sonin.mn

Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо болсон чөлөөт бөхийн 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид өчигдөр мэдээлэл хийв.

Тэмцээнд манай шигшээ багийн эмэгтэй тамирчид нэг алт, нэг хүрэл медаль хүртэж багийн амжилтаараа шилдэг зургаад шалгаран ирэх жил Дэлхийн цомын тэмцээнд оролцох болзол хангасан юм. Энэ жил Үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагчид тамирчдынхаа давуу талыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажилласан байна.

Манай чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид алтан медаль хүртэх, багийн амжилтаар эхний гурван байрт шалгарах, жигд өрсөлдөөн үзүүлэх гэсэн гурван зорилготой Ташкентыг зорьжээ. Хэдийгээр зорилгоо бүрэн биелүүлж чадаагүй ч олон жил хүлээсэн алтан медалийг эх орондоо авчирсандаа багш дасгалжуулагчид баяртай байгаагаа хэлж байв.

Дашрамд дурдахад, энэ жил FILA буюу Дэлхийн чөлөөт бөхийн холбоо нэрээ сольж UWW болжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнарантай цөөн хором ярилцлаа.

-Хүрэл медалийн төлөө барилдахад юу бодогдож байв. Беларусийн бөхтэй барилдахдаа нэлээд хүнд бэртэл авчээ?
-Хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн бөхтэй учраа таарсан. Өрсөлдөгч бөхөө ядрааж хожих тактик хэрэглэсэн. Харин өрсөлдөгч маань барилдахаасаа илүү зодолдох шинжтэй байсан. Хүрэл медаль хүртсэндээ сэтгэл хангалуун байна.

-Та дэвжээн дээр гарахдаа юуг эрхэмлэдэг вэ?
-Тамирчин хүн дэвжээн дээр шударга барилдах ёстой гэсэн дүрмийг мөрддөг.

-Сэтгэлийн бөхөөр зуун хүнийг ялдаг гэсэн үг байдаг. Сайн бөх болоход ухаан, бяр хоёрын аль нь чухал юм бол?
-Бөх хүн бяртай ч ухаангүй бол сайн тамирчин болохгүй. Ер нь ухаантай хүнтэй барилдах хэцүү байдаг.

-Дэлхийн аваргын хүрэл медальт Г.Мандахнараны зорилго юу юм бол?
-Спортын амжилт бол дан ганц тамирчин хүний зорилгоор илэрхийлэгддэггүй. Бидний арын албанд хүчин зүтгэж буй хүн бүрийн хичээл зүтгэлийн үр шим байдаг. Намайг дэмждэг Монголын чөлөөт бөхийн холбоо, "Алдар" спорт хорооны хамт олонд баярлалаа.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: