Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, спортын мастер Д.Даваахүү агсны нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын бэлтгэлийн төвийн зааланд эхэллээ. Уг тэмцээнд 19 хүртэлх насны залуусаас бүрдсэн нийт 25 багийн 300 гаруй тамирчин оролцож байна. Эрэгтэйчүүдийн 19, эмэгтэйчүүдийн зургаан баг оролцож буй тус тэмцээнд Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар, Булган, Баянхонгор аймгийн тамирчид оролцож байгаа юм. Энэ сарын 27-нд өндөрлөх тус тэмцээний
Эрэгтэйчүүдийн ангилалд:
-“А” хэсэгт Эрдэнэт дрийлинг Rigs баг “Од-Баянцэгц” багтай, Сэлэнгэ баг “Ирээдүй”-тэй,
-“В” хэсэгт “MBM Шонхрууд” ШУТИС-тай, ОТИС-ийн “Magic ball” багтай
-“С” хэсэгт “52 дугаар сургууль”, “Хасын хүлэгүүд”-тэй, “Булган”-ны баг “U-15”-багтай
-“D” хэсэгт ХААИС, “TLG-13”-багтай, Хэнтийн “Золбоо” баг Хөвсгөлийн багтай.
-“А” хэсэгт Багануурын баг “Од-Баянцэгц” багтай Эрдэнэт дрийлинг Rigs баг Сэлэнгийн багтай,
-“В” хэсэгт Сүхбаатарын баг ШУТИС-ийн багтай, МВМ Шонхрууд баг ОТИС-ийн багтай тус тус тоглолоо.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд:
“А” хэсэгт 52 дугаар сургуулийн баг ШУТИС-ийн багтай тоглосон бол “В” хэсэгт Баянхонгор аймгийн баг ХААИС-ийн багтай учраа таарлаа.
Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр 14 тоглолт явагдсан бөгөөд өнөө, маргааш хэсгийн тоглолтууд үргэлжилж 25, 26-нд хасагдах тоглолтууд өрнөж, баасан гарагт тэмцээний ялагч баг тодорч, шагналаа гардах юм байна.
Эмэгтэй, эрэгтэй ангилалд нэгдүгээр байрт орсон баг 1.2 сая төгрөгийг алтан медалийн хамт хүртэх бол дэд байрт шалгарсан баг сая төгрөг мөнгөн медалийн хамт хүртэх ажээ. Гуравдугаар байрт орсон багийг 800 мянган төгрөг, хүрэл медалиар шагнах аж.
Тэмцээнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Д.Даваахүү агсны гэр бүл хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээний талаар ерөнхий шүүгч Р.Цэвэгмэд “Энэ удаагийн тэмцээний онцлог бол 19 хүртэлх насны тамирчдын дунд болж байгаа. Тэмцээнээс шалгарсан баг болон шилдэг тоглогчдыг холбооны зүгээс шалгаруулж, Монгол Улсыг Олон улсад төлөөлөх чадварлаг залуучуудын Үндэсний шигшээ багийг байгуулах зорилготой.
Ийнхүү шигшээ баг байгуулагдсанаар дараа дараагийн тив дэлхийн тэмцээнүүдэд оролцох боломжтой болно. Өмнөх жилийнхийг бодвол оролцогчдын цар хүрээ, ур чадвар нэмэгдсэн байна” гэлээ.
Дашрамд дуулгахад, уг тэмцээнийг Доржпаламын Даваахүү агсны нэрэмжит болгон зохион байгуулж, гэр бүлийнхэн нь ивээн тэтгэдэг болжээ. Тэрээр 18 наснаасаа улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, холын шидэлтээрээ алдаршсан, Монголын сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн байсан юм. Д.Даваахүү мастер бага залуу наснаасаа өөрийгөө таниулж, МУИС-д оюутан байхдаа хэзээ ч дийлдэггүй байсан “Алдар” нийгэмлэгийн багийг хожин, улсын аварга болж, шуугиан тарьж байжээ.
Тиймээс Монголын сагсан бөмбөгийн спортод эргэлт хийж чадсан үнэтэй хувь нэмрийг хүндэтгэн түүний нэрэмжит УАШТ-нийг зохион байгуулж байхаар болжээ.
М.Уянга
Эх сурвалж:
Сэтгэгдэл0