sonin.mn

Монголын сүмогийн алтан хараацай Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сүмогийн рөкорд амжилтуудыг дараалан эвдсээр л явна. Өнгөрсөн Намрын тэмцээнд 40 настайдаа дээд зиндаанд барилдсан нь 60 жилийн дараа болсон бол дээд зиндаанд 50 хувийн амжилт үзүүлсэн нь 73 жилийн дараа тохиолдож байгаа явдал байлаа.

Тэгвэл энэ сарын 9-нд Фүкүокад эхэлсэн Күюшюү башёд бас л хэд хэдэн амжилт тогтоосон. Тэрбээр мэргэжпийн сүмод 1800 удаа барилдсан гурав дахь хүн, 900 дахь ялалтаа байгуулсан тав дахь бөх болж байгаа юм.

Японы жүжигчин Санюүтэй Какицү түүнтэй уулзаж, үе тэнгийхэн нь хэдийн зодог тайлчихаад байхад яагаад одоо болтол барилдаж байгаа, мөнхийн залуу байгаагийнх нь нууцыг тайлахыг оролджээ.

-Өнгөрсөн Намрын тэмцээнд 40 настайдаа барилдаад рекорд амжилт боллоо гэж шуугиж байтал 50 хувийн амжилт хийгээд бас л рекорд болсон. Танд давхар баяр хүргэе?

-Баярлалаа. Долоо ялсныхаа дараа хоёр дараалан унаад санаа зовж л байлаа. Гэхдээ ямар ч гэсэн наим ялж, сэтгэл амарсан.

-Тэмцээний дараа Японы сүмогийн холбооны твиттерээр “Кёкүтэнхогийн 40 насны ой болон 50 хувийн амжилт үзүүлснийг тэмдэглэх баяр” гэдэг 50 мянган хүн оролцсон том арга хэмжээ болсон?

-Урьд өмнө болж байгаагүй явдал болохоор сандарч биеэ барьж байлаа. Гэхдээ фэнүүдээсээ янз бүрийн бэлэг аваад их баярласан. Амьдралын минь хамгийн сайхан төрсөн өдрийн баяр болсон.

-40 настай дээд зиндаанд барилдсан бөх 60 жилийн өмнө л байсан гэсэн. Тэр тусмаа 50 хувийн амжилт үзүүлж байсан нь 73 жилийн дараа болсон. Та ч үнэхээр домог боллоо шүү?

-Би 21 настайдаа жюүрёод дэвшиж байлаа. Тэр үед 30 нас хүрээд л зодог тайлах нь жирийн үзэгдэл байсан юм. Би дахиад есөн жил барилдаж чадах болов уу гээд л санаа зовдог байлаа. За даа би ч 30 хүртлээ барилдахгүй байх даа гэж бодож байсан.

-Та Японд 17 настайдаа ирсэн гэхээр эх орондоо амьдарсан хугацаанаас чинь Японд байсан нь илүү урт юм байна?

-Намайг Японд ирсэн жил төрсөн хүүхэд одоо их суруулиа төгсөөд ажилд ороод явж байгаа гээд бод л доо. Би өөрөө ч гайхдаг.

Ичиножёо одоо 21 настай бил үү? Хэрэв би 19 настайдаа хүүхэдтэй болсон бол одоо Ичиножёотой чацуу байх байж.

-Хүүхэдтэйгээ барилдаж байгаа юм шиг л болох байх даа.?

-Тийм болохоор түүнтэй барилдахыг хүсэхгүй байна. Ер нь бол таарч барилдаагүйдээ баяртай явдаг юм. Би сүмо барилдаад 23 жил боллоо. Монгол япон гэлгүй бөхч үүд бүгд л хөөрхөн дүү нар маань.

-Хэрэв Ичиножёотой таарч барилдвал яах вэ?

-Ичиножёо банцүкэ дээр болохоор дээгүүр л барилдах байлгүй. Хэрэв таарлаа гэхэд гэмтэж бэртчилгүй шиг л барилдахыг бодно доо.

-Та ер нь яагаад Японд ирж сүмо барилдахаар шийдсэн юм бэ?

-Ямар нэг шалтгаан байхгүй. Одоо Улаанбаатараас шууд нислэгтэй, дөрвөн цаг нисээд л хүрээд ирдэг болсон болохоос тэр үед дамжаад л явдаг байлаа. Интернет ч байгаагүй, ямар ч мэдээлэлгүй шууд ирж байлаа. Монгол бөх ч барилдаж байгаагүй хүн ирээд л сүмоч болсон доо. Хоол унд, зан заншил огт өөр, анх ч өдөр бүр л уйлдаг байлаа.

-Мэргэжлийн сүмод ороод хамгийн хэцүү үе юу байсан бэ?

-Жонокүчи, жонидан, санданмэ гээд л доод зиндаанд маш хэцүү байсан. За би чинь жюүрёод дэвшихийн тулд хэдэн бөхийг гүйцэж давах хэрэгтэй юм бол гээд тоолоод үзсэн чинь хэдэн зуу болоод за ёстой мөдгүй юм байна гэж бодож байлаа.

М.Сугар-Эрдэнэ

Эх сурвалж: "Бөх" сонин