sonin.mn

Азербайжан улсын Габала хотод болж байгаа буудлагын "Дэлхийн цом"-ын финалын тэмцээнд 25 метрийн спорт гар бууны дасгалд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ.

Дэлхийн шилдэг 11 мэргэн буудагч энэ дасгалд өрсөлдсөнөөс тэрээр 583 оноогоор 3-р байраар финалд шалгарч, улмаар хагас финалд 21 оноо авснаар аваргын төлөө буудах эрхтэй болсон юм. Алтан медалийн төлөөх буудлагад Германы буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Моника Каршч 7:3-аар түрүүлж, Хятадын буудагч, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга Зиан Жинзин хүрэл медаль хүртсэн юм.

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өмнө нь "Дэлхийн цом"-ын финалын тэмцээнээс 1 алт, 3 хүрэл медаль хүртэж байсан бол ийнхүү анх удаа мөнгөн медалийн эзэн боллоо.

Эх сурвалж: new.mn