sonin.mn
БНХАУ-ын Наньжин хотноо энэ сарын 16-нд эхэлсэн “Наньжин-2014” залуучуудын II олимпийн наадам маргааш хаалтаа хийнэ. 11 өдрийн дараах байдлаар манай дөрвөн тамирчин тодорхой амжилтад хүрч чадалгүй тэмцээнээ дуусгасан юм.
 
Харин өчигдөр уг наадмыг отголж буй чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд зодоглосон Налайх дүүргийн тамирчин Болормаагийн Дөлгөөн одтой барилдаж мөнгөн медалийн тавцанд гарав.
 
Тэрээр эхний тойрогт Беларусийн Ина Ройкийг 10:0-ээр илт давуу ялж, удаах даваанд Алжир, Венесуэлийн бөхийг хүч давамгайлан сөхрүүлснээр алтан медалийн төлөө барилдах эрхийг авсан. Венесуэлийн бөхөд нэг онооны дутуу явах үедээ 3.38 минутад учраагаа далаар нь цэвэр дарж финалд шалгарсан юм.
 
Алтан медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд БНАСАУ-ын тамирчин Ким Сүн Хян манай бөхтэй хоёр үе барилдахад 9:5-ийн харьцаагаар илүүрхэж жиндээ тэргүүлэв.
 
Ингэснээр Б.Дөл­гөөн залуучуудын олим­пийн наадмаас ме­даль авсан Монголын гурав дахь тамирчин боллоо. Дашрамд дурдахад, түүний багш н.Мөнхбаярын шавь ОУХМ Б.Батцэцэг дөрвөн жилийн өмнө Сингапур улсад болсон залуучуудын олимпийн анхдугаар наадмаас алтан медаль авч байсан юм.   
 
Д.Жавхлан 
 
Эх сурвалж: