sonin.mn

Японы Фүкүока хотноо мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какурюү М.Анандыг давснаар Японы эзэн хааны цомыг 32 дахь удаагаа хүртэж домогт Их аварга Тайхогийн амжилттай эн зэрэгцэж ирлээ.

“Монголын бахархалын өдөр” буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр ийнхүү гайхамшигтай амжилтын эзэн болсон Монголын Дархан аварга Ж.Мөнхбатын хүү Даваажаргал монгол түмний бахархалт хүү гэдгээ дахин баталлаа. Энэ өдрийн бас нэгэн бахархалт хүү, сүмогийн олон дээд амжилтыг тогтоож байгаа Кёкүтэнхо Н.Цэвэгням 40 гарсан насандаа тавин хувийн амжилтаа үзүүлж, 10 даваатайгаар тусгай шагналын эзэн боллоо.

Харин 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж, озэки Котошогикүг давсан юм. Тэрбээр гэмтэлтэй хэдий ч маш сайн барилдан 11 даваатай башёг өндөрлүүллээ. Мөн энэ өдөр их сүмод Монголын ирээдүй болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров нар барилдан Тэрүнофүжи найм дахь даваагаа авснаар хоёул тавин хувийн амжилтаа үзүүлэв. Дээд зиндаанд хүч үзсэн манай сумочдын ес нь тавин хувийн амжилтаа биелүүлж чадлаа. Мөн жүрёод Токитэнкү А.Хүчитбаатар түрүүлсэн байна.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг