sonin.mn
Энэ жилийн наадмын сүүлч саяхан болж хурдан морьд, хүчит бөхчүүдийн хөлс гүйцэд хатаж амжаагүй байгаа. Иймд  наадмын тухай ярихад хожимдоогүй гэж бодогдоно. Нэг жилийн наадмын тухай яриа хойтонгийн наадам хүртэл яригддаг гэдэг шүү дээ.
 
Намсрайжавын Батсуурь тун сайхан барилдаж түрүүлэн улсын арслан боллоо. Завханы Ш.Жаргалсайхан ёстой л од нь гийж гарьд цолд хүрлээ. Тэр Оюунчимэг гэдэг харваач бүсгүй улсын наадамд гурав түрүүлж гарамгай мэргэн боллоо. Сайхан хэрэг шүү гээд л бахархмаар олон юмыг онцлон ярьцгааж байна.
 
Энэ нь наадам бүхэлдээ сайхан боллоо гэсэн үг биш юм. Үүнд тайлбар хийх нийтлэлээ “Наадамд очвол бөхийг нь битгий үзээрэй” гэсэн захиасаар эхлэе. Яагаад гэхээр Монгол бөх маань нэг л биш. Ашиг хонжоо, атаа жөтөөний талбар болчихжээ. Өнгөрсөн жил хэдэн аймгийн 90 жилийн ой болсон байдаг.
 
Тэнд барилдсан бөхчүүдийн дунд найраа, авлига дэндүү байсан тухай манай сонин “Дотоод үйлдвэрийн начин төрүүлсэн аймгийн наадмууд” гэсэн нийтлэлээ уншигчиддаа толилуулж билээ. Уг нийтлэлийн агуулга, санаа олны анхааралд нэлээд хүрч басхүү сануулга өгсөн шиг байсан.
 
Гэвч бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд үйл ажилдаа тун бага дүгнэлт хийсэн нь энэ жилийн наадмуудын бөхийн барилдаан ямар болсноор харагдав. Зуун зууны түүхэнд нандин байдлаар өвлөгдөж ирсэн монгол бөх заримын бичснээр мөхөлдөө хүрэх гэж байна биш үү.
 
Энэ жилийн улсын наадмын бөх нь гутамшигтай бүхнээр дүүрэн болсон. Хэн чаддаг нь шоудаж наадам үймүүлээд, хэн танхай нь учраа бөхдөө нударганы амт үзүүлж байлаа. Уг нь монгол бөх саяхныг болтол хамгийн нэр хүндтэй соёлын том өв гэгдэж монгол уламжлалыг хадгалж ирсэн гэж магтагддаг байв даа.
 
Гэтэл одоо тэр хадгалж ирсэн өв соёлоос нь монгол дээл, гутал хоёр л үлдэж шив. Өнөөгийн бөхчүүдийн оюун санаа ердөө л хоосорчихож. Тийм болохоор ёс жудаг гэдэг юмаа бөхчүүд уландаа гишгэж гүйцлээ.
 
Энэ жилийн улсын баяр наадмын бөхийн барилдаан сааралтах эхлэлийг зодог тайлаад хэдэн жил болсон, сая дархан аварга цол хүртсэн А.Сүхбат л тавих шиг болсон.
 
Түүнийг зүүний магнайд дэвэхэд наадамч олон дийлэнх нь хэзээ билээ зодог тайллаа гээд уйлж унжиж бөхийн торгон ногоон дэвжээгээ үнсээд одож байсныг жүжиг байж гэдгийг үл умартан баясаж харагдсан.
 
Гэтэл мань хүн гурвын даваанд нэгэн өдөр дархан аварга цол хүртсэн Г.Өсөхбаярыгаа амлаж гараад барилдалгүйгээр тахимаа өгөхөд наадамч олны урам хугарч “Өө зайлуул, ийм амьтан байж дээ” гэж дуу алдацгаасан даа. Тэр барилдахгүй болохоор барилдуулах гэж цол өглөө гэж ойлгосон шиг байна.
 
А.Сүхбатыг Г.Өсөхөөд бууж өгснөөс хойш наадмын бөх бүр заваарав. Ер нь Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол олгохдоо шударга сайхан барилдаж олныгоо цэнгүүлж яваарай гэсэн үүрэг оноосон биз. Гэтэл цолныхоо нэр хүндийг тэд  шавартай хутгачихав.
 
Зарим бөх унасандаа шаралхан учраагаа зодов. Б.Сугаржаргал мэт нь өөрийгөө хөлийн цэцээс болж уналаа гэж  андууран танхайрав. Барилдахаа мэдсэн хэрнээ бөхийн дүрэм журмаа мэддэггүй улсын цолтны тоонд улсын начин Ш.Уламбаяр, Ц.Одбаяр нар багтав.
 
Эдгээр нь төрийн наадмыг бас наадамчдыг доромжилсон хэрэг юм. Гэтэл наадам болоод сар гаруй хугацаа өнгөрөхөд тэдэнд ямар нэг хариуцлага хүлээлгээгүй байна.
 
Уг нь улсын баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын үндэсний бөхийн холбоо тэр дор нь нэр бүхий бөхчүүдэд шийтгэл хүртээх л учиртай ч наадам сайхан болсоон гэчихээд сууцгааж буй бололтой. МҮБХ-ныхон Улсын наадмын зохион байгуулах хороо мэднэ.
 
Бөхийн өргөөнд зөрчил гарсан бол манай ажил гэх биз. Удахгүй улигт допингийн хариуг мэдээлэх болоход мөн тэгж хандах байх. Зарим аймгийн энэ жилийн наадмын бөх ямар болсон тухай ярих гэхээр муу үг ч олдохгүйд хүрэх юм.
 
Хөвсгөл аймагт болсон “Хотгойдын хурд” хангайн бүсийн наадмын бөх зодоон цохиондоо хүрсэн нь барилдаан өнгөрсөн жилийнхээс шал дордсныг дахин харуулав. Улсын харцага Ц.Содномдоржид бөхийн хүрээнийхэн итгэл хүлээлгэдэг. Гэвч тэр олны хайр хүндэтгэлийг даах хүн биш юм байна л даа.
 
Тэр “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн галыг бутаргах санаагаар хэдэн бөх “тасдан авч” “Даян дээрхийн хүчтэн” нэртэй бөхийн гал байгуулж наадмын бэлтгэлд гарсан бол дараа нь аймгийнхаа наадамд гадны бөх түрүүлүүлэх гэж улайрснаас наадмын нэр хүндийг унагав.
 
Тэгснээр бөхчүүдийн хооронд нударгалцал үүссэн байна. Ер нь зарим бөхчүүд мөнгө төгрөгний авцаа өгцөөнөөс болж яахаас ч буцахгүй болж. Өмнөговь аймгийн наадам найрааг манлайлдаг уламжлалаа бас давтав. Тэр наадамд улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба нарын улсын наадмын түрүү авах эрэмбэтэй бөхчүүд найрааг улайм цайм хийж нутгийнхаа залуу бөхчүүдийг үзүүр, түрүүнд үлдээж чадав.
 
Мөн улсын цолтой сайчуул энэ наадмын тавын даваанд бушуу бушуухан өнхрөөд өгөв. Цолгүй залуучууд “Та намайг цолонд хүргэнэ гэж хэлсэндээ хүрсэнгүй. Мөнгөө буцааж авъя” гэж улсын цолтнуудыг шараа болгосон баримт ч дуулданалээ.
 
Монгол бөхийн ариун нэр төр ингэж бузартжээ. Зүүн бүсийн аймгуудын удирдах хүмүүс наадамдаа гадны бөх барилдуулахгүй шийдвэрт хүрч. Энэ нь уламжлал уу, шинэчлэл үү гэвэл аль нь ч биш юм. Санаа нь нэг талаас улсын цолтнууд наадам үймүүлдгийг болиулах гэсэн арга байх.
 
Нөгөө тал нь наадмыг улстөржүүлэх хэлбэр юм шиг. Ерөөс алив наадамд улстөрчдийн оролцоо их болсноос наадам нэр хүндгүйдэх боллоо. Морь ч гэсэндээ. Улсын наадмын морин уралдаан нөгөө алдарт, манлай цолтой хэдэн улстөрчдийн аясын юм болчихжээ.
 
Энэ жил гэхэд бүх насанд эрлийз адуу холилдон уралдаж. Баяр наадмын комиссынхон үүнийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Наадмын нээлтийг бас эргээд нэг санаарай. Шинэ юм бараг байсангүй. Олон үндэстэн, ястны бүжигчид л өнгөлөв.
 
Нээлт ямар ой тэмдэглэж байгааг ч “хэлж” чадаагүй ээ. “Харанга”-ын Лхагваа, хул морь хоёр л  Д.Сосорбарамд дахиад олдож дээ гэж. Тэгээд эцэст нь “Хонхны дуу” сонсгосон нь “наадамлах яах вэ одоо дахиад хувьсгал хэрэгтэй” гэсэн санаа байв уу. Ийм үгсийг олон түмэн ярьцгааж байна.
 
Наадмыг улс төрөөс холхон байлгамаар байна. Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нэг аятайхан үг хэлсэн нь “Наадмын морин уралдааныг манай холбооны мэдэлд өгчихөөч. Бид мэргэжлийн дагуу удирдан явуулъя” гэжээ.
 
Энэ маш зөв санаа болов уу. Үүнтэй адил МҮБХ бөхийн салбарыг нь гартаа авч болох юм биш үү. Ингэвэл адаглаад манай танай гэж хариуцлагаас мултардаг явдал үгүй болж мэдэх юм. Эцэст нь хэлэхэд наадмаа аваръя гэвэл улс төрөөс холдуулъя. Ялангуяа бөхийг...
 
 
Эх сурвалж: