sonin.mn

Баян-Өлгий аймгийн “Таван богдын бүргэдүүд” бөхийн дэвжээний тэргүүн, аймгийн алдарт уяач Х.Нурлатыг “Өглөөний зочин” буландаа урилаа. Нутгийн бөхчүүдээ ойрын жилүүдэд улсын цолд хүргэх эрхэм зорилго тавьсан тэрбээр залуу хүний хөдөлмөрч зангаар бусдад гэрэл гэгээ, урам хайрласаар яваа билээ. Ингээд Монгол бөх, хурдан буянтай насны амьдралаа холбосон түүний яриаг хүргэж байна.

-“Таван богдын бүр­гэдүүд” дэвжээний бөхчүүд бусад аймгийн бөхчүүдээс насаар залууд тооцогдоно. Дэвжээ байгуулагдсан ца­гаас хойш аймгийн цолтой 10 гаруй бөх төрлөө?

- Тийм ээ. Манай дэвжээ 2010 онд байгуулагдсан. Харин хоёр жилийн дараа нутагтаа дэвжээний нээлтээ хийж байлаа. Дэвжээний дасгалжуулагч багшаар Толбо сумын харьяат айм­гийн арслан Канат ажил­ладаг. Анх нээгдэж байхад 30-аад бөхчүүд бэлтгэл сур­гуулилтаа хийж байлаа. Ха­рин дэвжээ байгуулагдсан цагаас манай аймагт шинээр аймгийн цолтой 10 гаруй бөх төрсөн.

Монголын үндэс­ний бөхийн холбооноос зохион байгуулдаг улирлын барилдаанд ч, амжилттай өр­сөлдсөөр яваа. Хэд хэдэн залуу бөх улсын цолд авахад ойрхон. Бөхчүүдийнхээ төлөө, тэднийг багахан хэм­жээгээр дэмжиж хамтдаа амжилтын төлөө зүтгэж яваа Баян-Өлгий аймгийн ЗДТГ болон бөхөд хайртай залуучуудын хүч хөдөлмөр гэж үнэлж явдаг.

-Баян-Өлгий аймагт улсын цолтой таван бөх бий. Тэдний үргэлжлэл ойрын наадмуудаар төрөн гар­­на гэж харж, хүлээж бай­гаа үзэгчид цөөнгүй бий?

-Монгол Улсын заан, харцага, начин гээд сайхан бөхийн төлөөллүүд бий. Монгол Улсын харцага Бахыт, аймгийн арслан Мурат нар бөхчүүддээ одоо хэр нь үлгэр дууриал болж зааж зөвлөөд явдаг.

Дэвжээ байгуулагдсан цагаас хойш одоогоор 40 гаруй бөх бэлтгэлээ хийгээд явж бай­на. Ойрын хугацаанд бөх­чүүдээсээ тэр дундаа залуу үеийн төлөөллүүд улсын томоохон цолд хүрнэ гэдэгт итгэлтэй явдаг.

-Казах түмэн хэзээний хөдөлмөрч ард түмэн. Тэр ч утгаараа бэлтгэл сур­гуу­лилтыг маш сайн хийдэг байх. Бас нэгдмэл байдал амжилт гаргахад нөлөөлж байгаа нь тодорхой?

-Манай нутгийн зөвхөн бөхчүүд гэлтгүй нутгийн зон олны нэгэн томоохон онцлог бол хөдөлмөрч зан чанар. Өвөг дээдсээсээ өв­лөг­дөж ирсэн зан болохоор яс маханд минь ч шингэсэн байдаг.

Тууштай зангаас гадна өвөг дээдэс, өөрөөс ахмад хүнийг хүндэлдэг уламжлал нүүдэлчин ард түмэнд бий. Залуу үеийн төлөөллүүд бие биенээ хүндэтгэж, тусалж харьцдагт баярлаж явдаг. Энэ сайхан нэгдмэл чанарууд амжилт гарахад нөлөөлж байгаа нь ойлгомжтой.

-Үндэсний бөхийн спор­тоос гадна их спортод ам­жилт гаргаж яваа цөөнгүй тамирчид бий. Тэр дундаа аймгийн арслан Б.Серик. Жүдо бөхийн -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр авар­гын араас гарч ирж байна?

-Тэгэлгүй яахав. Их спортод хамгийн амжилттай яваа нь аймгийн арслан Серик. Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэм­цээн­ээр Н.Түвшинбаяр авар­­­гатай алтын төлөө барилдсан. Сая­хан АНУ-ын Майами хот­ноо болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон.

-Жүдо бөхийн спорт сонирхогчид түүнийг 2020 оны Токиогийн олимпод амжилт гаргана гэж итгэж, хүлээж байгаа?

-2016 оны Риогийн олимпод ч гэсэн орох бололцоо бий гэдэгт итгэж байгаа.

-Уучлаарай. Тэгэлгүй яах вэ. Н.Түвшинбаяр авар­га өрсөлдөх магадлал өндөр байгаа учраас л тэгээд асуучихлаа?

-Тийм ээ. Түвшинбаяр аварга ясны сайн бөх. 2016 онд ч гэсэн амжилт үзүүлэх болов уу. Түрүүлдэггүй юм гэхэд түрүүлэх өрсөлдөөнд зогсож байхыг үгүйсгэхгүй. Аваргын дараа үе нь Серик юм болов уу гэж боддог. 2016 оны олимпод өрсөлдөхгүй байсан ч тэр залуу тамир­чин.

Түүнээс цаашлаад хэд хэдэн дэлхийн аварга, олим­под өрсөлдөх нөөц бий. Өнгөрсөн жилүүдэд олон улсын хэд хэдэн томоохон тэмцээн, залуучуудын самбо бөхийн дэлхийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролц­сон.

Амжилтын эхлэлээ тавиад явж байгаа өсөх ирээдүйтэй тамирчин гэж итгэж, харж явдаг юм. Баян-Өлгий аймгаас олимп, дэлхийн аварга төрнө гэдэгт итгэлтэй явдаг.

-Спортод амжилт үзүү­лэхэд ар тал хамгийн чухал гэдэг дээ?

-Хичээл зүтгэлээс гадна ар гэрээ авч явах санхүү­гийн асуудал хамгийн чу­хал. Миний хувьд өөрийн гэсэн тодорхой бизнестэй. Тийм болохоор нутгийн бөхчүүддээ сар бүр тогтмол хэмжээний цалин олгодог.

Бөхчүүддээ ихээхэн дэм үзүүлж чадахгүй ч гэсэн ар гэрт нь тус дэм болох боловуу гэж боддог юм. Мөн бөхчүүдээ гэсэн сэтгэлтэй аймгийн ЗДТГ, МҮБХ-ны нутгийн зөвлөл, бөхөө гэсэн сэтгэлтэй зон олондоо талархаж явдаг.

-Улсын цолд хамгийн ойр ямар бөхчүүд байна?

-Баян-Өлгийн нутгийн бөхчүүд бусад дэвжээгээ бодвол залуу хамт олон. Тэр дундаа залуу үеийн төлөөллөө дэмжиж улсын цолтой бөх түрүүлэх нь гол зорилго болоод байгаа.

Дэвжээний багш удирдлага, одоогоор хичээллэж байгаа бөхчүүд ер нь хамгийн залуудаа орох байх. Манайд улсын цолд ойрхон хэд хэдэн бөх байна. Аймгийн арслан Баатарцол, Еркебулан, Се­рик, Аманбек, Мустафа нарын бөхчүүдийг онцолж болох юм.

-Үндэсний бөхийн спор­тод амжилт гаргахын тулд их спорт чухал гэдгийг дасгал­жуулагч нар ярьдаг. Баян-Өлгийнхөн бөхчүүдээ их спортоор хичээллүүлэх боломж хэр их байна?

-Бодол бий. Бололцоо ч байгаа. Одоогоор бөхчүүдээ дэмжиж тусалж яваа нут­гийн удирдлага болон за­луучууд бий. Дэмжиж тус­лах байгууллага хувь хүмүүс илүү нэгдэлтэй ажил­лаж чадвал их спор­тын заал танхим манай залуу­чуудын очдог гол газар болох боломжтой.

-Таныг бөх сонирхогчид бөхийн спортод элэгтэй гэдгээр нь сайн танина. Харин уяач болсон тань сонирхол татаж байна?

-Бид нүүдэлчин ард түмэн. Монгол, Казах хүн бүр л хурдан буянд дуртай. Миний хувьд ч ялгаагүй. Бас л эцэг эхийн хүмүүжил юм даа. Зуны амралт бо­лохоор хөдөө явуулна.

Морь малтай ойр өсгөхөд нөлөөлсөн хүмүүс. Хурдан буян унаж ч явлаа. Гэвч удалгүй мориндоо хүндэдсэн хүн дээ би. /Инээв/ Ингэж л моринд дуртай болсон түүхтэй. Уяач болоод нэг их удаагүй л явна.

-2010 оны нутгийн ойн баяр наадмаар таны уя­сан хүлэг түмний эхээр тодорсон гэсэн?

-Уяачийн эрдэм мэдлэгт суралцаад удаагүй байсан үе. Баян-Өлгий аймгийн 70 жилийн ой тэр үед болсон юм. Сүхбаатар аймгаас адуу малаа аваад аймгийнхаа ойд оролцож байлаа. Эр хүн наадамд гурван даваа, найранд гурван дуутай гэж үг байдаг.

Түүний адил барилдахгүй ч гэсэн хур­дан буянаа сойж уралдах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл сонин тохиолдол болж хамгийн эхний насанд шарга хязаалан маань тү­рүүл­­чихдэг юм байна. 101 дугаартай гарч хол тасархай түрүүлж билээ. Үүнээс урамшиж эргэлт буцалтгүй морь уях эрдэм мэдлэгт суралцаад явж байна.

-Уяаны эрдэм мэдлэгийг зааж сургасан эрхэм тань хэн бэ?

-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын айм­гийн алдарт уяач Энх­тайванаас хурдан буяныг уях, тордох ухаанд сурал­цаж эхэлсэн. Хамгийн давуу тал буюу хөдөлмөрч зан нь надад байсан нь богино хугацаанд суралцахад нө­лөөлсөн байх. Адуу мал­тайгаа ойр байж жинхэнэ монгол хүн, монгол үнэр гэж юу байдгийг суралцсаар л явна.

Мөн адуу малтай ойр байх нь хүнийг их зөөл­лөж, ухааруулдгийг ойл­гоод л явж байна.

-Хурдан буян сойх ажилд ороод удаагүй ч гэ­сэн ам­жилт гаргаж эхэл­жээ. Бүс, аймгийн чанар­­тай тэм­­цээн урал­дааны 30-аад айраг, түрүү гэдэг чам­лахааргүй ам­жилт шүү?

-Таван жилийн хуга­цаанд аймаг, бүсийн чанар­тай 30-аад айраг, түрүү хүртжээ. Хамгийн сүүлд манай нутагт Эр.Жанибек баатрын 300 жилийн ойн уралдаанд хурдан буянаа сойж их насны түрүү, аман хүзүүг авсан.

Улсын баяр наадмаар уясан хүлгүүд минь 20-35 байрт хурдалсан.Өсч яваа залуу уяач надад сурах зүйл их байна. Ямар ч байсан улсын баяр наадмаар уясан хүлэг минь түмний эх болоод хөдөлмөрөө үнэ­лүүлэх цаг ойрхон бий гэдэгт эргэлздэггүй.

-Дундговь аймгийн тө­вийн бүсийн даншиг наа­дамд наадсан гэсэн?

Тийм ээ. Соёолон морь зургаагаар давхиж өнгөтэй сайхан наадсан. Мөн Сүрэн­хор агсны нэрэмжит наа­дамд Соёолон түрүүлж, жи­лээс жилд уяаны эрдэмд су­ралцаад явж байна. /Инээв/

-Та 2012 онд Аймгийн алдарт уяач болсон. Уяа­чийн эрдэм мэдлэгт су­рал­цаад удаагүй ч амжилт ойрхон ирж байгаа юм байна. Энэ нь таны хөдөл­мөрч зантай салшгүй хол­боотой байх л даа?

-Адуу малтайгаа, хур­дан буянтайгаа ойр байх нь хийморио сэргээж, сайн сайхан явахад минь нө­лөөлдөг юм болов уу гэж боддог. Би хэдий хотод төрсөн ч гэлээ багаасаа л морь малд дуртай хүүхэд байсан. Энэ зан минь одоо хэр нь хурдан буянтай холбож өгдөг нь тодорхой.

-Цол зэргийг та юу гэж ойлгодог хүн бэ?

-Би хөдөлмөрч, тууштай занг хүндэтгэж амьдралын гол мөрдлөгө болгосон хүн. Тэгэхээр хүн хөдөлмөрлөж үр шимээ хүртэж явахад цол хэргэм түүнийг дага­даг юм болов уу. Харин миний хувьд цол гуншин­гийн төлөө өдий хүртэл явсангүй ээ. Өөрийн хүсэл эрмэлзлэлийнхээ дагуу л яв­саар ирлээ. Нэг үгээр цол гэдэг бол хөдөлмөрийн үр шим юм даа.

-Тэгвэл Монгол Улсын Тод манлай уяач цол танд хэр ойрхон байгаа бол?

-/Инээв/. Ямар ч, байсан аймгийн алдарт уяачийн цолтой. Цолныхоо хэмжээнд жаахан ч гэсэн амжилттай яваа л гэж боддог. Хүн ямар нэгэн зүйлд зорилготой байж л ахиж дэвшинэ шүү дээ. Тиймээс Тод манлай гэлтгүй ядаж л Монгол Улсын манлай цол ойрхон байгаа гэж боддог.

Ер нь хүн зөв явахад бүх зүйл болно оо л гэж боддог. Цолоо байг гэхэд улсын баяр наадмаар уясан хүлэг морио айрагдуулах зорилготой л яваад байгаа.

-2013 оны улсын их баяр наадмаар хамгийн анх үрээ морь сойж байж. Тэр үедээ мөн ч их догдолж байсан байх даа?

-Анх удаагаа улсын баяр наадамд хурдан буянаа сойж байгаа нь тэр. Ер нь Монгол наадмын өглөө хамгийн сайхан шүү дээ. Ар гэрийнхэн, найзууд минь уяан дээр ирж амжилт хүсч хурдан буянуудыг минь ерөөнө.

Анхны жил улсын баяр наадамд морьдоо сойж томоохон амжилт үзүүлээгүй ч сайхан наад­саан. Харин өнгөрсөн жил зургаадугаар сарын 10-даар хүй долоон худагт гарчихаад зургаан насны морьд сой­чихсон, уяа сойлгоо таа­руулаад зогсож байлаа. Хязаалан маань 28-аар, их нас 30- аар давхиж өнгөтэй сайхан наадсан.

Монголын ард түм­ний их цэнгэл наадам долоо­дугаар сарын 9,10-н гээд эхэл­дэг бол уяачдын наадам аль эрт зургаан сар гаргаад л эхэлчихдэг. Наадмын яг өмнөх орой бол догдлоод нойр хүрэхгүй шүү дээ. Тэгээд өглөө эртхэн бо­соод уяан дээрээ очиж ёсол­чихоод зогсож байх мөн ч сайхан шүү дээ.

-Таны хувьд энэ цаг үеийн шилдэг уяачаар хэнийг нэрлэх вэ?

-Уяачдын өнгө төрхийг тодорхойлж яваа шилдэг уяачид олонбайна. Тэр дундаа Монгол Улсын Тод манлай уяач Даваахүү, Онон нарыг хүндлэн дээдэлж явдаг. Мөн алдарт шарга азаргын Эрдэнэчулуун гуай, мөн сүүлийн үед Дугараа манлай гээд сайн сайн уяа­чид байна аа байна.
Уяачид гэдэг бие биенээсээ сурал­цаж, илүү их турш­лага, ухаан хуримт­луулдаг юм шиг санагддаг.

-Монгол Улсын Тод манлай уяач Д.Онон унаач хүүхдүүдээ өсгөж, өөрийн хүүхдээс дутахгүй хайр­­лаж түүнийгээ хурдан буяны үр шимийг адил тэгш хүртэх ёстой хэмээдэг юм билээ?

-Уяач хүний хувьд Онон ахын энэ сайхан чанарыг ихэд үнэлж, хүндэтгэж явдаг юм. Ер нь мал дагавал хошуу тосдоно гэж үнэн үг л дээ. Миний хувьд ч унаач хүүхэд, тусалж дэмжиж явдаг хүмүүсийнхээ ар гэрт нь чадлынхаа хэрээр тус нэмэр болж явахыг эрхэмлэдэг.

Үүнтэй уялдан нэгэн бодол тээж явдаг. Хотоор зарим нэг залуус ажил олдохүй байна гээд сэлгүүцээд л явж байдаг. Хөдөө гараад мал дагавал сайн сайхан амьдрал байж л байгаа шүү дээ.

Хүн болгон дээд сургууль төгсөж, дарга болно гэж байхгүй л дээ. Хүн хөдөлмөрхийгээд үнэнч шударгаар амьдраад явбал Монгол эх оронд маань сайхан амьдрах бүх л нөхцөл боломж дүүрэн байна.

-Хэдийгээр та залуухан ч хийж бүтээсэн ажлыг тань чамлахааргүй юм байна.Одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?

-Өөрийнхөө хийсэн аж­лын үр шимийг эхнээс нь хүртээд амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Хойшдоо бүр илүү сайхан амьдрахын тулд илүү их хөдөлмөрлөх ёстой гэдгээ ч ойлгодог.

-Та хурдан удмын хэч­нээн адуутай вэ?

-Энд тэндээс цуглуулсан хурдан удмын долоон азарга адуутайгаас Сүх­баатар аймгийн Түвшин­ширээ суманд бий.

-Унаач хүүхэд, уяач, хурдан буян гурав ижил тэнгэртэй байж гэмээнэ магнайдаа тоосгүй нааддаг гэх юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм ээ. Санал ний­лэлгүй яах вэ. Морины эзэн, унаач хүүхэд, хурдан буян ижил дасал болж бие биеэ ойлгож байж л амжилт үзүүлдэг юм. Хамгийн гол нь унаач хүүхэд маш чухал. Монгол хүүхдүүд үнэхээр тэнгэртэй л дээ.

Мориндоо ч ижил дасал болж амжилт үзүүлэхэд томчуул бид нар гайхаж биширмээр байдаг.Миний хамгийн анхны адууг унаж байсан хүүхэд 11 дүгээр ангид сурч байна.

Одоо байгаа, урьд нь унаж байсан хүүхдүүдтэйгээ ойр­хон байхыг боддог. Ар гэрийнхэнтэй нь ойр байж сургуульд явуулж, эрдэм мэдлэгтэй болгоход нь чадлынхаа хэрээр тусалж дэмжиж явдаг. Цаашдаа ч хичээх болно.

-Нэг талаар та бөх хүн. Бас уяач. Дээр нь ар гэрээ авч явахын тулд нийгэмд үүрэг хариуцлага үүрсэн бизнесмэн хүн. Энэ их ажлыг яажшуухан амжуулж явна?

-Бөхийн спорт, хурдан буяныг би их дурлан со­нирхдог. Бө­хөөр багаасаа хи­чээллэсэн. Ха­рин өсч томроод ирэхээр нут­­гийн бөхчүүдээ дэмжиж Баян-Өлгий аймгаас улсын цолтой бөх төрүүлэх нь ми­ний гол зорилго болоод байна. Хурдан буяны ту­хайд бас л эр хүний үүрэг гэх юм уу даа, адуу малд дуртай болохоор холдож чадахааргүй болжээ.

Бизнес бол миний ар гэрээ авч явах эцэг хүний үүрэг юм даа. Тиймээс аль алиныг нь амжуулахын тө­лөө зүтгээд л явж байна.

Ж.Цэцэгмаа

Эх сурвалж: