sonin.mn

Шинэ цолтон булангийнхаа энэ удаагийн зочноор Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ньюпрогресс группийн бөх улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайханыг урисан юм. Иртэй, бяртай сайхан барилдаанаар үзэгч олноо баясгаж яваа залуу хүчтэний ярилцлагыг таалан болгооно уу?

-Монгол улсын харцага цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргье?

-За баярлалаа. Бөх сониныхоо уншигчдад энэ өдрийн мэнд хүргье. Миний хувьд цолоо ахиулсан сайхан наадам боллоо. Энэ жилийн наадмаар хоёрын даваанд нэг аймгийн арслантай таарсан. Гуравд Амартүвшин харцагыг, дөрөвт Даваабаатар харцагыг, тавд Содномдорж харцагыг зургаад Азжаргал арсланг давж харцага цол авсан даа.

-Бэлтгэлээ Сүүж ууланд базаасан уу?

-Наадмын бэлтгэлээ Сүүж ууланд Бямбадорж заан, Батзориг ах, Адъяахүү багш нартайгаа базаасан. Ер нь жил бүр л энд гардаг юм. Ноднин хөлдөө бэртэлтэй жаахан зовиуртай барилдсан тал бий. Харин энэ жилийн тухайд элдэв бэртэл гэмтэлгүй, бэлтгэл сургууль ч сайхан байсан.

-Наадмын шөнө нойр чинь хүрэв үү?

-Манайхан наадмын өглөө бэлтгэлээсээ бууж ирсэн. Начин Батзаяа ах бид хоёрыг ирж явахад 7 шувуу яг өмнүүр нисээд гардаг юм. Бид хоёр “За нэг маань заан болох нь дээ" гээд л бэлгэшээж байлаа.

Би ер нь наадмаар харьцангуй тайван байдаг юм. Тэгсэн 11-ний шөнө нойр хүрэхгүй нэлээд хөрвөөсөн шүү. Маргааш яах бол, хэн хэнтэй таарах бол гэж баахан юм бодогдоод... Харин дэвжээн дээр гарахдаа эргээд тайвширчихсан.

-Содномтой тунах магадлалыг хэр тооцож байв?

-Ерөнхийдөө тавын даваанд Содном харцагатай таарах болов уу гэсэн бодолтой байсан л даа.

-Наадмаас өмнө та хоёр нэлээд хэд таарч барилдсан санагдана?

-Тэгсээн. Бөхийн өргөөнд 4-5 удаа таарч барилдсан. Би ихэвчлэн унаад л байсан. Тэгээд алдаан дээрээ дүгнэлт хийж барилдсан даа.

-Өмнө юун дээр алдаж унаад байсан юм бол...?

-Би ихэвчлэн шуудгаа алдаж унаад байсан л даа. Адъяахүү багш маань наадмаар "Чи шуудгаа алдаж болохгүй шүү. Тэгээд барьц сонгоод барилд” гэж зөвлөсөн. Тэр дагуу нь барилдаад л давсан.

-Долоогийн даваанд уначихаад их л гонсгор харагдсан. Харцага болчихлоо гэсэн тайвшрал лав харагдаагүй. Тэгэхээр заан цолонд их л шунаж барилдаж дээ гэж бодсон?

-Тийм ээ. Долоогийн даваа бол том даваа. Долоо дээр бараг Санжаадамба заантай тунах болов уу гэсэн юм бодоод сууж байсан. Заан цол авчих юмсан гэж хичнээн их хүссэн боловч өөрийнхөө барилдааныг гаргаж чадалгүй унасан болохоор харамсалтай байдаг юм билээ. Ер нь их хариуцлагагүй барилдаан хийсэн л дээ, тэгэхэд...

-Уг нь ямар тактикаар барилдъя гэж бодож гарсан бэ?

-Гарьдийг шуудганаас тэгж татдагийг нь өмнө ер харж байгаагүй юм билээ. Манайхан ч юм хэлээгүй. Гарахад “Чи барилдаанаа мэдэж байгаа юу” гэхэд нь би “Өмнө хоёр удаа барилдаж байсан. Мэднэ ээ” гээд л гарсан. Тэгсэн болоогүй. Гэхдээ цолоо ахиулсандаа сэтгэл хангалуун байгаа. Цаашид бэлтгэл сургуулиа сайн хийгээд цолоо дахин ахиулна гэж бодож байгаа.

-Төрийн наадамд түрүүлэх бодол төрж байна уу?

-Одоо ер нь бэлтгэл сургуулиа сайн хийгээд явж байхад хэн ч улсын наадамд түрүүлэх боломжтой болсон байна. Тиймээс өөрийн нөхцөл боломжоо бүрэн дайчлан улсын наадамд түрүүлээд үзчих юмсан гэсэн бодолтой, зориод хичээгээд явж байна даа. Хамгийн гол нь бэлтгэл сургуулиа сайн хийгээд явж байхад болох байх аа гэж боддог.

-Бохчүүд одоо бэлтгэлийг үнэхээр лут хийж байх шиг байгаа юм аа?

-Тийм байна. Аймгийн цолтой бөхчүүд нь улсын цолтноосоо илүү шахуу бэлтгэл хийдэг болчихсон. Ер нь заалны барилдаанд барилдаж байхад доогуур даваанууд их эвгүй байдаг болсон байна лээ. Дөрвийн даваанаас хойш арай гайгүй ч юм уу. Тийм мэдрэмж төрдөг.

-Наадмын дараа танай аймагт том даншиг наадам болсон?

-Тэгсэн. Галдан бошигт хааны мэндэлсний 375 жилийн ойн даншиг наадам. Гурван аварга очиж барилдсан, бас их онцлогтой сайхан наадам болсон шүү.

-Харцага цолтойгоо тэр наадамд анх барилдав уу?

-Үгүй ээ. Хэд хоногийн өмнө нь Дарви сумын 90 жилийн ойд барилдсан, сумандаа нэг наадамд барилдсан. Тэгээд өөр нэг их наадамд барилдаагүй дээ. Нутагтаа амраад бас ахын найр хуримын ажилтай явж байгаад л ирсэн.

-Танай гэрийнхэн Сэлэнгэдээ байна уу?

-Тийм ээ. Аав ээж хоёр маань Сэлэнгэ аймгийн Орхон сумд амьдардаг. Сэлэнгийн айл болоод бараг 6 жил болж байгаа юм уу даа.

-Аав нь барилдааны талаар юм хэлэх үү?

-Манай аав дуугардаггүй юм шүү дээ. Ахад даатгачихдаг байх. Ээж харин ер үзэж чаддаггүй гэдэг юм /инээв/. Гарч орж сүүгээ өргөөд л... Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Миний ард заан ах минь байна. Ахдаа маш их баярлаж явдаг.

Би 18-тай хот орж ирсэн. Батзориг ахындаа 5 жил амьдарсан. Ах сүүлийн ганц хоёр жилд бэлтгэл хийхгүй байгаа. Түүнээс өмнө бол байнга л хамт бэлтгэл хийдэг байлаа. Ах бэлтгэл дээр их ширүүн. Тэр ширүүн бэлтгэлийн ачааллыг даасны хүчинд өнөөдөр ийм хэмжээнд барилдаж байгаа.

Миний амжилт бол Батзориг ахтай салшгүй холбоотой. Барилдаан тараад л би ахынд очдог. Тэгээд бид хоёр баахан барилдана, ярилцана. Ах “Чи яагаад миний хавирааг хийхгүй байна аа” л гэдэг.

-Нээрээ тэр мэхийг нь сурах гэж оролдож үзэв үү?

-Уг нь сурах гээд оролдоод, давтаад л байгаа. Барилдаан дээр хийх гэхээр нэг л болж өгөхгүй юм. Нэг барилдаан дээр туршаад хийж үзсэн чинь унаад дахиж хавирахаа байчихсан. Би тэгж байгаад аягүй зориг муутай юм шиг байна лээ /инээв/. Тэгсэн мөртөө хийвэл хийчихээр боломжийн санагдаад байдаг.

-Нэгэнт л сурахаар давтаж байгаа бол барилдаан дээр туршаад баймаар юм биш  биш үү?

-Заалны барилдаанд доогуур даваанд гэхээс дээр даваанд бол турших аргагүй л дээ. Сайн давтаж байгаад хавирна аа /инээв/.

-Заан өөрөө тэр хавираагаа мундаг хийдэг байсан даа?

-Ах өөрөө их өвөрмөц хийдэг. Бие бялдар нь ч бас өвөрмөц шүү дээ. Гуя түнхэндээ бяртай юм шиг байгаа юм.

-Тэр тахир хөлөнд л учир бий... гэж үеийнхэн нь ярьдаг юм билээ?

-Харин тийм. Солгой хөл нь их учиртай юм шиг байгаа юм.

-Намар эрт бэлтгэлдээ орж чадсан уу?

-Энэ жил нэлээд хожуу орсон шүү. Шинэ цол авчихсан болохоор барилдмаар санагдаад намар хэд хэд гарсан. Бэлтгэлгүй болохоор болж өгдөггүй юм билээ. Саяхан бараг 14 хоногийн өмнөөс л бэлтгэл овоо жигдэрээд явж байна даа.

Штангны бэлтгэлээ Хүч спорт хорооны Баттулга багштайгаа, дэвжээгээ Аварга дээд сургууль дээр Адъяахүү багштайгаа хийнэ. Үндэсний бэлтгэлээ нутгийнхаа бөхчүүдтэй Хилчиний шинэ зааланд хийдэг. Архангайхан, Өвөрхангайхан гээд ер нь бараг бүх бөхчүүд тэнд төвлөрсөн байна. Заал нь их дулаахан, сайхан заал байна лээ.

-Өчигдөрийн барилдаан /Монгол бахархалын барилдааны маргааш энэ ярилцлагаа авсан юм/ дээр дахиад л Содномдорж харцагтай туначихав аа?

-Тийм ээ. Бид хоёр наадмаас хойш анх удаагаа таарч барилдлаа. Ерөнхийдөө барилдаан маань золгооны барьцнаас  шийдэгдэхээр байсан. Харцагыг нэлээд цуцчихсан юм болов уу гэж бодсон, үгүй байсан байна лээ.

Шуудагны барьцыг нь халалгүйгээр хаях гэж хэт яараад уначихлаа. Гэхдээ яахав ээ, дахиад зөндөө таарч барилдах юм чинь...

-Үзэгчид та нарын барилдааныг илүү их онцлоод байгаа нь мэдрэгддэг үү?

-Өчигдөр тэрийг их мэдэрсэн шүү. Би шуудагны барьц аваад мөргөөд явж байхад хүмүүс бүр шуугилдаад л явчихсан. Тэгэнгүүт би яараад... Уг нь мөргөөд зогсож байж байдаг хүн чинь гэнэт л учиргүй яараад, бушуухан давах гэж яваад уначихсан хэрэг. Харцага ч миний алдааг сайн мэдэрсэн л дээ.

-Бас Содномтой, эсвэл Пүрэвдагватай барилдахаар чинь үзэгчид их талцах юм. Бүр “хоёр Пүрэв” гэдэг нэршил ч гарсан бололтой?

-Үнэнийг хэлэхэд хүмүүс тэгж талцаад байгаа нь надад ер таалагддаггүй. Зүгээр нэг бөхөө үзэж дэмжихээс илүү дараа нь хэрүүл уруулын шинжтэй болгоод байгаа нь их онцгүй санагддаг.

Ер нь анзаараад байхад сүүлийн үед нутгархах үзэл арай л их болчихжээ. Уг нь үзэгчид чинь сайхан барилдаан үзэх гэж, бүх бөхөө дэмжих гэж ирдэг биз дээ?

-Тийм шүү. Сайхан барилдаан үзлээ дээ гэхээсээ илүү тэр нь тэгчихлээ, энэ нь ингэчихлээ гээд бөхчүүдийг муулах, гоочлох байдал сүүлийн үед бүр их болчихож...?

-Харин тийм. Барилдаан бол дэвжээн дээрээ л болоод, дэвжээн дээрээ л дуусдаг байх ёстой. Тэгэхэд барилдааны дараа тэгчихлээ, ингэчихлээ гэж олон юм ярьж, бичиж, бөхчүүдийг хооронд нь хагаралдуулах гэж хатгаад ч байгаа юм шиг... Нэг л сонин болчихжээ.

-Пүрэвдагва та хоёр цөөнгүй таарч барилдлаа. Ноднин таны даваа дамгайлж байсан. Энэ намар харин гурав ч уначихав уу даа?

-Тэгсэн. Ноднин би ихэвчлэн давчихаад байсан. Энэ жил харин Пүрэвдагва даваад байгаа /инээв/.

-Начин барилдааныхаа арга барилыг өөрчилсөн байна уу?

-Ерөнхийдөө бэлтгэл их сайн байна лээ. Бараг наадмын дараа шахуу эрт бэлтгэлдээ орсон дуулдсан. Ер нь бэлтгэл сайн бол барилдах зовлон биш л дээ. Бэлтгэлгүй барилдахаар л унаад байх шинжтэй.

Үзэгчид бас тэгчихгүй яав, ингэчихгүй яав гэж шүүмжилнэ. Гэхдээ барилдаан үзэх нэг өөр, барилдах бүр өөр л дөө. Барилдаан бол тэмцэл. Хэн илүү зүтгэсэн, хичээсэн нь давдаг юм чинь...

-Ер нь ямар бөх барилдахад хамгийн эвгүй байдаг вэ?

-Надад ч одоогоор тэр эвгүй, энэ эвгүй гэх зүйл нэг их мэдрэгддэггүй юм аа. Бүгд л гайгүй барилдаж болмоор санагддаг.

-Аймгийн цолтой барилдах, улсын цолтой барилдах хоёр өөр биз?

-Өөр шүү. Аймгийн цолтой байхад ихэвчлэн бэргэх маягтай. Ер нь сэтгэлзүйн бэлтгэл их өндөр байх хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо бол өөр. Цол дагаж бяр гэдэг утгаараа ч юм уу, би улсын цолтой бөх, илүү байх ёстой, сайн барилдах ёстой гэсэн зарчим байдаг шиг байгаа юм.

-Барилдааны арга барил гэхээр шуудагнаас түрж хөөнө, хонгодно. Бас сүүлийн үед их өргөж цацах болжээ. Энэ ч их л бяртай байгаагийн шинж болов уу?

-Тэр яахав. Ганц нэг барилдаан дээр хийхээр орчихоод л байгаа юм. Одоо бэлтгэл сургууль жигдэрээд ирэхээр шуудагны барилдаан маань ерөнхийдөө сэргэчихнэ л дээ. Миний шуудагны барилдааны эх үүсвэрийг анх Адъяахүү багш л тавьсан юм шүү дээ.

/Сурв: Улс тунхагласнй ойн барилдаан дээр Пүрэвсайхан харцага их шөвөгт харцага Т.Өсөх-Ирээдүйг дээр өргөж цацан давсаныг үзэгчид сайн санаж буй биз ээ. Өсөх-Ирээдүй харцагыг баргийн бөх ингэж өргөөд, цацаад хаяачихаар биш билээ. Энэ бол залуу харцагын хэр бяртай, хэр иртэй байгаагаа харуулсан, мэдрүүлсэн торгон агшин байлаа/

-Одоо бөхчүүд нэгнийхээ барилдааныг сайн мэддэг болчихсон. Таныг шуудганд хүрвэл яггүй гэж мэдэж байгаа болохоор хамгаалах арга барил нь хэр нэмэгдэж байна?

-Бөхчүүд маань бие биенийхээ барилдаан дээр анализ их хийдэг болчихсон. Өргөөнд ирээд үзчихнэ, эсвэл зурагтаар Юнивишнээр ухраагаад үзчихдэг болсон байна. Би ер нь цөөхөн мэхтэй шиг байгаа юм.

Одоо олон мэх сурч, барилдааныхаа арга барилыг жаахан өөрчилье гэсэн бодолтой байгаа \инээв\. Золголгүйгээр барилдаанаа шийдчихдэг болвол зүгээр юм шиг санагддаг.

-Ер нь сэрвүүгээс “гоё барилдаан” их гардаг шүү дээ?

-Тийм шүү. Золгооны барилдаан бол нэг бол давна, нэг бол унана. Энд нэг юм ярихад манай бөхчүүдийн далбаа янз бүр байх юм.

-Уг нь өмсгөлийн стандарт гарчихсан. Бөхчүүдийг өмсгөлөө жигдлэх журам гарсан шүү дээ. Тэр сайн хэрэгжихгүй байна уу?

-Нэг хэсэг бөхийн холбооноос шалгадаг байсан шүү дээ Элэг бүс, гутлын хүлэг энэ тэр гээд л... Одоо бол эргээд задгайрчихсан нь анзаарагдаад байх шиг байна. Хүн болгоны зодогны ширээс нь өөр, утас нь өөр. Барьц авахад үнэхээр хэцүү.

-Утас өөр гэдэг нь бас мэдрэгдэх үү?

-Мэдэгдэнэ ээ. Зодог нь гэхэд янз бүр байгаа шүү дээ. Ухаадастай, ухаадасгүй гээд... Тэрэнтэй адил бас утас нь өөр өөр байна. Зарим нь хачин хатуу, бүдүүн утсаар ширчихсэн. Харахад л андашгүй. Дарайгаад... Хуруу байтугай, хумс ч орох аргагүй байдаг.

-Гарт халгаатай биз дээ, тийм ширээс?

-Барилдахад хэцүү л дээ. Адилхан л энэ спортыг сонгоод, энэ спортоор хичээллээд явж байгаа улс чинь нэгнийгээ хайрлах хэрэгтэй шүү дээ. Энэ бол тухайн хүний хүн чанар, жудагтай л холбоотой асуудал гэж боддог.

-Таныг жижгэвтэр биетэй бөх гэдэг. Гэхдээ барилдаан дээр огт жижгэдэггүй юм шиг санагддаг?

-\инээв\ Би өөрийгөө жижиг биетэй гэж хэлүүлэх ер нь дургүй. Яагаад гэхээр би тийм жижигхэнд ороод байхаар биш. Дундаж л нуруутай гэж боддог. Миний өндөр чинь 178 шүү дээ.

Барилдааны үед өөрт жижигдээд байгаа юм мэдэгддэггүй. Харин ч эвтэйхэн байдаг гэж болно. Өрөөд барилдахад ямар ч хүнтэй таардаг. /Сурв: Харцага хайрцаглаад л их сайхан өрдөгийг үзэгчид анзаарсан байх/

-Жин одоо хэдтэй байна вэ?

-110-тай л байна.

-Жин бол биендээ яг тохирсон байгаа юу?

-Намар нэлээд нэмчихсэн байсан. Одоо бага багаар хасагдаад хэвэндээ орж байна. Ер нь 107, 108-тай л байдаг юм. Жин нэмбэл тэрэндээ түүртэх гээд байдаг гэх юм. Хамгийн гол нь хурдтай байж л сайн барилдана шүү дээ. Залуу насыг гэдсээр чимэхгуй гээд л бэлтгэлээ хийгээд байгаа \инээв\.

-Гэдэстэй болохгүйн тулд хүчний бэлтгэл түлхүү хийх үү?

-Одоо үндэсний бөхөд хүчний бэлтгэл түлхүү хийдэг болчихсон. Ихэнх залуучууд үндсээ хоёр өдөр, хүчний бэлтгэлээ гурван өдөр хийх жишээтэй. Штангаар гарч ирж байгаа залуучууд ч байна.

Штанг их хийлээ гэхэд ард нь сунгалтыг маш сайн хиймээр юм билээ. Булчин нь штанг хийхээр татагддаг. Дараа нь сунгалт сайн хийвэл буцаад задарч өгдөг гэдэг юм. Манай зарим залуучууд хүч, повер талдаа голлож хийгээд хөдөлгөөн багатай, их хатуу болчихсон байдаг. Үндэсний бөхийн штанг бол арай өөр школтой юм билээ.

-Ер нь хэр бяртайгаа шалгаж үзэв үү?

-Үзээгүй. Надад тийм их бяр байхгүй байх аа. Би харин бэлтгэл дээр ч тэр хувцастайгаа барилдаж огт чаддаггүй юм. Заавал өмсгөлтэй барилдаж байж л хүн давдаг /инээв/.

-Зодог шуудаг хэр олныг сольсон бол...?

-Одоогоор тавыг л сольсон юм байна.

-Нэг өмсгөлийг хэдий хэр хугацааны дараа сольж байна?

-Зодог шуудаг хөлсөндөө агшаад, муудчихдаг юм. Ерөнхийдөө жил өнжөөд л солиод байх шиг байгаа юм. Бэлтгэл хийхгүй байж байгаад өмсгөлөө өмсөхөөр бариад байгаа юм шиг эвгүй болчихдог. Зарим бэлтгэлийн хувцас, өмсгөл биед дасчихдаг.

Тэрийгээ өмсөхгүй болохоор эвгүй санагдаад байдаг тал бий. Би хувьдаа биед эвтэйхэн хуучин далбаатайгаа барилдаад байхыг боддог. Яалт ч үгүй бариад байвал л солино. Бас жингээ нэг хэмжээнд барьчихдаг болохоор өмсгөл томдоод, жижигдээд байх нь ховор шүү.

-Ер нь цэнхэр өнгөнд дуртай юм аа даа?

-Аймгийн заан байхдаа ягаан далбаа өмсдөг байсан. Бусад нь цэнхэр. Надад ээлтэй өнгө. Ламаас асуусан чинь “цэнхэрээ өмс" гэсэн. Тэрнээс хойш дандаа л цэнхэр өнгийн зодог шуудаг өмсч байгаа юм байна.

-Монгол гутлаа хэр сольж байна?

-Хоёр дахиа л өмсч байгаа. Анх Нарантуул захаас нэг хар монгол гутал авч байсан. Тэр гуталтайгаа барилдаад аймгийн заан болсон. Аймгийн арслан болоход минь Батзориг ах заан болохдоо өмсч байсан монгол гутлаа “Ах нь энэ гутлаар олон бөх хавирч давж байлаа..." гээд өгсөн.

Би улыг нь солиулаад л өмссөн. Одоо болтол өмсдөг. Хөлд их эвтэйхэн байдаг юм.

-Ноднин жил ерөнхийлөгчийн цомын барилдаанд түрүүлж цом гардсан. Саяхан фэйсбүүкдээ тэр цомтой зургаа тавьсан байна лээ. Ерөнхийдөө энэ оны бас нэг зорилгоо тодорхойлж байгаа юм болов уу гэж бодохоор...?

-Мэдээж дотроо бас бодоод, зориод бэлтгэлээ хийж байгаа. Тэр өдөр хэн одтой, хийморьтой барилдсан аавын хүү авах байлгүй дээ, тэр цомыг. Монгол улсын ерөнхийлөгчийн цом болохоор бас бэлгэшээлтэй сайхан эд.

-Тэр чинь шилжин явдаг цом билүү?

-Тийм ээ. Түрүүлсэн бөхөд гардуулаад 14 хоноод буцаагаад авчихдаг юм билээ. 40 орчим кг жинтэй юм уу даа, нэлээд хүнд цом байна лээ. Өөрт үлдэх дурсгалын цом гээд тусад нь жижиг хувилбарыг нь өгсөн.

-Зун даншиг дээр танд жип машин гардуулж байсан. Тэр машинаа унаж байгаа юу?

-УИХ-ын гишүүн Бямбацогт ах маань шар өнгөтэй жип өгсөн. Унаж байгаа. Ахынхаа сайхан машиныг унаад цолоо ахиулна аа л гэж бодож явдаг.

Эрхэмбаяр аварга тэр наадмын орой хүлээн авалт дээр “Ах нь яг ийм өнгөтэй машин бэлгэнд аваад улсын наадамд түрүүлсэн. Дүү энэ машинаа унаад аварга болох байхаа” гэж хэлэхэд нь их сайхан санагдсан. Бид хоёрын машин яг адилхан өнгөтэй юм билээ. Балжинням аваргад бас нэг адилхан байдаг.

-Дүрэм хэр зөрчиж байна, цагдаа нар зогсоож байна уу?

-Би ч дүрэм их зөрчинө өө \инээв\.

-Тэгвэл торгуулийн хуудас “нисээд” л ирж байгаа биз дээ?

-Харин тийм. Торгуулаад л... Энд тэнд явахаар миний машин их содон байдаг юм билээ. Шар машин ховор байдаг ч юм уу, “Чи тэнд явж байсан, энд явж байсан” гээд мэдээлэл амархан тараад баригдчихаад байдаг юм, найз нөхдөд \инээв\.

-Ер нь голдуу тунаанд үлдчих юм. Цол ахисан ч тунасаар л байна. Ам авах боломж гарч хааяа гарч байна уу?

-Тийм шүү. Начин байхдаа ч тунаж л байсан. Харцага болоод ч тунасаар л байна. Тунаж барилдах ч сайхан л даа. Бодож санах юмгүй. Харцага болсоноосоо хойш ганцхан л удаа ам авч барилдлаа.

Харцага бол том цол. Гэхдээ жил бүр шинээр төрж байгаа аварга, арслан, гарьд, зааны дэргэд ам авах хэмжээний том цол биш болчихож. Улсын наадмаар гэхэд гурвын даваанд нугарах магадлалтай.

Тийм болохоор нугалааг өөрөө гаргаад явчихна. Тавын даваанд ам авна гэдэг бол бүр худлаа. Заалны барилдаанд бараг ам авах боломж гарахгүй байгаа юм чинь.

-Бөхөөс өөр зүйл сонирхож, дурлаж байна уу?

-Одоогоор ч бөхөөс өөр сонирхоод хийгээд байгаа юм алга аа. Хийдэг ажил нь бэлтгэл, барилдах. Гэр, бэлтгэл, гэр бэлтгэл гээд л байж байна.

-Гэр бүлтэй болсон уу?

-Одоогоор болоогүй л байна.

-Сайн барилддаг, олны танил бөх залууг охид хүүхнүүд их сонирхож байна уу?

-Аа, мэдэхгүй. Тийм юм нэг их мэдэгддэггүй шүү дээ \инээв\.

-Гэхдээ ойрмогхондоо гэр бүл зохиох талаар төлөвлөсөн зүйл байгаа биз дээ?

-Ойрмогхондоо юу? Төлөвлөж байгаа, төлөвлөж байгаа.

-Бөхчүүдийг эрт гэр бүлтэй болох хэрэгтэй гэдэг тал бий юу?

-Хүн болгон өөр өөрөөр л ярьдаг байх. Гэр бүлтэй болвол амжилт нь илүү сайжирдаг ч гэх юм уу, зарим хүмүүс хэлж л байдаг. Тэр талаар сайн мэдэхгүй байна аа.

-Эцэг эхээс хоёулаа гэдэг билүү. Ах нь барилдсангүй юу?

-Тийм ээ. Хоёулаа. Нэг ахтай. Манай ах барилдахгүй ээ. Жижиг биетэй.

-Аварга дээд сургуулийг төгссөн байх аа. Барилдахыг залуу насны ажил гэдэг. Яваандаа өөр мэргэжлээр суръя гэсэн бодол байдаг уу?

-Одоогоор тэр талаар бодсон юм ёстой байхгүй. Урд том зорилго байгаа.

-Ер нь бөх болох бүр багын хүсэл мөрөөдөл үү?

-Би уг нь арваа төгсөөд нягтлан болох гээд сонгочихсон, томилолтоо авчихсан байсан. Тэгсэн Батзориг ах хотоос очоод “Бөх удам дагадаг. Би удмаасаа чамайг бөх болгоно” гээд хот руу авчирч Адъяахүү багшийн шавь болгож өгсөн юм шүү дээ.

-Тэгвэл бөх болох талаар нэг их шимтэж байгаагүй гэсэн үг үү?

-Бас огт сонирходоггүй ч биш, яваад л байдаг байсан. Гавихгүй ч гэсэн секцэнд яваад, аймгийн аваргаас медаль авах гэх мэтээр...

-Барилдаагүй, бэлтгэлгүй үедээ юу хийх вэ?

-За даа, тийм үе ч ховор доо. Амралтын өдрүүдээр ихэвчлэн барилдаантай байж таардаг. Барилдаангүй өдрөө ууланд алхдаг. Нэг их зав чөлөө гараад байдаггүй. Залуу насанд завгүй байх сайхан биз дээ?

-Өмнөө том зорилго тавиад зүтгэж байгаа хүний хувьд олон зүйлээс татгалзах, өөрийгөө чөлөөлөх хэрэг гарна биз?

-Ерөнхийдөө наргих цэнгэх гэх мэтээс татгалзана шүү. Найз нөхөдтэйгээ уулзахдаа уулзана. Нийлэхдээ нийлнэ. Гэхдээ хэм хэмжээтэй. Заалны барилдаанд нэг гайгүй барилдчихаад дараа нь ууж идээд наргиж цэнгээд явчихвал нэмэргүй л дээ.

Би хувьдаа архи дарс бараг уудаггүй. Хүмүүс дарвиад ирэхээрээ “уучих” гээд шахвал “Та нар миний өмнөөс барилдаж өгөхгүй биз дээ" гээд л хэлчихдэг. Миний найз нөхөд бол ойлгоод байдаг юм. Олон дотор ойлгох нэг нь ойлгоно, ойлгохгүй зарим нэг хүн ч байна.

-Сайхан дуулах уу?

-Дуулдаггүй юм аа. Гэхдээ бас учиргүй солгой ч биш ээ. Хөдөө гадаа явж байхад, найр наадмын үеэр хүмүүс “Ая барь” гэвэл яалт ч үгүй барина даа /инээв/.

-Ямар төрлийн дуу хөгжим сонсох дуртай вэ?

-Зохиолын дуу сонсох дуртай. Машиндаа ихэвчлэн зохиолын дуу л соносож явдаг. Дуучин Л.Болдбаатарын дуунд дуртай.

-Адъяахүү багшийн унаган шавь. Багш тань их зүйл хэлж өгдөг үү?

-Манай Адъяа багш гар сайтай. Шавь нараас нь олон сайн бөх төрж байна. Бөхийг үнэхээр сайн мэдэрдэг. Барилдаан болгон дээр тэр чинь болж байна, энэ чинь болохгүй байна гээд байнга хэлж зөвлөнө. Бид нарыг хараад л мэдэрнэ шүү дээ. Багштайгаа хамт бэлтгэл хийх дуртай. Нэг л түшигтэй сайхан байдаг юм.

-Та хоёрын барилдаан бас төстэй юу?

-Магадгүй ээ. Манай багш чинь залуудаа их эртэй, хурдтай, тэсрэлттэй барилддаг байсан юм билээ. Одоо ч гэсэн бид нартай яс үзнэ шүү дээ. Багшийнхаа барилдаанаас сурах юм их бий.

-Батзориг зааны хүү Японд сумогийн сургуульд сурч байгаа гэлүү?

-Тийм ээ. Манай Жаагий Японд сумогийн ахлах сургуульд сурч байгаа. Сумогийн бэлтгэл үндэсний бөхийн бэлтигэл хоёр өдөр шөнө шиг ялгаатай юм билээ.

-Та сумогийн бэлтгэл хийж үзсэн юм уу?

-Би ноднин хавар дүү дээрээ нэг очоод ирсэн. Бэлтгэлийг нь хийж үзсэн. Манай үндэсний бөхийн бэлтгэл хажууд нь юу ч биш юм байна даа гэж бодогдсон.

-Түрүүн олон мэх сурч барилдаанаа өөрчилнө гэж байсан. Онцолвол ямар мэхийг сурчих юмсан гэж боддог вэ?

-Өмсөх мэхийг хийгээд сурчих юмсан гэж боддог. Жинхэнэ сонгодог мэх шүү дээ. Заалны барилдаанд нэг удаа туршаад үзсэн чинь давчихсан. Болохоор л юм билээ. Нэлээд сайн бэлдэж байгаад өмсдөг болно оо.

-Барилдааны үеэр өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

-Би өөрийгөө жаахан характертай хүн юм болов уу гэж боддог, барилдаан дээр. Ер нь спортын хүн тийм байх нь зүгээр байх. Нэгэнт л барилдах гэж гарч ирсэн юм чинь. Батзориг ах “Та нар ямар эрхлэх гэж гарч ирсэн биш олигтойхон яваад барилдчих. ёстой хазахаас бусдыг хийх хэрэгтэй” гэдэг юм.

Аймгийн цолтой байх үед заримдаа элэг бүсдэж байгаад уначихаар ах “Түшүүлээд тавьчихсан шонгийн мод шиг юм зогсож байгаад уначихлаа” гээд зэмлэнэ \инээнэ\. Ахын хэлдэг үгнүүд намайг их ирлэдэг, нөлөөлдөг байх. Ер нь л явж барилдах гээд байдаг юм.

-Бас хэт их характер гаргавал үзэгчдэд шүүмжлүүлнэ шүү дээ?

-Үзэгчид бараг мэргэжлийнх болчихсон байдаг юм билээ. Би нэг хэсэг барилдахгүй байхдаа үзэгчдийн дунд суугаад бөх үзэж байхдаа анзаарсан. Тэд бөхчүүдийг аягүй сайн мэдэрдэг болчихсон байдаг юм билээ.

Одоо тийм мэх хийлээ гэхэд өнөөх нь яг л хийж байх жишээний. Үзэгчдийн хэлж байгаагаас бас бодмоор, тунгаамаар, шингээж авмаар зүйл их байдаг юм билээ.

-Манай бөхчүүд ойролцоо уначихаад хоёулаа гүрийчихдэг тал бий. Үнэхээр давсан унаснаа мэдрэхгүй үе байдаг юм уу?

-Зарим үед яалт ч үгүй унасан хаяснаа мэдэхгүй тохиол байдаг юм аа. Ойролцоо уначихсан үед... Би дээр Эрдэнэсайхан гээд аймгийн начин залуутай барилдахдаа ойролцоо газардаад үнэндээ давсан унаснаа ч мэдэхгүй байсан.

Хөлийн цэц “дахиад барилд” гэхээр нь барилдсан. Орой нь очоод бичлэг үзсэн уначихсан байна лээ. Тиймэрхүү тохиол байна аа, байна.

-Хааяа явмааргүй санагдаад ч юм уу бэлтгэлээ тасалчих үе байдаг уу?

-Би бэлтгэлээ ер нь тасалдаггүй. Багшийнхаа хэлснийг хийгээд болж өгвөл дээр нь жаахан нэмээд л гарна даа. Бэлтгэлээс л барилдаан шалтгаалдаг болохоор... Зарим барилдаан дээр мэдрээд, тэсрэлттэй мэх хийгээд гоё байдаг. Заримдаа мэдэрье гэж хичээгээд ч мэдрэхгүй үе байна. Энэ бүхэн бэлтгэлээс л шалтгаалдаг юм билээ.

-Зарим нэг барилдаан дээр бөхчүүдийн зүгээс даваа гуйх, яриа хөөрөө гарах уу?

-Хааяа нэг тийм тохиолдол гарна аа. Тийм үед шударга сайхан барилдахыг л боддог. Энэ зун харцага болсоныхоо дараа Дарвийн ойд очоод а.а Тайван найзтайгаа түрүү булаалдсан. Тэгэхэд хүмүүс “найздаа өгчих” гэх аястай байсан.

Тайван бол миний найзаас гадна манай хүргэн л дээ. Гэхдээ “Би улсын харцага цолтой хүн. Чамд өгөхгүй шүү” гэж хэлэн яс үзээд л давсан. Үзэгчид бөхчүүдийг шударга барилдсангүй гэж шүүмжилдэг хэрнээ өөрсдөө тиймэрхүү өнгө аяс гаргах тохиол байдаг шүү.

-Намар хоёр, гурван бөхийг нэр цохон допинг хэрэглэсэн гээд сонин хэвлэлээр нэлээд шуугисан. Тэр талаар таны бодлыг сонсъё?

-Тэр үед манай ахын хурим болоод би сумандаа явж байсан. Тэгсэн Батзориг ах утасдаад “Чамайг тэгээд бичсэн байн. Юу болоод байна аа” гэсэн. Би ч “Тийм юм байхгүй ээ ах” гээд огт тоохгүй байсан. Угаасаа надад тийм гаж буруу идэж уусан юм байх биш гээд...

Хотод ирсэн чинь сонин дээр бүр нэр цохоод бичсэн байсан. Сүүлд нь хөдөө орон нутагг залруулсан мэдээлэл хүрээгүй болохоор хөдөөнийхөн тэр хэвээр нь ойлгочихсон байгаа юм билээ. Саяхан манай найз саяхан хөдөө явсан чинь хүмүүс “Пүрэвсайхан допинг хэрэглэсэн гэлүү” гээд л асууж байна гэсэн.

Иймэрхүү асуудалд манай бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байдаг байгууллагынхаа хувьд албан ёсоор байр сууриа илэрхийлж ямар нэг тайлбар хийх хэрэгтэй байсан болов уу. Хүн гүтгэсэн сэтгүүлч нарт хариуцлага тооцож, сануулга өгсөн бол дараа иймэрхүү худал зүйл бичихгүй болов уу гэж боддог. Бас зарим сонин сайтынхан огт яриагүй зүйлийг ярьсан болгоод биччихсэн байх юм.

Наадмын дараа намайг “Ганбаатар гарьдыг амалсанд гайхсан" гэх ухааны юм бичсэн байсан. Том цолтой бөх хэнийг амлах нь эрхийн асуудал шүү дээ. Би сүүлд Ганбаатар гарьдтай таараад “Би тэгж хэлээгүй шүү” гэдгээ хэлсэн. Ингэж дур зоргоороо хүний яриагүй зүйлийг ярьсан болгож болохгүй байх аа.

-За баярлалаа. Өмнөө тавьсан том зорилгодоо хүрч сайн барилдаарай?

-Баярлалаа.

Ярилцсан: С.Бадамгарав

Эх сурвалж: “Бөх” сонин