sonin.mn

ОХУ-ын Челябинск хотын "Трактор Арена" спортын ордонд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд гурав хонож байна. Тэмцээний салхийг хагалж эхний өдөр 60 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн барилдсан олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар алтан медалийн эзэн болж монгол түмнээ баярлууллаа.

Тэрбээр мөнгөн медалийн төлөө Гүржийн бөх Амиран Папинашвилийг 2:3-аар илүүрхэж ялсан. Алтан медалийн төлөө энэ жилийн Европын аварга, 2012 оны дэлхийн аварга, ОХУ-ын хошой аварга Кабардино-Балкарийн БНУ-ын жүдоч Беслан Мудрановтай барилдаж торгуулийн нэг онооны илүүгээр ялсан юм.

Хэдийгээр ОХУ-д тэмцээн болсон ч Монголын хөгжөөн дэмжигчид Оросын дэмжигчдээс ч олон байж сэтгэл зүрхээрээ тамирчнаа дэмжсэн юм. Тэрбээр "Хангарьд" спорт клубын тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин билээ.

Жүдогийн татамид арав гаруй жил зодоглосон Г.Болдбаатарын барилдааныг дэлхийн аваргаас медаль хүртэх цаг нь болсон, хөдөлмөрийнхөө үнэлэмжийг хүртлээ хэмээн ард түмэн маань сэтгэл догдлон үзэж хамтдаа баярлацгаасан юм. Ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Г.Болдбаатарын ээж Ц.Түмэннасттай утсаар холбогдож дараах ярилцлагыг авлаа.

-Сайн байна уу. Таны хүү Г.Болдбаатар жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ. Танд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Хүү тань 14 жил уйгагүй хичээллэсний үр дүнд дэлхийн аварга болж ард түмнээ баярлууллаа. Олон жилийн хөдөлмөрийнхөө шимийг хүртлээ шүү дээ?
-Хөдөлмөр хүнийг үнэлдэг гэдэг үгийн биелэл боллоо. Миний хүү жүдогоор арав гаруй жил хичээллэсэн. Энэ хугацаанд олон тэмцээнд оролцож Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтлаа. Хүүгээрээ бахархаж, хүүдээ баярлаж байна.

-Хүүгээ алтан медалийн төлөөх барилдаанд ялах мөчид танд юу бодогдож байв?
-Эгч нь хүүгийнхээ барилдааныг харахаар сэтгэл хөдлөөд бас сандраад байдаг юм. Яг шийдвэрлэх мөчид нь харж чадахгүй гэрийн гадуурх ажил хийхээр гараад явчихдаг зуршилтай.

Энэ удаад ч мөн ялгаагүй алтан медалийн төлөөх барилдааныг нь харж чадалгүй гэрийнхээ арын хайрхандаа залбираад зогсч байтал гэр дотроос дуудлаа.  Гэрт ортол "Болдоо алт авлаа" гээд ах дүү нар бөөн баяр болж байв. Би ч баярын нулимс унагасан даа.

-Г.Болдбаатарын барилдааныг ах дүү нар нь цуглаж үзсэн үү?
-Тэгсэн. Хоёр талын ах дүү нар манайд цуглараад барилдааныг нь үзсэн. Одоо технологи хөгжөөд гадаад, дотоодод болж буй тэмцээнийг цаг алдалгүй шууд дамжуулдаг болжээ.

Бид хүүтэйгээ хамт баярлаж, нулимс дуслуулж байлаа. "Дэлхийн аваргыг төрүүлжээ" гээд эгч рүү нь шөнөжингөө ах дүү, нутаг усны хүмүүс залгаж баяр хүргээд унтуулаагүй шүү. /инээв/

-Хүүтэйгээ утсаар ярьж амжсан уу?
-Тэгэлгүй яахав, хүү минь ялчихаад шууд над руу залгасан. Тэгээд "Ээж ээ, би дэлхийн аварга боллоо. Яг одоо алтан медаль авах гэж байна" гэсэн. Би "Миний хүү сайн байна" гэж хэлсэн. Медаль авахыг нь зурагтаар хараад хүүгээрээ ямар их бахархсаныг хэлэхийн аргагүй.

-Хүүгээ тэмцээнд оролцох бүрт нутгийн уул усандаа залбирдаг уу?
-Манайх Булган аймгийн Хангал сумын уугуул. Нутгийнхаа уулыг тахьдаг заншилтай. Айхавтар шашин шүтлэггүй ч хүүгийнхээ төлөө цай сүүнийхээ дээжийг өргөдөг.

- Г.Болдбаатар багаасаа л барилдах сонирхолтой хүү байв уу?
-Тийм ээ. Миний хүү багын л барилддаг үе тэнгийнхэнтэйгээ ноцолдож өссөн. Багадаа гэрт ирсэн зочдын өмнө "Барилдах уу" гээд өрж зогсдог хүү байв. Цаадүүл нь өхөөрдөөд цаашлуулж барилдахаар баясаад сүйд болно. Үгүй гээд хэлбэл уйлдаг жирийн л нэг малчин айлын хүү дээ.

-Тэгэхээр хүү тань өөрийнхөө сонирхлоор жүдогийн спортыг сонгосон гэж ойлгож болох уу?
-Тэгсэн. Миний хүү зургадугаар ангид орох жилээ Эрдэнэт хот руу шилжин суралцсан юм. Бөхийн дугуйланд хичээллэх л гэж тэр шүү дээ. Миний хүүг өдий зэрэгт хүргэсэн "Хангарьд" клубийн багш дасгалжуулагч нарт баярлалаа.

-Хүний авьяас. сонирхол удам дагадаг. Танай удамд бөх хүн бий юү?
-Монгол хүн бүр л бөхийн удамтай байдаг гэдэг. Эгчийнх нь удамд бяр чадалтай, барилддаг хүн олон бий. Миний аав сумын заан хүн байсан. Манай нөхөр Дэмчигийн Ганбат гэж хүн бий.

Залуудаа чөлөөт бөхөөр хичээллэж улсын аваргын тэмцээнээс медаль хүртэж байсан. "Тухайн үөд манай улсад жүдо бөхийн төрөл сайн хөгжөөгүй учраас чөлөөт бөхийг сонгосон" гэж нөхөр маань ярьдаг юм.

-Г.Болдбаатар айлын хэд дэх хүүхэд вэ?
-Манайх гурван хүүхэдтэй. Болдоо манай дунд хүүхэд. Ууган нь охин, бага маань Цэргийн сургууль төгссөн хүү бий.

-Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь "Миний хүү медаль хүртэх байх" гэсэн бодол төрсөн үү?
-Хүү минь тэмцээнд оролцохоор гадаад руу их явдаг. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явахад нь ерөнхийдөө медаль авна гэсэн зөн байсан. Тэр нь ч биелж миний хүүгийн минь хүсэл мөрөөдөл биелэлээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: