sonin.mn

Монголын Пара­лимпийн холбоо нэг үеэ бодоход бусад спортын холбоотой эн зэрэгцэж, төр засгийн анхааралд өртөх болсон. Тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй тамирчид гадаад, до­тоодын олон уралдаан тэмцээнд оролцож, ам­жилт гаргаж байгаа билээ.

Хамгийн ойрын жишээ л гэхэд энэ сарын 18-нд Инчеон хотноо эхэлсэн паралимпийн Азийн II наадамд манай улсын баг, тамирчид гурван өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлага, хөнгөн атлетик зэрэг төрлүүдээс нэг алт, нэг мөнгө, зургаан хүрэл нийт найман медаль хүртээд байна.

Өмнөх амжилтаа эвдэж, спортын тө­рөл бүрт “Рио-2016” пара­лим­пийн эрх авах зорилго өвөр­төлсөн тамирчид маань эхнээсээ амжилт үзүүлж, медалийн бол­зол хангаж эхэлсэн нь бэлтгэл хэр сайн хан­гагдсаныг илт­гэнэ.

Өчигдөр л гэхэд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг жинд барилдсан Н.Алтанцэцэг түрүүлж, Монголын баг ахны алтан медалиа хүртлээ. Тэрбээр Энэтхэгийн бөхийг ялж, шигшээ барилдаанд Тай­ландын Нантаракыг буулгаж авснаар ийнхүү алтан медалийн болзол хангасан юм.

Мөн энэ өдөр эрэг­тэй­­чүү­дийн 90 кг жинд Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Хашцэцэг нар тус бүр хүрэл медаль хүртэж, багийнхаа медалийн тоог нэмлээ. Өмнөх өдрүүдэд нь эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү мөнгө, 66 кг жинд А.Мөнхбат хүрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Болортунгалаг мөн хүрэл медаль хүртсэн.

Түүнчлэн буудлагын эрэг­тэйчүүдийн 50 мет­рийн сонгомол гар буу­ны дасгалд спортын мастер З.Ганбаатар, бөө­рөнцөг түлхэлтийн эмэг­тэйчүүдийн F57 ангилалд Г.Цогтгэрэл нар хүрэл медал хүртээд байна.

Дашрамд дуулгахад, эл удаагийн наадмыг 61 тамирчин, 15 дасгал­жуулагч, дөрвөн албаны хүн, хоёр эмч, хоёр шүүгч зорьсон. Тэдэнд төр, зас­гаас 140 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд ирэх онд хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд зо­риулсан спор­тын ордон барьж, ашиглалтад оруу­лахаа амалсан билээ.

Харин энэхүү наад­маас хамгийн олон медалийг хүртээд байгаа жүдо бөхийн шигшээ багийг Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа нар дасгал­жуулж байгаа. Хүрэл медаль хүртсэн буудагч З.Ганбаатар “Рио-2016” паралимпид орол­­­цох эрхийг Мон­голын та­мирчдаас хам­гийн тү­рүүнд авчээ.

Пара­лимпийн Азийн II наадам өнөөдөр өндөр­лөнө.

Эх сурвалж: