sonin.mn

БНСУ-ын Инчеон хотноо болж буй Азийн XVII наадмын шилдэг гурван сагсчны нэгээр манай улсын шигшээ багийн тоглогч Т.Санчир тодров.

Тэрбээр хамгийн өндөр оноо авсан тамирчдын тоонд багтаж, шилдэг довтлогчоор шалгарч, бүхий л тоглолтын турш өөрийн багтаа ихэнх оноог авчирчээ. Түүнийг эсрэг багийн тоглогчид тоглолтын турш байнга дагаж, хоёр гурваараа хамгаалалт тавьж байсан бөгөөд тоглолтын дундаж оноо 21.4 байгаа юм.  Т.Санчирын довтолгоог зогсоохын тулд өрсөлдөгчид нь нийт 34 удаа алдаа гаргажээ.

Тэрбээр 1989 онд төрсөн, Нийслэлийн 40 дүгээр дунд сургуулийг төгсчээ. Энэ хугацаанд сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглон, олон тэмцээн уралдаанаас медаль хүртэж байв. Анх 2007 онд "Таван толгой транс" компанийн "Ёлууд" багт тоглож байгаад, 2009 оноос улсын шигшээ багт тоглох болов.

Т.Санчир хоёр жил дараалан "Үндэсний супер лиг"-ийн онооны лидерээр тодорсон. 2011 онд ХҮДС-ийг Олон улсын худалдааны менежмент мэргэжлээр төгссөн, өдгөө "Төрийн банк"-нд ажилладаг.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг