sonin.mn

БНСУ-ын Инчон хотод үргэлжилж байгаа Азийн XVII зуны наадмын боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ын жингийн шөвгийн наймд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Өмнөд Солонгосын тамирчин Хам Сёонгтой тулалдсан.

Тоглолтын турш манай тамирчин илүү байсан ч тулааныг хянасан Их Британи, Финланд, Аргентины шүүгчид өрсөлдөгчийг нь 28:29, 28:29, 28:29 харьцаатай ялсан   хэмээн үзсэн нь өдгөө манай улс төдийгүй олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн онцлох сэдвүүдийн нэг болоод байна.

Тус тоглолтын дараа Солонгосын боксын спортын ордонд чуулсан Монгол, Энэтхэг, БНХАУ, Ираны иргэд энэхүү шийдвэрийг илт эсэргүүцэж шүүгчийн шийдвэр ямар гарсныг илтгэсэн. Мөн БНСУ-ын тамирчинд луйвардуулан хожигдож хүрэл медаль хүртсэн Энэтхэг улсын боксчин бүсгүй хүрэл медалийн тавцанд гарч медалиа авангуутаа Солонгосын тамирчны хүзүүнд зүүгээд өгчихсөн. Өөрөөр хэлбэл, чиний эрэмбэ энд байсан гэдгийг бүх нийтэд хэрүүл ам хийлгүй зарлачихлаа.

Азийн наадмыг дэлхийн мянга мянган хүн үзэж байгаа. Гэтэл гурван үеийн турш илт давуу тоглолт үзүүлсэн гавьяат тамирчин Н.Төгсцогтыг ялагдсан хэмээн зарласан нь дэндүү цагаандаа гарсан шийдвэр гэхэд буруудахгүй байх.

Тус тоглолтын дараа Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Олон улсын боксын холбоо (АIВА)-нд протест илгээж, тулааныг дахин хянаж үзэх хүсэлт тавьсан ч “Азийн наадмын боксын төрөл дэх 148 дугаар бүхий Монгол, БНСУ-ын тамирчны тэмцээний талаарх та бүхний гомдлыг бид хянаж үзлээ.

Та бүхний гомдол уг тэмцээний шүүлтийн явцтай холбоотой байна. Харин Азийн наадмыг зохион байгуулах дүрмийн 8.4-т шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэх боломжгүй гэж заасан. Тиймээс таны гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдье” гэсэн хариу өгчээ.

Ийнхүү олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт Азийн наадмын рингийг орхисон. Ялсан мөртлөө ялагдсан юм шиг рингээ орхих тамирчин хүнд ямар сэтгэгдэл төрүүлэх вэ. Тамирчныг медалийн тавцан дээр гарахад төлөөлөн оролцож буй улсынх нь нэрийг зарлаж, төрийн дууллыг нь эгшиглүүлдэг.

Тиймээс энэ удаагийн үйлдэл Монгол Улсын иргэн Н.Төгсцогтыг бус Монгол Улсыг үл ойшоосон шийдвэр гэж ойлгож болохоор байна. Ялангуяа Н.Төгсцогтын тоглолтыг шүүсэн шүүгчид урьдаас төлөвлөсөн мэт онооны тэмдэглэгээн дээр тус бүр анхаарлын тэмдэг тавьж онцолсныг Олон улсын боксын холбоо юу гэж тайлбарлах бол.

Н.Төгсцогтын тулааны өмнөх өдөр рингэн дээр гарсан олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбатын тоглолтын дүн ч эргэлзээтэй гарсан. Б.Түвшинбаттай тулалдсан Казахстаны боксчин илт бултаад цохилт нь орохгүй байхад мөн л нөгөө талд ялалт өгсөн. Энэ мэт эргэлзээтэй зүйлүүд бусад спортын төрлүүдэд хүртэл ажиглагдахад монголчууд дуугүй л өнгөрсөн.

Гэтэл өчигдөр өглөө БНСУ-ын Элчин сайдын яам Монгол Улсад суугаа иргэддээ хандан анхааруулга өгсөн нь таагүй сэтгэгдэл төрүүлсэн юм. Анхааруулгадаа хотын гудамжаар сэлгүүцэхгүй байх, олон хүн цугладаг бар, ресторан гэх мэт үйлчилгээний газруудаар явахгүй байхыг Улаанбаатарт байгаа солонгосчуудад сануулсан байх юм.

Н.Төгсцогтын тоглолтын дараа спортын ордонд суусан монголчууд дургүйцлээ буруу байдлаар илэрхийлсэн ч ёс журамтай, ах захаа хүндэлдэг, юмны учир утгыг ойлгодог учраас хэн нэгнийг дээрэлхэж бүдүүлэг үйлдэл гаргахгүй. Гэтэл ийнхүү өрөөс бодоогүй зүйлийн талаар урьдчилан сэтгэж, сэрэмжлүүлж байгаа нь олон монгол хүний эгдүүцэл, сонирхлыг татлаа.

Инчон хотод болж байгаа Азийн спортын наадмын үөэр Монголын эмэгтэй жүдочдын хоолны саванд хэрэглэж бохирдуулсан эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл зориуд хийсэн.

Мөн Монголын сагсчид Хонконгийн багтай тоглох үөэр Инчоны наадмын албан ёсны сайтад, "Мongolia-Chine took on Hong Kong Chine" гэж бичсэн. Энэ нь Хятадын Монгол Хонконгийн багтай тоглож байна гэсэн утга илэрхийлсэн. Мөн тэмцээний үөэр Монголын төрийн далбааг буруу харуулж мандуулсан зэрэг зохион байгуулагчдын зүгээс гаргасан алдаа дутагдлыг тоочиж болно.

Гэхдээ монголчууд цэлгэр уудам тал шигээ сэтгэлтэй учраас элдэв үйлдэл хийсэнгүй. Харин ч хэн нэгэнд буруу өгч дайралгүй медаль авах рингээсээ харамсалтайгаар буусан тамирчиндаа урам хайрлаж, дэмжсэн юм.

Үүнийх нь хариуд Н.Төгсцогт “Намайг хамгаалж, урам зориг өгч хамт байсан бүх хүнд үнэхээр их баярлалаа. Монголчууд маань ямар сайхан юм бэ" хэмээн твиттерт жиргэжээ.

Жиргээчид юу хэлэв...

Д.Дагвадорж: Муу тэнэг кимчи
-“Инчоны Азийн наадам. Гуравдугаар раундад Монголын тамирчин илүүрхэж байхад Солонгосын тамирчинд ялалт өглөө. Муу тэнэг кимчи” хэмээн япон хэлээр бичин жиргэжээ.

 

Монгол хэлээр ч гэсэн өөрийн дургүйцлээ илэрхийлж, “Солонгосыг чөтгөр аваг” хэмээн бичсэн байна.


П.Сэрдамба: Шүүгчийн буруугаас ялагдал хүлээлээ
-Манай тамирчин гурван үө илүү тоглосон боловч шүүгчийн буруугаас ялагдал хүлээлээ.

 

Маш харамсалтай байна. Азийн наадмын аварга болно гэж зорьсон юмсан.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: