sonin.mn

ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн 2014 оны багийн ДАШТ-ээс Монголын эмэгтэй жүдочид мөнгөн медаль хүртэж дэлхийд хүчтэй шилдэг жүдочидтой гэдгээ нотлон харууллаа.

Манай эмэгтэй багийн алтан медалийн төлөөх барилдаанд М.Бундмаа (52 кг), Д.Сумъяа (57 кг, Б.Мөнгөнчимэг (63 кг), Ц.Наранжаргал (70 кг), Б.Мөнхтуяа (78) нар хүч үзсэн юм. 2014 оны ДАШТ-ий багийн аваргын төлөөх барилдаан Монгол-Францын жүдочдын хооронд тун ч ширүүн болж 3:2 гэсэн онооны харьцаагаар Францын баг алтан медалийн эздээр тодорлоо. Харин Монголын эмэгтэй баг "Бээжин-2007" буюу дөрөв дэх удаагийн багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж 10 дахь удаагийн "Челябинск-2014" тэмцээнээс мөнгөн медаль хүртэж чадлаа.

Эмэгтэй багийн хувьд Казахстан, Куба улсын багийг ялж, мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Дэлхийн аваргын мөнгөн медалийн төлөө Польшийн багтай барилдаж, ялалт байгуулснаар финалд шалгарлаа. Эмэгтэйчүүдийн шигшээ барилдаанд Монгол, Францын багууд шалгараад байна. Францын бүсгүйчүүдийн хувьд энэхүү дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн Японы багийг ялж, финалд шалгарсан юм. Францын эмэгтэй баг энэхүү дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Эмэгтэй жүдочдын хүрэл медалийн төлөө Япон-ОХУ, Герман-Польшийн багууд барилдахаар шалгарсан бөгөөд Япон, Германы эмэгтэй жүдочид тус тус 3:2 гэсэн онооны харьцаагаар ялж хүрэл медалийн эзэд боллоо.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг