sonin.mn
Хүүхэд өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх зорилготой “Эх орон-36” хөтөлбөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд энэ сарын 20-25-ны өдрүүдэд хаалтын ажиллагаагаа хийлээ.
 
Энэхүү хөтөлбөрийг Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дах Ардчилсан намын бүлгийн дэд дарга, “Иргэн та-Баялаг” сангийн тэргүүн С.Одонтуяа нар санаачилсан юм.
 
Тус хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улсын хэмжээнд 10 мянга гаруй хүүхэд хамарсан нь өмнөх жилээс даруй хоёр дахин нэмэгджээ.
 
Энэ удаагийн зуслан цугларалтыг ХАХНХЯ ,БХЯ ,ХТҮГ , Олон улсын хүүхдийн Найрамдал төв, Зэвсэгт хүчний 311-р анги зэрэг байгууллага хамтран зохион байгуулав.
 
Цугларалтад Архангай, Булган, Завхан, Дорнод, Дундговь, Төв аймаг, нийслэлийн Баянгол, Сонгино-хайрхан, Чингэлтэй дүүргийн хүүхэд багш нар, зохион байгуулагчид зэрэг 580 гаруй хүн оролцлоо.
 
Энэ удаагийн зуслан цугларалтаа “Энхийн өсвөрийн элч -2014” нэртэйгээр зохион байгуулсан бөгөөд тус цугларалтад оролцогчид 3 хоногийн турш Олон улсын хүүхдийн Найрамдал төвд сургагч багш нарын хамт Марш тактикийн тэмцээнд бэлтгэж Зэвсэгт хүчний 311-р ангид очин анх удаагаа “Энхийн өсвөрийн элч -2014” марш тактикийн тэмцээнд оролцов.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг