sonin.mn

-Хоёулаа ярилцлагаа таны төрж өссөн нутаг усны талаар эхэлье?

-Би 1992.06.08-нд Ховд аймгийн Зэрэг суманд малчин ардын гэр бүлд төрж өссөн. Айлын том хүүхэд. Доороо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Дүү Батцэнгэл Говь-Алтай аймгийн АУДС-ийн 3-р курст, Батчимэг Ховд их сургуульд 1-р курст сурдаг. Эрэгтэй дүү Бат-Орших сумандаа 9-р ангид сурдаг. Ээжийг Д.Замбагацэцэг гэдэг. Манайх төв рүүгээ орж өвөлжөөд бусад үед нь хөдөө мал дээрээ байдаг.

-Бага нас тань хаана өнгөрсөн бэ? Багадаа ямархуу хүүхэд байв?

-Хүүхэд ахуй насаа хөдөө сумандаа аав, ээжтэйгээ хамт өнгөрөөсөн. 9-р анги хүртлээ сумандаа суралцаж байгаад төгсөх жилээ хот руу ирж бөхийн сургуульд орсон.

-Аав чинь сумын заан цолтой гэсэн үү?

-Манай аав Б.Баярхүү 1971 онд төрсөн. Наймдугаар ангиа төгсөөд үйлдвэр нэгдэлд ажиллаад, цэрэгт явж ирээд барилдаж 1994 онд сумын заан болсон. Одоо барилдахаа больсон, сумандаа мал малладаг.

-Бөхийн спортыг яагаад сонгох болов?

-Хүүхэд байхаасаа л бөхөд их сонирхолтой байсан. Өөрийнхөө сонирхлоор л барилдаж эхэлсэн дээ. Аав болон аавын дүү барилддаг сумын заан цолтой сум орон нутагтаа барилддаг. Эргэн тойрны хүмүүс барилддаг болохоор бөх болоход минь нөлөөлсөн болов уу.

-Бөхөд сонирхолтой хүүхэд хэний барилдааныг үзэж, тэр хүн шиг бөх болохыг боддог байв?

-Намайг бага байхад Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын аваргууд ид барилдаж байсан. Б.Бат-Эрдэнэ аварга шиг бөх болохыг мөрөөддөг байсан.

-Хэдий үеэс барилдаж эхлэв?

-Багаасаа ноцолдох дуртай. Тавдугаар ангиасаа барилдаж эхлэн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж байсан. Гэхдээ олигтой амжилт үзүүлээгүй. Сүүлд 2009 онд ахлах насанд өсвөрийн үндэсний бөхийн аймгийн аварга болсон юм.

-Анхны цолоо хаана хэзээ авч байв?

-2008 онд Ховд аймгийн Чандмань сумын баяр наадамд түрүүлж, сумын заан цол авч байсан. Тэр жилээ сумандаа барилдаж үзүүрлэж байсан.

-Аймгийн цол авахаасаа өмнө бөхийн өргөө болон ХААИС дээр болдог сумын заануудын барилдаанд тун сайн барилдаж байсан байх аа?

-Тэр үед аймгийн цол авахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийж байсан. Цуг барилдаж байсан сумын цолтнууд маань ихэнх нь аймгийн цол авсан байна. Би бөхийн өргөөнд нэг түрүүлсэн, ХААИС, Налайх, Төв аймгуудад болсон сумын заануудын барилдаанд 5-6 удаа түрүүлсэн байх шүү. Ерөнхийдөө тогтмол шөвгөрч барилдсан.

-Таны аймгийн наадамд үзүүлсэн амжилтыг харахад аймгийн начин, харцага, заан, арслан цолыг дэс дараалан авчээ. Нэг жилд хоёр, хоёр жилд дөрвөн цол авна гэдэг бас л ховор тохиолдол шүү?

-Миний хувь заяа юм уу гэж бодон өөртөө маш их баярладаг. Нэг жилд хоёр, хоёр жилд дөрвөн цол авлаа. Сумын заан байхдаа аймгийн начин болчих юмсан гэж хичээж барилддаг байсан.

Аймгийн начин болчихвол цааш сайхан барилдчихна гээд л... Яагаад ч юм аймагт барилдаад 3-4 жил гурав дөрвийн даваанд таслуулчихаад байсан. Цэргийн начин болоод аймагтаа очиж барилдан харцага болсон.

Өнөө жил аймагтаа арслан болно гэж очиж барилдаад үзүүрлэн арслан болж чадаагүй. Тэгээд Эрдэнэтэд очиж барилдаад түрүүлж аймгийн арслан хэмээх сайхан цолонд хүрсэн дээ.

-Аймгийн начин цол авна гэж бодож явсан хүү цэргийн начин цол авчихаад хэр их баярласан бэ?

-Маш их баярласан. Бэлтгэл сургуулилт ч сайхан жигдэрсэн байсан. Барилдсан барилдаан болгондоо одтой, өнгөтэй барилдаж байсан. Улс аймгийн цолтнуудын барилдаанд хүртэл хоёр давж байсан.

Бүх цэргиин наадмаар ганцаараа цэргийн начин болсондоо баярладаг. Нэгийн даваанд Завханы а.а Э.Зоригтбаатар, М.Баярсайхан нарыг гурвын даваанд а.х.а Ш.Мөнгөнбаатарыг, дөрвийн даваанд а.х.а Ч.Батчулуун (улсын начин), тавын даваанд а.а Д.Энхбатыг даваад а.х.а А.Алтанхуягт унасан.

-Өнөө жил аймгийн заан, арслан болсон наадмаа эргээд нэг дурсвал?

-Аймгийнхаа наадамд зургаагийн даваанд Говь-Алтайн шинээр аймгийн начин болсон Алтангэрэлийг, долоод харцага болсон Б.Анхжаргалыг давж үзүүр түрүүнд Б.Тайванд унаж, Тайван арслан болоод би заан болсон. Эрдэнэтэд нутгийнхаа аймгийн заан Д.Бадамгараваар найм даван түрүүлж, аймгийн арслан болсон.

-Бөхийн спортод хөтөлж оруулж байсан анхны багш тань хэн бэ?

-Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат ШБТДС-ийн үндэсний бөхийн багш, дасгалжуулагч аймгийн начин Батбаатар гэдэг хүн. Би 2010 онд хотод оюутан болж ирээд л Шонхорт орж, Батбаатар багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн юм.

-Тус сургуулийг төгссөн байх аа. Танай ангиас барилдаж байгаа бөхчүүд байна уу?

-Би 2013 онд ШБТДС-ийг үндэсний бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Сүхбаатарын аймгийн начин Мөнхбат, энэ жил шинээр аймгийн начин болсон Дундговийн Д.Энхболд, Ховдын Уртнасан, Баянхонгорын Г.Жамбалдорж, нар манай ангийнх. Мөн энэ жил Сүхбаатарт үзүүрлэсэн. М.Баасанбат манай ангид байж байгаад 4-р курсээсээ АБТДС руу шилжин орсон.

-Бэлтгэл сургуулилтаа ямар горимоор хийж байна?

-Үндэсний бөхийн бэлтгэлээ Их шавийн дээд сургууль дээр улсын харцага Г.Элбэг, улсын аварга Г.Эрхэмбаяр нарын удирдлага дор, Хүчний бэлтгэлээ “Алдар” спорт хороон дээр Мөнхтөр багшийн удирдлагад хийж байгаа.

-Бөхийн бусад төрлөөр барилдаж байхыг чинь хараагүй юм байна?

-Бусад төрлөөр нэг их сонирхож барилддаггүй. Гэхдээ чөлөөтийн бэлтгэл хийдэг. Насанд хүрэгчдийн болон өсвөр үеийн улсын аварга зэрэг ганц нэг тэмцээнд орж байсан.

-Өөрийн чинь барилдааны онцлог?

-Баруун талтай. Шуудагнаас шахаж татах түрж хөөх. Сүүлийн үед хонгодох мэхийг сурах бодолтой байгаа.

-Аймгийн бага цолтой бөх улс, аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлэх нь ховор. Өөрийн чинь хувьд ноднин аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлсэн шүү дээ?

-Аймгийн цолтнуудын барилдаанд нэг дөрөвт, нэг наймд үлдээд ноднин хавар Замын-Үүдийн 20 жилийн ойн хаалтын барилдаандхурцарсланШ.Мөнгөнбаатартай үзүүр, түрүүнд үлдээд түрүүлсэн. Маш их баяртай байдаг.

-Бөх болох юм байна гэсэн урам зориг хэдий үеэс төрсөн бэ?

-Бөх болоод барилдаад явбал болох юм байна гэсэн бодол сумын заан болоход мэдрэгдсэн. Анх сумын заан цолоо авахад маш их баярласан. Бөх хүн амжилт ахих тусам хүн урам зориг орж, гайгүй барилдах тоолондоо л урам зоригийг авсаар байдаг гэж боддог.

Ер нь ноднин Замын-Үүдийн 20 жилийн ойд аймгийн харцага цолтой түрүүлж байсан. Шөвгийн дөрөвт үлдсэн, түрүүлж байсан энэ жил арслан болсон юм чинь улс аймгийн цолтнуудын барилдаанд яагаад шөвгөрч, түрүүлж болдоггүй юм гэж л бэлтгэлээ хийж байгаа.

-Улсын наадамд барилдаж амжаагүй байх аа. Энэ жил барилдана биз дээ?

-Улсын наадамд барилдаж үзээгүй. Энэ жил анхныхаа улсын наадамд барилдана даа.

-Санаанаас чинь гардаггүй барилдаан бий юу?

-Цэргийн наадмын барилдаанууд санаанаас гардаггүй. Тэр тусмаа цэргийн начны даваанд аймгийн арслан Д.Энхбатыг давж байсан барилдаан их дурсгалтай.

-Анх давж байсан улсын цолтой бөх хэн бэ?

-2012 онд Ховд аймгийн Дарви сумын баяр наадамд улсын начин И.Мөнхбаатарыг даваад дараагийн даваанд улсын заан Ц.Мягмарсүрэнд унаж байлаа.

-Биеийн өндөр жин хэдтэй байна?

-Өндөр 175 см, жин 115 кг байгаа. Жингээ энэ хэмжээндээ барьж барилдъя гэсэн бодолтой байгаа.

-Одоо барилдаж байгаа бөхчүүдээс үлгэр дуурайл авдаг бөх бий юу?

-Улсын аварга Г.Эрхэмбаяр багш барилдааны арга техникийг байнга зааж байгаа. Улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шиг хурц эрэмгий барилдаан гаргахыг боддог.

-Үеийнхээ бөхчүүдийн тухай яривал?

-Манай үеэс олон сайхан арслан төрсөн байна. Бид өсвөр үеэсээ л барилдаж эхэлсэн. Ихэнх нь аймгийн цол авцгаасан сайхан л барилдаж байна.

-Гэр бүлтэй болж амжсан уу?

-Амжсан. Манай гэр бүлийн хүнийг Гүррагчаагийн Энх-Амгалан гэдэг. Завхан аймгийн Идэр сумын харъяат. Бид нэг хүүтэй. Өсөх-Ирээдүй гэдэг. Манай хүү одоо ой найман сартай. Эхнэр хууль эрх зүйч мэргэжилтэй.

-Хүүдээ бөхийн нэр хайрласан юм аа дaа?

-Хүүхдээ төрсний дараа бөхийн нэр өгье гээд Өсөхбаяр гэж өгөх үү Өсөх-Ирээдүй гэж өгөх үү гэж бодож байгаад Өсөх-Ирээдүйг нь сонгосон. Сайхан нэр санагддаг юм.

-Залуу хүний ирээдүйн зорилгыг сонсвол?

-Бэлтгэл сургуулитаа сайн хийгээд улсын наадамд түрүүлэх, улсын аварга болохыг зорьж явна.

-Дотно найзалж, нөхөрлөдөг бөхчүүдийн тухай?

-Нутгийнхаа бөхчүүдтэй найзалдаг. Аймгийн начин Ш.Баяржаргал, Ц.Заяатүшиг гээд...

-Ярилцлагынхаа төгсгөлд өөрийг чинь бэлтгэл сургуулилт хийгээд явахад тусалж дэмжиж байдаг хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлж болно шүү?

-Төрүүлж өсгөсөн аав, ээж, бэлтгэл сургуулилт хийгээд явахад тусалж дэмждэг “Монтед констракшн” ХХК ийн хамт олон Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн хамт олондоо бүгдэд нь баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.

ХААИС-ийн оюутан С.Давааням

Эх сурвалж: "Бөх" сонин