sonin.mn

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөл энэ сарын 2-нд хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Уг хурлын шийдвэрээр эрэгтэйчүүдийн шигшээ багаас олон улсын хэмжээний мастер Х.Энхдэлгэрийн сонирхогчдын бокст тоглох эрхийг нь бүх насаар нь хасчээ.

Учир нь, Х.Энхдэлгэр насаа гурваар хасч дүүгийнхээ нэрээр тэмцээнд оролцож байж. Энхдэлгэр гэдэг түүний дүү ба жинхэнэ нэр нь Х.Энх-Амар юм байна. Мөн түүний багш “Алдар" спорт хорооны дасгалжуулагч А.Гантулгын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хоёр жилээр хасчээ. Х.Энх-Амар нь Казань хотноо болсон оюутны наадамд түрүүлж байсан.

Гэвч тэрбээр насаа нууж тэмцээнд оролцож байсан нь Инчёны Азийн наадамд оролцох гэж явахдаа Солонгосын хил гаалийнханд баригдсанаар ил болсон байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар түүнийг сонирхогчдын рингэнд хүч сорих боломжгүй болсон учраас мэргэжлийн бокст тоглох санал тавьж, тусалж, дэмжихээ илэрхийлсэн байна.

Мөн эмэгтэйчүүдийн шигшээ багаас олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг, Э.Уянга, О.Сувд-Эрдэнэ нарыг хөөж байгаа талаарх мэдээлэл цацсан. Одоогоор тодорхой болоогүй байгаа аж. Эмэгтэй боксчдын шигшээ багийн дасгалжуулагч Б.Энхтайваны хэлсэн ярьсан бүхнийг үл хүндэтгэж байснаас ийн хөөх гэж байгаа бололтой.

Болсон үйл явдлын талаар Э.Уянгаас тодруулахад “Биднийг шигшээ багаас хөөсөн талаарх мэдээллийг сонссон. Гэхдээ холбоон дээр одоохондоо очиж амжаагүй л байна. Ерөнхийдөө боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараахан болсон хурлын үеэр тийм яриа гарсан. Одоогоор ''Халлаа” гэж албан ёсоор хэлээгүй байна. Боксын холбоо өнөөдөр хуралдана.

Энэ үеэр л эцсийн шийдвэр нь гарах байх. Миний хувьд хурлаас хойш бие өвдөөд очиж чадаагүй л явна. Ямар шалтгаанаас бидэнд арга хэмжээ авахаар болсон талаарх мэдээллийг өнөөдөр л өгөх байх. Өмнө нь бид ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэлд дасгалжуулагчийнхаа талаар хандаж байсан. Түүнээс хойш үл ойлголцож явсаар өдий хүрлээ" хэмээв.

Б.Сийлэн

Эх сурвалж: