн эмэгтэй боксчдыг өөрсдийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн цагт шигшээ багт дахин өрсөлдөх боломжтой эсэхийг нягтлан цзнэ хэмээн холбооны зүгээс мэдээлж байгаа. Тэгээд ч Монголын боксын холбоо дээрх асуудлаар дахин хуралдсан байна. Энэ талаар холбооны хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Батнасантай ярилцлаа.

-Монголын боксын холбоо энэ сарын 2-нд Удирдах зөвлөлийн хуралдаанаа хийсэн. Хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотойгоор дахин хуралдсан гэж сонслоо?

-Тийм ээ. Боксын эмэгтэй шигшээ багийн тамирчдын талаар дахин хуралдсан.

Өнгөрсөн 11 дүгээр сард БНСУ-ын Чежү аралд болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн шигшээ баг тамирчдаас дасгалжуулагч Б.Энхтайваныг үл хүндэтгэж, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, хэлсэн ярьсан, зааж зөвлөснийг үл хүндэтгэж, түүний ур чадварыг голж, багагүй хэл ам татлан түүний удирдлага дор бэлтгэл хийх, тэмцээнд оролцох сонирхолгүй болсон гэдгээ мэдэгдсэн.

Бид өмнөх хурлаар тэдний  дээрх байдалд үндэслэн таван тамирчинг шигшээ багаас хасах шийдвэр гаргасан. Гэвч тамирчид өөрсдийн буруугаа хүлээж, холбоонд өргөдөл гаргасан.

-Шигшээ багт харьяалагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн үү?

-Тийм ээ. Шигшээ багийн тодотголтой гурван тамирчин гэж хэвлэл мэдээллээр яригдаад байгаа боловч угтаа таван тамирчин юм л даа. Олон улсын хэмжээний мастер Болортуул, Нандинцэцэг, Сувд-Эрдэнэ, Уянга нарын тамирчид байгаа.

Уг тамирчид өөрсдийн гаргасан алдааг ухамсарлаж, шигшээ багт дахин харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хангах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу хуралдлаа.

Ингэснээр шигшээ багийн тамирчин Нандинцэцэгийг 2014 онд гаргасан амжилтууд болох Кипр, Казастань улсад болсон Олон улсын А зэрэглийн тэмцээнд алтан   медаль, Азийн тоглолтод хүрэл медаль хүртэж амжилттай өрсөлдснийг нь үндэслэн шигшээ багт үлдээх шийдвэр гаргасан.

-Бусад тамирчдын тухайд..?

-Олон улсын хэмжээний мастер Сувд-Эрдэнэд зургаан сарын хугацаа олголоо. Түүнийг энэ хугацаанд бэлтгэл сургуулилтдаа хэрхэн хандах, арга барил нь хэрхэн өөрчлөгдөх нь вэ гэдгийг харна.

Тодорхой заасан хугацааны дараа зан харьцаа болон арга техникийн хувьд өөрчлөлт орвол шигшээ багт дахин авах шийдэлд хүрсэн. Мөн спорт бэлтгэлийн төвөөс бидэнд өгсөн үүрэг даалгавар гэж бий.

Энэ нь олимпийн гурван жиндээ шигшээ багийг барьж ажиллах юм. Уянгаагийн хувьд,64 кг буюу олимпийн бус жинд өрсөлддөг. Уг нь Азид өндөр амжилт үзүүлж байсан шилдэг тамирчдын нэг.

Гэтэл олон улсад болж буй тэмцээн уралдаан тогтмол олимпийн жинд зохиогддог. Ийм учраас олон улсад өрсөлдөх нь ховордсон. Холбооны шийдвэр олимпийн жингээ барьж 75 кгд шинэ залуу тамирчин сонгож авах шийдэлд хүрлээ.

-Сонгон шалгаруулалт хэзээ юм бол?

-Ирэх нэгдүгээр сарын 17 нд Улаанбаатар хотноо насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд амжилттай өрсөлдсөн тамирчинг шигшээ багт урих байх.

-Боксын спортын тамирчид ёс зүйн алдаа гаргаж байсан тохиолдол урьд нь гарч байгаагүй санагдана?

-Эрэгтэй боксчдын хувьд дэлхийд өрсөлдөж эхлээд 66 жил болсон байна. Он удаан жилийн туршлага, ах, багш, дасгалжуулагчаа хүндлэх уламжлал тогтчихсон. Ийм алдаа гарч байсангүй.Харин эмэгтэйчүүдийн тэмцээнийг 2000 оноос эхлэн зохион байгуулж, боксын төрлөөр эмэгтэй тамирчид гарч ирсэн.

Яг эмэгтэй шигшээ баг тамирчид 2007 оноос бүрэлдсэн. Шигшээг барьж ажиллаад удаагүй ч тив дэлхийд өндөр амжилт үзүүлж байгаа. Энэ амжилт ч шигшээ багийн дасгалжуулагч Б.Энхтайвантай салшгүй холбоотой.

-Зарим хүмүүс боксын холбоо дасгалжуулагчаа томилдог учраас тамирчид, дасгалжуулагчийн хооронд гарсан маргаанд зөвхөн тамирчдыг буруутгаж байна гэж үзэж байгаа?

-Огт тийм зүйл байхгүй. Монгол Улсын шигшээ багийн тамирчин л бол ёс зүйтэй байх хэрэгтэй. Альч улсад ийм л байдаг. Эвтэй байж амжилт гаргана. Энхтайван дасгалжуулагчийн хувьд 2014 онд маш сайн амжилттай ажилласан.

Манай шилдэг дасгалжуулагчийн нэг. Бид дасгалжуулагчдыг томилдог юм биш. Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт явуулсныг бүгдээрээ мэдэж л байгаа.

Шалгаруулалт ч нээлттэй явагдсан. Энхтайван дасгалжуулагчийн арга барилаар тэнцэж, шалгалтаа өгч шигшээ багийн дасгалжуулагч болсон. Үүнд бидний зүгээс нөлөөлөх юу ч байхгүй.

-Өнгөрсөн хуралдааны бас нэгэн шийдвэр нь эрэгтэй шигшээ багийн тамирчин Х.Энхдэлгэрийн сонирхогчийн бокс тоглох эрхийг бүх насаар нь хассан явдал байсан?

-Манай мэргэжлийн зөвлөл 15 гишүүнтэй. Өнгөрсөн хуралдаанд мэргэжлийн зөвлөлийн 10 гишүүн болон тамирчид, дасгалжуулагчид оролцсон. Х.Энхдэлгэрийн тухайд 1992 онд төрсөн. Уг нь Х.Энх-Амар гэдэг нэртэй байж.

Гэтэл тэрээр 1995 онд төрсөн дүү нь болох Х.Энхдэлгэрийн нэрээр олон жил тулалдсан юм билээ. Гурван жилийн өмнөөс өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж түрүүлсэн.

Мөн Азийн болон олон улсын томоохон тэмцээнд ч өрсөлдөж байсан. Харин өнгөрсөн 17 дугаар Азийн наадамд өрсөлдөхийн өмнөхөн Тагнуулын ерөнхий газраас хил дээр байцааж, өрсөлдүүлөх боломжгүй болсон. Шүүх, цагдаа гээд асуудал үүссэн боловч эцсийн бүлэгт хувийнхаа төлөө ийм хэрэг хийгээгүй гэж хэрэг цайрсан.

-2016 оны олимпод бас л гол найдвар тавьж байсан тамирчин шүү дээ?

-Тийм ээ. Бид ч энэ талаар нэг биш удаа хуралдсан. Цааш нь хэрхэн тоглуулах вэ гэдэг талаар ч ярилцсан. Энэ эрчээрээ явж Олон улсын тэмцээнд өрсөлдвөл Монголын боксын спорт хаагдмал, хэн ч биш болохыг ч мэдэрцгээсэн.

Учир нь түүний насаа дарж олон улсад өрсөлдсөнийг мэдвэл Олон улсын боксын холбооноос Монгол Улсыг доод тал нь хоёр жил, дээшлээд таван жилийн хугацаанд тив, дэлхийд өрсөлдөх эрхийг хасна.

Дээрх шийдвэр нь түүнийг болон багш Гантулга нарыг байлцуулж гаргасан шийдвэр. Багшийн хувьд хоёр жил Монголын боксын холбооны болон, Олон улсын тэмцээн уралдаанд дасгалжуулагч хийх эрхгүй болгосон шийдвэр гаргасан.

-Бас нэг асуух зүйл байна. Олимп хаяанд ирчихлээ. Гэтэл Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгцогтыг мэргэжлийн бокст хүч үзэхээр боллоо гэх мэдээлэл гарч байна?

-Азийн наадамд луйвардуулсан нь АНУ-д мэргэжлийн боксд хүч сорих нэгэн шалтгаан болсон байх. Гэхдээ албан ёсоор бидэнд мэргэжлийн боксд хүч үзэхээр боллоо гэсэн мэдээлэл өгөөгүй байгаа.

Гэвч холбооны зүгээс түүний жинд шинэ залуу тамирчин Ариунболдыг нөөж, шигшээ багт урьсан. Үүнээс гадна Х.Энхдэлгэрийн жинд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Мишээлтийг өрсөлдүүлэх болно.

-Олон улсын хэмжээний мастер Т.Чулуунтөмөр зодог тайлж байгаа гэсэн. Үнэн юм уу?

-Тийм ээ. Түүний оронд Отгонжаргал олон улсад өрсөлдөх байх.

Ж.Цэцэгмаа

Эх сурвалж: