sonin.mn

Узбекстаны нийслэл Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Амартүвшин алтан медалийн төлөө Узбекстаны бөх Д.Урозбоевтай барилдаж цэвэр яллаа. Д.Амартүвшин өнгөрсөн долоо хоногт Казахстаны Астанад болсон Гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртээд байсан юм.

Мөн 66 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Алтансүх Узбекстаны бөх Ришов Собировтой алтан медаль төлөө барилдаж, ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан ОУХМ А.Цолмон Румыны бөх Читу Андреед торгуулиар ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн Узбекстаны бөх Лютфиллаев Шарафуддинг, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг Италийн Москат Валентинаг юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Ташкентын Гранпри тэмцээний эхний өдөр манай жүдочид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Эх сурвалж: www.new.mn