sonin.mn

“Инчеон-2014” паралимпийн Азийн зуны спортын II наадам БНСУ-ын Инчеон хотноо 10 дугаар сарын 18-24-нд үргэлжлэх бөгөөд маргааш тус наадмын нээлтийн ёслол болно.

Энэхүү наадамд Монгол Улсаас спортын есөн төрлөөр 61 тамирчин, 15 дасгалжуулагч, багийн штабын ажилтан дөрөв, эмч хоёр, хэвлэлийн мэдээллийн дөрвөн ажилтан оролцоно. Мөн манай улсаас ширээний теннисний олон улсын хоёр шүүгч ажиллах юм.

Паралимпийн Азийн наадам нь 1975 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази номхон далайн орнуудын наадам нэртэйгээр явагдаж байгаад 2010 онд анх удаа Азийн паралимпийн наадам нэртэйгээр зохион байгуулжээ.

"Инчеон-2014" паралимпийн Азийн зуны спортын II наадамд 42 орны 4500 тамирчин спортын 23 төрлөөр өрсөлдөнө. Уг наадмын шилдгүүдэд “Рио-2016” паралимпийн наадмын эрх олгох юм. Манай улсаас жүдо бөх, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, суугаа волейбол, пауэрлифтинг болон хонхот бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорино.

Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ-наас Азийн паралимпийн наадамд оролцох баг тамирчдад зардал дэмжлэг үзүүлэн 140 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Засгийн газрын хүндэт зочноор Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, багийн ахлагчаар МПХ-ны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо ажиллана. Монгол Улсын багийн тугчаар хөнгөн атлетикч, АШУШҮИС-ийн оюутан Ц.Баттулга сонгожээ.

Дашрамд сонирхуулахад “Гуанжоу-2010” Азийн наадамд манай пара жүдо бөх, хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид 2 мөнгө, 3 хүрэл хүртэж байсан.

Д.Өлзий

Эх сурвалж: